"ЭТТ" дахь иргэдийн хувьцааг ТЭГШИТГЭН нэмж, жилд ₮2 саяын ногдол ашиг олгох боломж бий юу!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Байгалийн баялаг ихтэй ч иргэдийнх нь олонх ядуу гучуу амьдардаг улс орнуудад нэг нийтлэг зүйл байдаг нь баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус буюу хэсэг бүлэг этгээдүүд бүхий л боломжийг давуу эрхтэйгээр эзэмшиж, ашигладаг явдал юм. Манай Монгол Улсын тухайд ч өнгөрсөн 30 гаруй жилийн замналаа эргээд харахад эгэл жирийн иргэдийн хувьд эрх мэдэлтнүүдэд булаалгасан, алдагдсан боломжууд олон.  2022 оны сүүлчээр нийгмийн анхаарлыг татсан нүүрсний хулгай гэх асуудал хэдхэн хүнд хамаатай сэдэв биш. Ерөөс хэдэн арваны туршид энэ улс оронд баялгийн хуваарилалт тэгш бус, баялгийн жинхэнэ эзэд болох иргэдийн эрх ашиг хэрэг дээрээ үгүйсгэгдэж ирснийг л харуулж буй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлд байр сууриа илэрхийлэхдээ, баян ядуугийн ялгаа ихэслээ гэж байна лээ. Ер нь бол өнөөдрийн Монголд гурван хүн тутмын 1 нь албан ёсоор ядуу ангилалд, эдийн засаг хүндэрч, цалин орлого тасалдахад нийт хүн амын 2/3 нь ядуурлын хүрээг тэлж, нэгдэх хэмжээнд байгаа нь үнэн. 

Ядуурал  газар авсанд олон хүчин зүйл нөлөөлөх ч түрүүн хэлсэнчлэн давуу байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлагсдын буруу жин дарах хэмжээнд хүрснийг тодотгоё.

Түүнчлэн эгэл жирийн иргэдээс хулгайлсан боломжуудыг тодорхой хэмжээнд нөхөн шийдэх боломж бололцоо байна уу гэдэг асуулт тавигдана.

Тэгвэл нүүрсний хулгайн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд болох Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн барилаа. 

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж бүрдэх, мөн Компанийн засаглал сайжирч, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдал хангагдаж, иргэд олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Үүнийг эдийн засагчид тооцсон  гэж дээрх гишүүд тодотгосон. 

Н.Наранбаатар гишүүн хэлэхдээ, Нүүрсний жинхэнэ хулгайчдыг хайж олох төрд гарсан нүүрсний хулгай, луйврыг илрүүлэх лобби бүлэг байгуулж ажиллаж байна. Лобби бүлгийн ажлын хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төсөл өргөн барьж "ЭТТ" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд хувьцааг нь тарааж хяналтын багцыг тогтоож,  баялгийн тэгш хуваарилалт иргэний хяналттай төрийн схемийг бий болгох юм.Цаашдаа газрын хэвлий доорх баялгийг ард түмэнд тэгш олгох тал дээр анхаарч ажиллана гэв.

Ц.Анандбазар гишүүн хэлэхдээ, уг тогтоолын төслийн хүрээнд иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж буй хувьцааны тоог тэгшитгэн  нэмэгдүүлж, нэг хүн  2522 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд иргэн бүр жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авна гэлээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 18.44 хувийг иргэд эзэмшдэг. Гэхдээ  иргэд 1072, 700, 536  гэх зэргээр  харилцан  адилгүй тооны хувьцаа эзэмшиж буйг төсөл санаачлагчид сануулсан. 

Төсөл санаачлагчдын өгч буй мэдээллээс эшлэхэд: 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэн бүрд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, “ҮЦТТТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт тус тус даалгасан. Тус тогтоолын дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК /хуучнаар/ нь иргэдийн бүртгэлийг баталгаажуулан дуусч, иргэдэд үнэт цаасны данс нээсэн боловч тус компанитай “Эрдэнэс Тавантолгой” ХК нь холбогдох журмын дагуу үнэт цаас хадгалуулах гэрээг өнөөг хүртэл байгуулаагүй.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын 2,512,771 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд нас барсан 90,284, харъяатаас гарсан 13,365 иргэн байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй 3,306,052 иргэн байна.

Цаашид компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдлыг хангах, компанийн хувьцааны эзэмшил, мэдээллийн ил тод, нээлттэй байдлаар дамжуулан олон нийтийн хяналтыг бий болгож, зах зээлд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Компанийн тухай хуулийн 3.7-д заасан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Мөн сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдийн хяналтад оруулах, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсэж байна.

Түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох талаар тогтоолын төсөлд тусгалаа гэсэн юм. 

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно гэж Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар  сард мэдэгдсэн.

Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад буй юм.

Монголчууд  бидний олонх нь  10 гаруй жилийн өмнө  нэгэн зэрэг  нэг ширхэг компанийн жижиг хувьцаа эзэмшигчид болж байв. Түүнчлэн компанийн тодорхой хэсгийг нээлттэй арилжаалж, эргэлтэд оруулснаар үхмэл 1072 хувьцаа эдийн засгийн утгаараа амь орох тухай яригдсаар олон он улирсан. Хэрэгжээгүйн учир шалтгаан, үндэслэлүүдийг эргээд харахад, эдийн засгийн бус улс төрийн учир шалтгаанууд жин дарна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 05

Mongoliin ard tvmeng eelchid jvjegee taviaj ihelev.Ingeh ch iostoi tehdee ushuu zunduu bayalgiig hulgailsan 32 jiliihee olon ter bum doloriig butsaaj uguh biolno za.Mongolchuud bid shound huuragdahgvi.Mongolchuud bid zaaval togtoltsoogoo uurchilnu za.Hog shaarnuudiig dahin undiihgvi bolgono.Odoo ta muusain hognuud uych gej hutsaad heregvi itgehchvgvi.Chutgur lvvgee toniltsogoo.Ih hural vg duugvi tar.Zasagiin gazar ogtsor.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 05

Mongoliin ard tvmeng eelchid jvjegee taviaj ihelev.Ingeh ch iostoi tehdee ushuu zunduu bayalgiig hulgailsan 32 jiliihee olon ter bum doloriig butsaaj uguh biolno za.Mongolchuud bid shound huuragdahgvi.Mongolchuud bid zaaval togtoltsoogoo uurchilnu za.Hog shaarnuudiig dahin undiihgvi bolgono.Odoo ta muusain hognuud uych gej hutsaad heregvi itgehchvgvi.Chutgur lvvgee toniltsogoo.Ih hural vg duugvi tar.Zasagiin gazar ogtsor.

0  |  0
Баатар(119.40.98.177) 2023 оны 01 сарын 05

Энэ бол шоу Хэргээс мултрах гэсэн арга

0  |  0
Top