Иргэд нүүрсний хулгайн АКУЛУУДЫГ ЗАРЛАХЫГ шаардлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр /2022.12.21/ Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байгаа билээ. Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг, С.Одонтуяа нар удирдан явуулж буй. 

Дэгийн тухайд мэдээлэл өгөх гишүүдэд 10 минут, асуулт хариултад 5 минутын хугацаа олгох журмаар сонсгол өрнөлөө.

Эхний мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх асуудлаар өглөө.

Дараа нь Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  улс хоорондын тээврийн C зөвшөөрлийн олголт, хилийн боомтоор нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл өгөв. Энэ маягаар салбар салбарын төлөөллүүд нүүрс тээвэр, олборлолттой холбоотой мэдээлэл хүргэж, дараа нь иргэдийн төлөөлөл асуулт асуулаа.

Ийнхүү холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл хүргэсэн ч иргэд хангалтгүй гэж үзэн, "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг зарлахыг шаардсаар байв.

Тэд "Жолооч нарыг шалгаад яадаг юм, тэд буруугүй. Хулгайч нараа шалга. А.Адьяасүрэнг шалга. Б.Асралтыг шалга. Д.Бат-Эрдэнийгээ шалга", "Нүүрсний хулгай хийсэн том акулууд хаана байгаа юм бэ, тэднийг хэзээ зарлаж, баривчлах юм бэ" гэх зэргээр шаардаж, байр сууриа илэрхийлсээр байсан юм.

Үүнд АТГ-ын дарга З.Дашдаваа "Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. АТГ-ын хамт олон нүүрсний гэх хэрэгт ямар нэг этгээдэд ял завшуулахгүй. Бүх хүч чадлаараа ажиллаж байна, тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэсэн хариулт өгч байв.

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханы өгсөн мэдээллээр, одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 53 хүнийг яллагдагчаар татжээ. 
 

Мөн 22 хэрэг бүртгэлийн хэрэг шалгагдаж байгаа аж. Уг хэрэгт холбогдсон 87 хуулийн этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүмүүс байгаа гэх мэдээлэл ил боллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.130.188) 2022 оны 12 сарын 23

ккк нөгөө намдаа хамгаалалтгүй дарга нарт долигнодоггүй 5 гишүүнийг хэлээд байна уу...

2  |  0
Top