Globaltimes: Хятад, Монгол хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөөцтэй

2022 оны 12 сарын 01

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа хоёр талын харилцаа өндөр түвшинд байгааг тэмдэглээд, дэлхийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед  хоёр орны ард түмэнд ашигтай хоёр талын стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулахын төлөө Хятад улс Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

Хоёр улсын удирдагч есдүгээр сард Самарканд хотноо болсон  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм. Уулзалтын үеэр Ши Жиньпин ХКН-ын XX их хурал болон Хятадын шинэчлэлийн таван онцлогийг тайлбарлав. Хэлэлцээний төгсгөлд хоёр улсын Ерөнхийлөгч нар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, гааль, цөлжилтийг сааруулах зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хүрэлсүх Ши Жиньпинтэй уулзахын өмнө Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаншу нартай тус тус уулзав.

Хятадын Жэньминь их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ван Ивэй “Тогтвортой орчин нь Хятад улсын хөгжил цэцэглэлтийн үндэс болдог тул ийм төрлийн зохицуулалт нь Хятад улс Монгол Улсад ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нөхцөлд хоёр орны харилцан нөхөх эдийн засаг нь өнөөгийн сорилтуудыг даван туулахад бие биедээ тусалж чадна” гэжээ.

Талууд улс төрийн найрсаг харилцааг хамтын ажиллагааны хөшүүрэг болгон хувиргаж, хоёр орны хөгжлийн санаачилгыг хооронд нь холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтэц, дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Төрийн Зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн Евразийн нийгмийн хөгжлийн судалгааны газрын дарга Ли Юнчуань “Global Times”-т өгсөн ярилцлагадаа Хятад, Монгол хоёр бүс нутгийн үйл хэрэг, дэлхийн засаглалын талаар санал нэгтэй, ашиг сонирхолтой бөгөөд олон талт хүрээнд холбогдох сэдвээр хамтран ажиллах боломжтой гэжээ. Хэйлунжян мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Да Жиган “Улс төрийн өндөр итгэлцэл нь Хятад Монголын хамтын ажиллагааг эхлүүлж, саадгүй ажиллах үндэс суурь юм. Прагматик хэллэгээр хоёр орон ложистик, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Да  мөн тэмдэглэв.

Хятадын зах зээл, хөрөнгө, технологи нь Монголын байгалийн баялгийн давуу талыг бүрэн нөхөж байгаа бөгөөд Хятадаас дэвшүүлж буй “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их нөөц бололцоотой гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс 18 жил дараалан Монголын хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр, худалдааны түнш байсаар ирсэн. Хятадын гаалийн мэдээнээс үзвэл, нэгээс  аравдугаар сар хүртэл хоёр талын худалдаа есөн тэрбум 670 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.7 хувиар өссөн байна. Хамтарсан мэдэгдэлд хоёр талын жилийн худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэж, нүүрс, төмрийн хүдэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх зорилт тавьсан байна.

Логистик, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтран ажиллах маш том хэтийн төлөв бий гэж шинжээчид үзэж байна. Хамтарсан мэдэгдэлд мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын гүйцэтгэх үүргийг онцолж, төмөр замыг шинэчлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Хятад-Оросын байгалийн хийн хоолойг барих ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээ амлажээ. Хятад, Монгол хоёр тал мөн боловсрол, технологи, аялал жуулчлалын салбарын солилцоог гүнзгийрүүлж, шууд нислэгээ нэмэгдүүлж, гамшгийг бууруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар шийджээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top