Төрд нүүрлэсэн авлига, хулгайг таслан зогсооё, ирээдүйгээ гэрэлтэй болгоё гэсэн залуусын жагсаал төв талбайд 14 хоног үргэлжлээд байна. Иргэд бараг хагас сар жагсаж, тэмцсэн гэсэн үг. Жагсаал анх иргэдийн бухимдлаар үүссэн ч явцын дунд үймээн бужигнаан үүсгэх, олон нийтийн эмх замбараагүй байдалд хүргэх, төр, засгийн тогтвортой байдалд нөлөөлөх гэхчлэн янз бүрийн ашиг сонирхлууд орж ирсэн. Жагсаал удирдаж, уриалж яваа залуусын зарим нь гаднын орнуудын “Өнгөт хувьсгал”-уудыг мөрөөдөж, төөрөлдөж яваа нь ч бий. Тэднийг тухай бүрд нь хяналт шалгалт тавьж, мөрөөр нь ажиллаж байна гэдгийг холбогдох байгууллагууд хэлж байгаа.
Иргэдийн зүгээс “Нүүрсний хулгайтай холбоотой хүн, аж ахуйн нэгжийн нэрсийг ил болго. Жагсагчдыг эрүүл мэндээр хохирохоос хамгаалж гэр барьж өг. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооц, Эрүүгийн хуулиа өөрчил. Ажлын хэсэг гарга, хэлэлцүүлэг явуулж, нээлттэй сонсгол хий, тогтолцоогоо өөрчил” гэсэн шаардлагуудыг тавьсан. Энэ хооронд бас ч гэж төр, засаг жагсагчдын шаардлагыг сонсож, нааштай өөрчлөлтүүд гарч байна. Дээрх шаардлагуудыг Засгийн газар эхнээс нь биелүүлээд явж байгаа. Сүүлийн арав гаруй жил олон жагсаал, тэмцэл өрнөсөн ч ийм хэмжээний үр дүнд хүрсэн удаа үгүй.
Гэвч жагсаал сунжрах төлөвтэй, залуус жагсаалын зорилго биелсэн гэж үзэхгүй байх шиг. Энэ юугаар илэрч байна вэ гэхээр, хөхөө өвлийн хүйтэнд хагас сар жагсаад байгаа хэдий ч залуусын зориг мохсонгүй. Нэг зүйл анзаарагдсан нь “Өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөө, үр хүүхдийнхээ хувь заяаны төлөө бид тэмцэж байна” гэсэн үгийг олон залуу хэлж байгаа юм. Тэд төр, засгийг шахаж, шаардаж, зөв голдиролд оруулахыг хүсэж байна. Дөрөв дөрвөн жилээр хулгайч, авлигачдыг сонгож ирсэн тогтолцооноос тэд уйджээ. Тиймээс тогтолцоог өөрчлөх хүртэл жагсаал үргэлжилж ч мэдэх юм.
Жагсагчдын хэлж буй үгийг сонсоход “УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг, хариуцлага тооцдог болох ёстой”. “Ерөөсөө анхнаасаа хулгайчийг сонгодоггүй тогтолцоо хэрэгтэй”. “Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна”, “Хоёр танхимтай парламент байвал шударга ёс тогтоно” гэцгээж буй. Нэгэн яруу найрагчийн “...Цэцдийн толгойг авдаггүй төртэй байхыг хүснэ. Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ...” хэмээн бичиж байсан лугаа хулгайч, авлигачингүй төртэй байхыг ард түмэн хүсэж байна. Ийм болоход шулуухан хэлэхэд тогтолцоо “чөдөр” болж байна гэж олонх нь үзэж байгаа юм. Тогтолцоог өөрчлөх санал, санаачилгууд улс төрийн хүрээнд гарч байсан уу гэвэл хэд хэдэн удаа гарч байсан.
“Фортуна” гэх нэрээр хүмүүсийн сайн таних УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр “99 тэнгэрийг бэлгэдэж парламентын 76 гишүүний тоог 99 болгоё” хэмээсэн нь тухайн үедээ улс төрийн хөнгөн шог болж байв. Нөгөө талаас, тоог нэмүүлэх, улс төрд ужиг урт хугацаагаар “орогнох” гэсэн хүмүүсийн мөрөөдөл болов уу. Саяхандаа, бараг өнгөрсөн хавар шиг санагдана, улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж, “Хүн амын тоо өссөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн тоог 215 болгох шаардлага бий” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай зарим нам, улстөрчид хэлдэг. Манайх шиг хүн ам цөөн, хоёр том хөршийн дунд оршдог жижиг орны хувьд аюулгүй байдал талаасаа боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлэх хүн ч цөөнгүй байдаг. Аль аль нь бодох л асуудал байх.
Харин Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон гэх 1990-ээд оноос Улсын Бага хурал, АИХ-ын гишүүнээр ажиллаж байсан ахмад дипломатчид хоёр танхимтай парламент байх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлдэг. Тэд бол 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталж өгөөд, өөрсдийн бүрэн эрхэд цэг тавьсан эрхмүүд. Тийм болохоор тэд ямар нэгэн “но”-гүй хүмүүс. Өнөөгийн улс төрд нөлөө байхгүй, ирээдүйд бий болох хөгжил, дэвшлээс ч зүүгдэх зүйл тэдэнд үзээд өгье гэсэн ч үгүй. Харин Үндсэн хуулийн цэц гэх “мануухай” шиг байгууллагын эсрэг талд оршиж Үндсэн хуулийг манаж ирсэн. Тиймээс улс орны хувь заяа, монголчуудын эрх ашгийн төлөө дуугарна уу гэхээс бусад зүйлд хошуу дүрээд байхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр тогтолцоог өөрчиллөө гэхэд тэдний байр суурийг авч үзвэл үнэнд ойр, ард түмний талд байх болов уу.
Тухайлбал, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, Ардын Их Хурлын дэд дарга асан Ж.Гомбожав 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын өмнө “Энэ УИХ-ын тал нь ёс суртахууны доголдолтой, гэмт хэрэгт холбогдсон гишүүд байхад Үндсэн хуулийг оновчтой шинэчилнэ гэдэг боломжгүй” гэж хэлж байв. Энэ үг өнөөдөр эрх баригчдын орой руу орж байгаа байх. Мөн жагсагчдын шаардаад буй “Хулгайч, авлигачдаа зарла, хариуцлага тооц” гэдэгтэй агаар нэг сонсогдоно.
Өнгөрсөн хавар улс төрийн намуудын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардаж, УИХ-ын даргад хандах үед тэрбээр манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тогтолцооны тухайд “1992 оны Үндсэн хууль чадамжаа алдаагүй байгаа. Энэ хууль анхны бичилтээрээ өнгөрсөн 30 жилд хэрэгжиж чадсангүй. 2019 оны нэмэлт, өөрчлөлтүүд нь үндсэндээ сонгогчдын хүсэн хүлээсэн, ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт болж чадаагүй. УИХ дахь намын бүлгийн одоогийн үйл ажиллагаа нь УИХ дахь бүтцийн байгууллага гэхээсээ илүүтэй намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй даган биелүүлдэг, тийм бүтэц болж хувирсан байна. Дээрээ хяналтгүй шахам болсон, дуртай зүйлээ хийдэг, дургүйгээ хийдэггүй нэг танхимтай парламентад зарим сул тал байгаа нь өнгөрсөн 30 жилд ажиглагдаж ирлээ. Төрийг удирдахад ард түмний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ одоогийн улс төрийн намуудын ярьж байгаа шиг парламентын 76 гишүүний тоог 99 эсвэл 108 болгон нэмэх бус харин хоёр танхимтай парламентыг бүрдүүлэх журмаар ард түмний төлөөллийг төрд нэмэх шаардлага бол бий болжээ гэж дүгнэж байна” гэж хэлж байв.
Тогтолцоог өөрчлөх ямар үндэслэлүүд байгаа тухайд Ж.Гомбожав гуай хэлэхдээ:
Өнөөдөр авлигатай тэмцэхэд тогтолцоо “чөдөр” болж байна гэж иргэд үзэж байгаа бол өөрчлөх л ёстой. Харин төрд байгаа хүмүүс өөрсдийгөө бодолгүй, тэртээх 1992 онд АИХ-ын гишүүд шинэ Үндсэн хуулийг баталж, нэг танхимтай парламентад зайгаа тавьж өгөөд тарсантай адил нэгэн үзүүрт сэтгэл, чин шударга чиг баримжааг гаргаж чадвал монгол төрийн чадамж бат бэх болж, хулгай луйвараас холдож, иргэд “огцор, тар” гэж шаардаж жагсах нь ч алгуур болох биз ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Mongol uls haant uls boloh heregtei.Es vgvi bol dahin ard tvmenii hyanltai turtei boloh heregtei.
Mongol uls haant uls boloh heregtei.Es vgvi bol dahin ard tvmenii hyanltai turtei boloh heregtei.
Mongolchuud bid vg duugvi.Ard tvmenii hural huralduulj tvr zasag baiguulaad dahin har hairtsagvi shudarga songuulia yavuulah heregtei.Tegeed togtoltsoogoo uurchiluh bolno.Turuu uurchiluhgvi bol tednii avgaldainuud hetseej turuus holsdohgvi.Mongol uls es oroshih orshogvi ni shiidegdeh gej bna.
Mongolchuud bid vg duugvi.Ard tvmenii hural huralduulj tvr zasag baiguulaad dahin har hairtsagvi shudarga songuulia yavuulah heregtei.Tegeed togtoltsoogoo uurchiluh bolno.Turuu uurchiluhgvi bol tednii avgaldainuud hetseej turuus holsdohgvi.Mongol uls es oroshih orshogvi ni shiidegdeh gej bna.
hujaa chudur gedeg yum