Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 730 тэрбум төгрөгөөр буюу 3.7%-иар өссөн гэх эерэг үзүүлэлтийг ҮСХ-ноос танилцуулсан. Тэгвэл эдийн засгийн ерөнхий хандлагыг харуулдаг Purchasing manager index - PMI буюу “Худалдан авалтын менежерийн индекс”-ийн гуравдугаар улирлын судалгааны дүнгээс харахад Монголын эдийн засаг АГШИЖ байна.
Тодотгоход, PMI нь бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын хувьд эдийн засаг, бизнесийн төлөв байдлыг харах, үйл ажиллагаагаа удирдах, төлөвлөх, урьдчилан таамаглах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой үзүүлэлт болдог. Олон улсын туршлагаас харахад уг индексийг тооцохдоо эдийн засгийн голлох салбаруудын нөлөө бүхий 400 орчим аж ахуйн нэгжүүдийг сонгон түүвэрлэлтэд хамруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ захиалга, ажил эрхлэлт, бараа материалын нөөц, хүргэлтийн хугацаа болон бусад үзүүлэлтийн талаарх мэдээллийг судалж, эдгээр үзүүлэлт бүрээр индексийн утгыг тооцон, индексийн өөрчлөлтийг харгалзан дүгнэлт өгдөг аж.
Тэгвэл Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга 2022 оны III улиралд өмнөх улирлаас 4.5 нэгж хувиар буурч 49.4%-тай гарсан нь босго утга болох 50%-иас бага буюу эдийн засаг агшиж буйг илэрхийлж байна.
Ерөнхий индексийн утга босго утгаас бага гарахад нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацаа болон түүхий эд материалын нөөцийн индексийн утга 50%-аас бага гарсан нь голлох нөлөөг үзүүлжээ. Харин өмнөх улирлын үзүүлэлтээс муудахад шинэ захиалга, ажил эрхлэлт болон бараа материалын нөөцийн индексийн утгын бууралт голлон нөлөөлснийг Төв банкнаас хийсэн судалгаанд дурджээ.
ЕРӨНХИЙ ИНДЕКС
Уг индексийг тодорхойлдог судалгааны аргачлалыг тодотгоход, Түүвэр судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс үзүүлэлт тус бүрийн хувьд өмнөх улирлаас хэрхэн өөрчлөгдсөн талаар чанарын асуулт асууж, хариултуудыг нэгтгэх замаар тоон буюу индексийн утгад шилжүүлнэ. Индексийг үзүүлэлт тус бүрээр тооцон гаргаж салбаруудын индекс, нийлмэл индекс, нийт эдийн засгийн индексийг тооцоолоход ашигладаг аж. Уг индексийн тооцоолсон утгыг тархалтын индекс гэж нэрлэх бөгөөд PMI=50 бол бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүйг, PMI>50 бол бизнесийн үйл ажиллагааны тэлэлтийг, PMI<50 бол агшилтыг тус тус илэрхийлдэг. Энэхүү утга 50-аас холдох тусам тэлэлт эсвэл агшилт ихэснэ.
Тэгвэл Монголбанкнаас энэхүү судалгааны түүвэрлэлт хийхдээ: Үндэсний Статистикийн Хорооны бүртгэл, мэдээллийн баазад тулгуурлан аж үйлдвэр, барилга, дотоод худалдаа (бөөний болон жижиглэн) болон үйлчилгээний салбаруудаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй, эх олонлогийг төлөөлөхүйц 500 орчим ААН-үүдийг жижиг (49 хүртэл ажилтантай), дунд (50-199 хүртэл ажилтантай), том (200-с дээш ажилтантай) гэж ангилан түүвэрлэлт хийсэн бөгөөд ингэхдээ тухайн ангилалд хамаарах бүх аж ахуйн нэгжүүдээс жилийн борлуулалтын орлогоор тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг түүвэрт сонгожээ.
Санал асуулгыг 2022 оны аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд 500 аж ахуйн нэгжийн дунд явуулсан бөгөөд аж үйлдвэрийн салбарын 123, барилгын салбарын 122, дотоод худалдааны салбарын 121, үйлчилгээний салбарын 134 аж ахуйн нэгж судалгаанд хамрагджээ. Ажилчдын тоогоор жижиг ангилалд хамаарах 316 (63%), дунд 116 (23%), том 68 (14%) аж ахуйн нэгжүүд судалгаанд оролцсон байна.
Жилийн борлуулалтын орлогоор ангилан авч үзвэл 50 хүртэл сая төгрөгийн 16 (3%), 50-300 сая төгрөгийн 46 (9%), 300 саяас 1 тэрбум төгрөгийн 66 (13%), 1-2.5 тэрбум төгрөгийн 87 (17%), 2.5-с дээш тэрбум төгрөгийн орлоготой 285 (57%) аж ахуйн нэгж судалгаанд хамрагджээ. Судалгаанд 2.5 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой, 49 хүртэл ажилтантай буюу жижиг ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүд түлхүү оролцжээ.
Эхэнд хэлсэнчлэн, Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга энэ удаагийн судалгаагаар өмнөх улирлаас 4.5 нэгж хувиар буурч гарсан нь эдийн засаг агшиж буйг илэрхийлж байна.
Нийлмэл индекс: Өмнөх улиралд босго утгаас өндөр байсан түүхий эд материалын нөөцийн индексийн утга огцом буурч агших муж руу шилжжээ. Шинэ захиалга, үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн индексийн утга энэ улиралд тэлэлтийн мужид хэвээр үлдсэн хэдий ч өмнөх улиралтай харьцуулахад буурсан байна. Мөн нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацаа өмнөх улирлаас буурч агших мужид хэвээр үлджээ.
НИЙЛМЭЛ ИНДЕКС
Салбарын индекс: Эдийн засгийн ерөнхий салбарын индексийн утгыг авч үзвэл 2022 оны III улиралд аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын ерөнхий индексийн утга тэлэлтийн мужид гарсан бол барилга болон дотоод худалдааны салбарын ерөнхий индексийн утга агших мужид гарчээ. Аж үйлдвэр, дотоод худалдаа болон үйлчилгээний салбарын индексийн утга өмнөх улирлаас харгалзан 3.7, 8.6, 4.1 нэгж хувиар тус тус буурсан бол барилгын салбарын индекс 0.2 нэгж хувиар бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна.
ЕРӨНХИЙ ИНДЕКС, САЛБАРААР
САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн салбарын ерөнхий индексийг тооцдог гол үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад шинэ захиалгын индексийн утга бага зэрэг өссөн бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга буурчээ. Шинэ захиалга, үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн индексийн утга тэлэлтийн мужид, нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны индексийн утга агших мужид хэвээр үлдсэн бол бараа материалын нөөцийн индексийн утга тэлэлтийн мужаас агших муж руу шилжжээ. Аж үйлдвэрийн салбарын нэмэлт үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад дуусаагүй үйлдвэрлэл болон түүхий эд материалын үнийн индексийн утга өссөн бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга буурлаа. Бизнесийн үйл ажиллагааны төлөвийн индексийн утга тэлэлтийн мужаас агших муж руу шилжсэн бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга тэлэлтийн мужид хэвээр үлджээ.
Барилга: Барилгын салбарын ерөнхий индексийг тооцдог гол үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны индексийн утга буурсан бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга бага зэргийн өсөлттэй гарчээ. Шинэ захиалга, үйлдвэрлэл, ажил эрхлэлт болон бараа материалын нөөцийн индексийн утга агших мужид хэвээр үлдсэн бол нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны индексийн утга тэлэлтийн мужаас агших муж руу шилжжээ. Барилгын салбарын нэмэлт үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад түүхий эд материалын үнэ, борлуулалтын үйл ажиллагаа болон туслан гүйцэтгэгч ашиглалтын индексийн утга өссөн бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга буурлаа. Түүхий эд материалын үнийн индексийн утга тэлэлтийн мужид, бусад үзүүлэлтүүдийн индексийн утга агших мужид хэвээр үлджээ.
Дотоод худалдаа: Дотоод худалдааны салбарын ерөнхий индексийг тооцдог гол үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад бараа материалын нөөцийн индексийн утга өссөн бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга буурчээ. Үйлдвэрлэлийн индексийн утга тэлэлтийн мужаас агших муж руу шилжсэн бол, бусад үзүүлэлтүүдийн индексийн утга агших мужид хэвээр үлджээ.
Дотоод худалдааны салбарын нэмэлт үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад түүхий эд материалын үнэ болон худалдан авсан барааны хэмжээний индексийн утга өссөн бол хүлээгдэж буй борлуулалтын индексийн утга буурлаа. Түүхий эд, материалын үнэ болон худалдан авсан барааны хэмжээний индексийн утга тэлэлтийн мужид хэвээр үлдсэн бол хүлээгдэж буй борлуулалт тэлэлтийн мужаас агших муж руу шилжжээ.
Үйлчилгээ: үйлчилгээний салбарын ерөнхий индексийг тооцдог гол үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны индексийн утга өссөн бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга буурлаа. Үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн индексийн утга тэлэлтийн мужид, нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацаа агших мужид хэвээр үлдсэн бол шинэ захиалгын индексийн утга тэлэлтийн мужаас агших муж руу шилжлээ. Үйлчилгээний салбарын нэмэлт үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулахад түүхий эд, материалын үнэ болон дуусаагүй ажил үйлчилгээний индексийн утга өссөн бол бусад үзүүлэлтүүдийн индексийн утга буурлаа. Бизнесийн үйл ажиллагааны төлөвийн индексийн утга тэлэлтийн мужаас агших муж руу шилжсэн бол бусад үзүүлэлтүүд тэлэлтийн мужид хэвээр үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )