Засгийн газар өрийн менежментийг ОНОВЧТОЙ хэрэгжүүлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байгаагаас Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум доллар буюу 24.7 хувийг эзэлж буй. 

Түүнчлэн Засгийн газар энэ оны оны 12 дугаар сард Чингис бондын 137 сая ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 536.6 сая ам.доллар болон 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өрийг төлөх хуваарьтай байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл таатай мэдээ дуулгахад, Монгол Улсын Засгийн газар Чингис бондын өрийн үлдэгдлийг бүрэн төлж дуусгажээ.  Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ковид цар тахлаас үүдэн эдийн засаг гадаад, дотоод аль аль талдаа үргэлжилсэн сорилтуудтай тулгарч, валютын орж ирэх урсгал саарсан ч Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар өрийн менежментийг  эдийн засгийн агуулгаар нь зөв зүйтэй хийж ирсэн нь 2020-2022 онд төлж барагдуулсан дараах өрийн жагсаалтаас  харагдаж буй юм. Тодруулбал:

 

2020 онд:     Мазаалай бонд $500 сая

                      Чингис бонд $200.8 сая

                      Гадаад зээл ₮691 тэрбум

                      Дотоод үнэт цаас ₮263 тэрбум

 

2021 онд:     Гэрэгэ бонд $266.9 сая

                      Гадаад зээл ₮746.7 тэрбум

                      Дотоод үнэт цаас ₮216 тэрбум

 

2022 онд:     Чингис бонд $662 сая

                      Гадаад зээл ₮532 тэрбум

                      Дотоод үнэт цаас ₮208 тэрбумын өр барагдуулжээ.

 

2020-2022 онд  нийтдээ 2.7 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлж барагдуулсан байна.

Түүнчлэн ирэх онд Гэрэгэ, Самурай бондын өрийг цаг хугацаанд нь  бүрэн төлж дуусгах боломж нөхцөл бүрдсэн талаар албаныхан хэлж буй. Тодруулбал, 2023 онд Монгол Улсын Хөгжлийн банк нь 30 тэрбум иен буюу 225 сая ам.долларын Самурай бонд болон 500 сая ам.долларын Евро бондын төлбөр  барагдуулах ёстой юм.

Сангийн сайд Б.Жавхлан сүүлд мэдээлэл өгөхдөө, Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр Самурай бондыг эргэн төлөх мөнгөн хөрөнгийг бүрдүүлж чадсан болохыг өөрөө мэдэгдсэн. Мөн тэрбээр бондын эргэн төлөлтийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж,   500.0 сая ам.долларын евро бондоос Хөгжлийн банканд оны эцэс хүртэл төлөгдөх зээлийн эргэн төлөлтөөр хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн. Бондуудыг хугацаанаас өмнө эргэн төлөх саналыг хөрөнгө оруулагчдад тавьснаар биднийг хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа, мөн бондын төлбөрөө төлөх чадвартай найдвартай түнш гэдгийг илэрхийлсэн гэсэн юм. Тэгэхээр Засгийн газрын зүгээс өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж байгаа нь эдгээр мэдээллээс ойлгогдож байна.

Тодотгоход, манай улсад энэ онд донор болон олон улсын байгууллагуудаас нийтдээ 400 гаруй сая ам.долларын санхүүжилт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд нийтдээ 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж буй.  Гадаад эдийн засгийн төлөв байдал тасралтгүй муудаж, тодорхой бус байдал сөрөг чиглэлд давамгайлж буй өнөө үед  нийт дүнгээрээ энэ хэмжээний валют дотогшлох хүлээлттэй байгаа нь сайн хэрэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top