“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно гэж Засгийн газраас мэдэгдээд байна.
Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулав.
Уг нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгох тухай сэдэв нэгэн арваны турш яригдаж байгаа л даа.
Монголчууд бид 10 гаруй жилийн өмнө бүгдээрээ нэгэн зэрэг нэг ширхэг компанийн жижиг хувьцаа эзэмшигчид болж байв.
2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн газрын 216 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн. 2011-2012 онд насны хишиг хувь хүртсэн, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд суутгуулсан иргэд хувьцаагүй, 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьцааны тоо өөр өөр байгаа. Ерөнхийдөө бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрт хамаатай.
Түүнчлэн компанийн тодорхой хэсгийг нээлттэй арилжаалж, эргэлтэд оруулснаар үхмэл 1072 хувьцаа эдийн засгийн утгаараа амь орох тухай яригддаг байв. Гэсэн ч энэ тухай яриа төдийгөөс өдийг хүртэл хэрэгжээгүй.
Хэрэгжээгүйн учир шалтгаан, үндэслэлүүдийг эргээд харахад, олон хүчин зүйлийг тодотгох хэрэгтэй болно.
Тухайлбал, IPO гацсан шалтгааныг 2013 оны эхээр Уул уурхайн яамны зүгээс тайлбарлахдаа, нүүрсний үнэ унасантай шууд холбоотой гэж байв.
Шинэчлэлийн Засгийн газраас Таван толгойн IPO-г түр хойшлуулж, нүүрсний үнэ сэргэх хүртэлх хугацаанд төмөр замаа тавих шийдвэрийг гаргасан бөгөөд төмөр замаа тавьчихвал манай ашигт малтмал хэд хэдэн худалдан авагчтай болж, нүүрсээ дэлхийн зах зээлд ойрхон борлуулах боломж бүрдэж, Эрдэнэс Тавантолгой компанийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэсэн байр суурьтай байр суурь илэрхийлж байв.
Түүнчлэн нүүрсний үнэ өсөж эхлэх үед "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO хийх нь илүү ашигтай тусна. Харин IPO хийхийн өмнө иргэд эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаагаа зарснаар илүү их орлого олох боломж бүрдэнэ гэх зүйл ч яригдаж байв.
Мөн 1072 хувьцааг 1 сая төгрөгөөр Засгийн газартаа худалдах тухай өмнөх засгийн шийдвэрийг шинэчлэлийн гэх засаг нь үгүйсгэж, боловсон дээрэм гэж байсан билээ.
Ямартай ч өнгөрсөн жилүүдэд "Эрдэнэс Тавантолгой"-н IPO гэх сэдэв яригдсаар ирсэн бөгөөд гацаанаас гараагүй үндсэн шалтгаан нь дотоод улс төртэй холбоотой. Энэ удаад эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )