Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг БНХАУ “Тэг КОВИД” бодлогоо сулруулахтай зэрэгцээд коронавирусийн шинэ аюултай мутаци үүсэх магадлалтай байгааг АНУ анхааруулжээ. АНУ-ын Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч "Вирус тархвал мутацилагдах магадлал нэмэгдэж, бусад улсад ч тархах эрсдэлтэй" гэжээ. Сүүлийн нэг хоногт БНХАУ-д КОВИД-19-ийн халдварын 2722 тохиолдол шинээр батлагдаж, таван хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 383 мянга гаруй тохиолдол батлагдаад байгаа аж.
Түүнчлэн Омикрон хувилбарын хурдацтай тархаж буй “BQ”, “XBB” дэд хувилбарууд “КОВИД-19”-ийн вакцинуудад, түүний дотор шинэчилсэн нэмэлт тунд илүү тэсвэртэй байгааг судалгаагаар тогтоосон байна. Тухайлбал: “BQ.1”, “BQ.1.1”, “XBB”, “XBB.1” дэд хувилбар нь одоогоор илэрсэн хамгийн тэсвэртэй хувилбаруудад тооцогдож байна.
БНХАУ-д “КОВИД-19”-ийн халдварын тархалтын улмаас нас барагсдын тоо нэмэгдэж байгаа тул чандарлах байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа аж. “Тэг КОВИД” бодлогоо зөөлрүүлэх шийдвэр гаргасны дараа БНХАУ-ын эрх баригчид иргэдийнхээ хөдөлгөөнийг гар утасны аппликейшнээр хянахаа зогсоогоод байгаа ч шинжилгээний хариу нь “Эерэг” гарсан эсвэл халдварын тархалт намжаад удаагүй байгаа бүсэд зорчсон хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хянах бусад программыг ажиллуулсан хэвээр байгаа аж.
Түүнчлэн Хятад улс “Тэг КОВИД” бодлогоо цуцалсанаар нэг сая орчим хүн цар тахлаар нас барж болзошгүй гэдгийг судлаачид анхааруулж байна. Бараг гурван жилийн турш Хятадын Засгийн газар вирусийн тархалтыг таслан зогсоохын тулд хатуу хөл хорио, олон нийтийн шинжилгээ, нарийн хяналт тавих зэрэг арга хэмжээ авсан. Энэ сарын эхээр чангаруулсан хатуу хязгаарлалтын эсрэг улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсний дараа “Тэг КОВИД” бодлогон зарим хэрэгжилтийг сулруулсан.
Гэсэн хэдий ч ахмад настнуудын вакцинжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэх, вирусийн эсрэг эмийн нөөц бүрдүүлэх зэрэгт хангалтгүй байгаа тул гэнэт хөл хориог цуцлах нь эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хонконгийн их сургуулийн гурван профессорын тооцоолсноор улс даяар “Тэг КОВИД” бодлогыг цуцалснаар сая хүнд 684 хүртэлх нас баралтад хүргэж болзошгүй гэнэ. Хятадын 1.4 тэрбум хүн амтай гэвэл 964.400 хүн нас барна гэсэн үг. Халдварын өсөлт нь улс даяар олон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог хэт ачаалах магадлалтай байна” гэжээ.
Үүнээс гадна Эпидемиологич Ву Зунёу халдварын одоогийн огцом өсөлт нэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх бол хоёр дахь давалгаа нь ирэх сарын 21-нд эхлэх Цагаан сарын баярын үеэр эрчимжинэ гэж үзэж байна. Олон сая хүн энэ үед гэр бүлээрээ амралтаа өнгөрөөхөөр аялдаг. Харин баярын дараа хүмүүс ажилдаа буцаж ирэхэд гурав дахь давлагаа эхлэх бөгөөд хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ гэж доктор Ву үзэж байна.
Хятад улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж. Гэсэн хэдий ч 80 болон түүнээс дээш насны хүмүүсийн талаас бага хувь нь гурван тун вакцин хийлгэсэн байна. Ахмад настнуудад Ковидийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрэх магадлал өндөр байдаг. Хятад улс дотооддоо вакцинаа боловсруулж, үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь дэлхийн ихэнх оронд хэрэглэдэг мРНХ вакцинаас үр дүн муутай нь нотлогдсон. Энэ сарын 7-ноос хойш Засгийн газар Ковидийг тэглэх бодлогыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн дараа олон хязгаарлалтыг цуцалснаас бөгөөд цар тахлаар нас барсан хүмүүсийн тоог мэдээлээгүй байна. Үүний зэрэгцээ, Хятадын хамгийн том хот Шанхайд халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа тул ихэнх сургуулиудаа онлайнаар хичээллүүлж эхэлжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )