2023 | “Цар тахал + Дайн”-аас үүдсэн хямралын шинэ давлагаа айсуй...

2022 оны 12 сарын 05

2019 оны сүүлээр БНХАУ-д бүртгэгдэж, улмаар бусад улс орнуудад тархсан ковид цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт хямралын хэд хэдэн шинж тэмдэг илэрч эхэлснийг 2020 оны гуравдугаар сар гэхэд ОУВС тэргүүтэй олон улсын байгууллагууд, эдийн засагчид, шинжээчид хүлээн зөвшөөрч эхэлж байв. Үүнээс хойших хоёр жил гаруйн хугацаанд улс орнууд ковидын тархалтыг хумихад чиглэсэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг өөр өөрсдийн боломжит хязгаарт тултал авч хэрэгжүүлсний эцэст эдийн засгаа хэрхэн яаж хэвийн түвшинд аваачих вэ гэдэг том асуудлыг шийдэх дараагийн сорилтуудтай тулгарсан.

Гэвч цар тахлаас үүдсэн “шарх” аньж амжаагүй  байхад, Орос, Украины дайн энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн нь дэлхий нийтийн хувьд шинэ шинэ асуудлуудыг нэмж дагуулсаар байна.

Түүнчлэн ковидоос үүдсэн хямралын нөлөө эдийн засагт байсаар байгаа энэ үед олон улсын түвшинд эдийн засагчид, судлаачид айсуй шинэ хямралын талаар ярьж, анхааруулсаар байгааг тодотгоё.

Хямралын талаарх ОУВС-гийн судлаачдын дүгнэлтээс эшлэхэд: Дэлхийн улс орнуудад тохиож байсан эдийн засгийн хямралуудын ихэнх  нь богино хугацаанд үргэлжилдэг ба сэргэлтүүд хүчтэй байдаг. Жирийн тохиолдолд хямрал ойролцоогоор жил гаруй  хугацаанд үргэлжилдэг бол сэргэлт ихэнхдээ тав ба түүнээс дээш жил үргэлжлэх нь элбэг. Хямралын дараах сэргэлт ЭРГЭЖ-ОЙХ нөлөөний улмаас хүчтэй байдаг. Өндөр хөгжсөн орнууд дахь хямрал, эдийн засгийн тэлэлт нь цаг хугацааны эрхээр 1980-аад оны дундаас өөрчлөгдөж,  давтамжийн хувьд багасаж, зөөлөрсөн бол эдийн засгийн тэлэлт илүү удаан хугацаагаар үргэлжилдэг болсон гэсэн байдаг.

Тэгвэл ковид цар тахлаас үүдэн 2020 онд эхэлсэн хямралын уршгаар улс орнуудын эдийн засаг хангалттай хэмжээний тогтвортой өсөлтийг үзүүлж чадахгүй байгаа. Мэдээж үүнд, түрүүн хэлсэнчлэн Орос, Украины дайн нөлөөлсөн.

Ер нь бол цар тахлыг хумих хязгаарлалтаас хамаарсан  хямралт  байдал нэг жил үргэлжлээд илааршихгүй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож, ухаарч байсан л даа. Гол нь  хямралаас тусах сөрөг нөлөөллийг хэрхэн яаж бууруулах вэ. Хэрхэн яаж нөхцөл байдалд “дасан зохицсон” маягийн бодлого барих вэ. Хямрал өшөө цаашид үргэлжлэх тохиолдолд дараа дараагийн бодлого, шийдвэрийн нөөц юу байх вэ гэдэг асуудал дэлхийн улс орон бүрийн өмнө тавигдаж буй талаар 2020 онд бичиж байв.

Түүнчлэн судлаач, шинжээчдийн зүгээс ирэх 2023 онд дэлхийн эдийн засагт хямрал болох шинж тэмдгүүд илэрч байгаа талаар бичиж, нийтэлж байна. Тухайлбал, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид энэхүү агуулгын хүрээнд “Дэлхийн эдийн засгийн хямрал-1” гэсэн судалгааг танилцууллаа.

Судалгаанаас эшлэхэд: “Эдийн засгийн хямрал гэдэг нь товчхондоо гурав болон түүнээс дээш улирал дараалан эдийн засаг буурах үзэгдэл, өөрөөр хэлбэл ДНБ гурван улирал дараалан буурахад иргэдийн худалдан авах чадвар унаж, ажлын байр хомсдож, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, ажилгүйдэл нэмэгдэх, үйлдвэрлэлийн гарц буурах, иргэн, аж ахуй нэгжүүд зээлээ төлж чадахгүйд хүрэх гэх зэрэг иргэдийн амьдралд бодиттой мэдрэгдэх үзэгдэл гэж ойлгож болно.

Дэлхийн банк, ОУВС-гаас жил болгон хоёр удаа олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн статистик мэдээ, мэдээлэлд суурилж дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар таамаглал гаргадаг. Энэ оны эхний хагаст гаргасан таамаглалдаа ирэх жилийн дэлхийн эдийн засгийг өөдрөгөөр төсөөлж байсан. Гэсэн хэдий ч 10 дугаар сард ОУВС-гаас 2023 оны улс орнуудын эдийн засгийн өсөлтийг 2022 оны эхний хагаст таамаглаж байсан хүлээлтээс доогуур үнэлжээ. Учир нь БНХАУ-ын “Тэг ковид бодлого”, Орос Украины зэвсэгт мөргөлдөөн, Европын эрчим хүчний түүхий эдийн хямрал, инфляц зэрэг таамаглаагүй олон шалтгаанаас үүдэж дэлхийн эдийн засагт хямрал болох эрсдэл үүсээд байна...” гэсэн байна.

 

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид дэлхийн эдийн засаг хямрахад нөлөөлж буй эрсдэлүүдийг дараах байдлаар тодорхойлжээ.

 

  • Орос Украины зэвсэгт мөргөлдөөн, инфляцын өсөлтөөс үүдсэн өрхийн худалдан авах чадвар буурч, улс орнуудын эдийн засагт эрсдэл учруулж байна.

 

  • Дэлхийн тэргүүлэх гурван эдийн засаг болох АНУ, Европын холбоо, Хятадын эдийн засаг 2023 оноос удаашрах эрсдэлтэй байна.

 

  • 2023 оноос дэлхийн эдийн засаг удаашрах төлөв нь өрхийн амьжиргааны түвшинд шууд нөлөөлж, өрхийн хэрэглээндээ зориулах зардал буурах нь тодорхой байна. Өрхийн хэрэглээ хумигдах нь иргэдийн бухимдалд хүргэх бөгөөд эрх барьж буй засгийн газарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

 

  • Европ дахь хийн үнэ 2021 оноос хойш дөрөв дахин өсөж, 2022 оны сүүлээс эрчим хүчний хомсдолд орох, өвлийг давахад хүндрэх зэрэг эрсдэл нь дэлхийн эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгож байна.

 

  • Орос,  Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж үр тарианы нийлүүлэлт буурч, бага орлоготой улс орнуудын өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад ноцтой хүндрэл учрах бөгөөд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр үнийн өсөлт үүсэх эрсдэлтэй байна.

 

  • АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлж, мөнгөний хатуу бодлого баримталж инфляцтай тэмцэж байгаа. Ам.доллар бусад валютын эсрэг дунджаар 5-30 орчим хувиар чангарсан. Ам.доллар чангарч байгаа нь ам.доллараар бонд гаргасан орнуудад бондын эргэн төлөхөд хүндрэлтэй болгож байна. Үүнээс үүдэн бондын өрөө төлөхгүй хойшлуулах эрсдэл үүсэж байна.

 

  • 2024 он хүртэл дэлхийн инфляц 4.1 хувь хүртэл буурахгүй бөгөөд 2022 оны сүүлээр дээд цэгтээ хүрнэ гэсэн таамаглал байна. Уг таамаглал бодит эдийн засагт томоохон эрсдэл дагуулахаар байна.

 

  • БНХАУ-ын “Тэг ковид бодлого” нь тус улсын эдийн засгийн тавны нэг орчим хувийг эзэлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарыг сулруулж байна. Мөн БНХАУ нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин сүлжээнд ихээхэн чухал байр суурь эзэлдэг. Тус улсын эрх баригчид “Тэг ковид бодлого”-оо удаах тусам дэлхийн худалдаа, тээврийн өртөгт нөлөөлсөн хэвээр байх нь.

 

  • Хөгжиж буй орнуудад ам.доллар чангарч байгаа нь сөргөөр нөлөөлж, уг улс орнуудад инфляцын дарамтад орж, бага орлоготой, өрийн дарамтад байгаа орнуудын эдийн засаг агших эрсдэл дагуулж байна.

 

  • Одоогийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 1930 оны их хямралын өмнөхтэй адил байна. 1930 оны эдийн засгийн хямралын адил бондын төлөлтийг хийж чадахгүй нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй байна. 1930 оны их хямрал 1929 оны аравдугаар сарын 29-ний өдөр эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн хямрал гэж үздэг бөгөөд үүнийг түүхэнд “Их хямрал” хэмээн нэрийдэж үлдээжээ. Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсч, үүндээ цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж тоглох болсон нь хямралын өрнөл болсон байна. Тухайн үед хөрөнгийн биржүүд шинээр нээгдмэгцээ л хаалгаа барьж байв. Учир нь индекс нь 381 нэгжээс 200 хүртэл 50 орчим хувиар унаад байсан учир арилжаа хийгдэх боломжгүй болжээ. Мэдээж хэрэг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн тоо асар хурдацтай өсчээ. Эдийн засгийн уналт 1932 оны долдугаар сар хүртэл гурван жил үргэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдал үргэлжилсэн юм. Их хямрал Дэлхийн II дайныг өдөөх үндсэн шалтгаан болсон гэж үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top