Ерөнхийлөгчийн айлчлал ба Ерөнхийдөө бидэнд БОЛОМЖ байдаг

2022 оны 12 сарын 02

Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургаан жилийн өмнө буюу 2016 онд байгуулагдаж байв. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаас хойш хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт тогтмол өсөж, 2019 онд 600 сая ам.долларт хүрч, Япон Улс руу экспортод гарах бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээ 2016 онтой харьцуулахад 98 хувиар нэмэгджээ.

Хэдий тийм боловч Монгол Улс түншлэлийн хэлэлцээрийн бодит  үр шимийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хангалттай хэмжээнд хүртээгүй бөгөөд худалдааны балансыг аваад үзэхэд илүү алдагдал хүлээж байгаа юм.

Хоёр улсын худалдааг 100 хувь гэж авч үзвэл 4 хувь нь Монгол, 96 хувь нь Японы талд оногдож буй.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан сүүлийн мэдээллээс үзэхэд, Монгол Улс энэ оны эхний арван сард нийт 7.1 тэрбум ам.доллароор хэмжигдэх бараа бүтээгдэхүүн импортоор худалдан авсны 8 хувийг Япон Улсаас авжээ. Бүр тодруулбал, үүний 6.7 хувь  буюу 481.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 56.932 ширхэг суудлын автомашиныг тус улсаас оруулж ирсэн байна. Тэгэхээр хоёр улсын худалдаанаас манайх биш тэднийх илүү өгөөж хүртэж буй нь суудлын автомашины импортын урсгал өсөлттэй байгаатай холбоотой.  


Цаашид хоёр улсын худалдааг тэнцвэржүүлж, нийт худалдааг нэмэгдүүлэхийн тулд бид тэдний стандарт шаардлагыг хангахуйц бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд  Япон Улсын технологи, ноу-хау-г нэвтрүүлэх хэрэгтэйг МҮХАҮТ-аас тодотгож буй юм. Түүнчлэн  Монголын түүхий эдийг боловсруулж, Европ, ОХУ, БНХАУ болон бусад зах зээл рүү гаргах хамтын ажиллагааг яаж бий болгох вэ гэдэгт анхаарч буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд  Монгол-Японы Танхимын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар зорьж буйгаа О.Амартүвшин мэдэгдсэн.

Тодотгоход, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр  зохион байгуулагдсан “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт”-д оролцогчид эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс талууд тэнцвэртэй өгөөж хүртэх  асуудлыг хөнджээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргасан.

Талуудын хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт ирэх жилүүдэд хэрхэн өрнөх вэ гэдгийг Хамтарсан мэдэгдэлд дараах байдлаар тусгажээ.


ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ | Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар
 

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ. Хоёр улсын Засгийн газар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зэргээр дамжуулан уян хатан, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улам бэхжүүлэхийг зорьж ажиллана.

Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Япон зэрэг бусад гадаад улс орноос хөрөнгө оруулалт татахад ач холбогдолтой болохыг харгалзан цаашид тус нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана” гэж тусгажээ.

Тэгэхээр эндээс үзэхэд, бид хөдөө аж ахуйн “органик” бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэл болон дэлхий нийтийн хувьд эрэлт  нь улам өссөөр байгаа газрын ховор элементийн салбарт Япон Улстай ирэх жилүүдэд хамтран ажиллах боломж байна. Гол нь боломжуудыг бодит ажил хэрэг болгохын тулд бид  эхлээд дотооддоо зорилгоо оновчтой тодорхойлох, төр-хувийн хэвшлийн түншлэлээ “эрүүлжүүлэх” зэрэг цөөнгүй асуудал бий.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ass(73.37.56.46) 2022 оны 12 сарын 03

Guilga guih bolomj bol bainaa baina

0  |  0
зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 03

япончууд монголчуудад итгэхгүй болсон юм биш үү улс даяараа хуурагч нар болсон биз дээ

0  |  0
ZOCHIN(188.156.90.19) 2022 оны 12 сарын 03

HURELSUH HULGAICH BUTSAJ IREHGUIGEER ONGOTSTOIGOO DELBERCH UHEESEI.MONGOLIIN ARD TUMEND HURELGUH shig HEREGGUI HULGAICH, LUIVARCHIN,KAZINOCHIN,HUDLAA DUR ESGESEN”” HUUR”” HEREGGUIEE.

0  |  0
Top