Цагаан сараас өмнө 208 зөвшөөрлийг цахимаар олгодог болно

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тодорхой хэдэн асуудлыг хөндсөн. Үүний нэг нь Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг /хөтөлбөр/ соёрхон баталлаа.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалингийн дэмжлэг олгох, амьжиргааны түвшин доогуур бүсэд цэцэрлэг барих, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Манай улсын эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг, ядуу иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор энэхүү зээлийг авч байгаа аж. Ингээд төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсож санал солилцсоныг хүргэж байна. 

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ: Худалдан авалт шилэн болж, цөөн компани тендер авдаг тогтолцоо байхгүй болсон

 

Манай улсад цахимжилтаар тэргүүлж байгаа салбар бол банк. Төрийн зүгээс арилжааны банк болон Төв банктай хамтарч лавлагаа, нэхэмжлэлийг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарч байна. Банкны салбарт нийт бүртгэлтэй 6.2 сая хэрэглэгч байна. Харин цахим хөгжил хоцрогдсон салбарт хэд хэдэн газрууд хамаарна.

13А маягтын тухайд цахимжилтыг мөн цаашид бий болгоод явна. Иргэн төрийн үйлчилгээг авахдаа зарцуулж буй зардал, хугацаа гээд бүх нарийвчилсан статистикийг гаргасан. Цаасыг хэчнээн хувь хэмнэхээс эхлээд системүүдийг хэрэглээнд нэвтрүүлснээр жилд наймаас дээш тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Мөн бичиг баримтаас гадна унааны зардал зэргийг хэмнэх боломжтой. Тэгэхээр ер нь бол цахим шилжилтүүдийн хэрэгжилт сайжирснаар хэмнэлт ч мөн өснө.

Нийт төсвөөс 10 тэрбум авахаас найман тэрбум төгрөг авсан. Гэхдээ энэ мөнгийг зөвхөн эрүүл мэндийн цахим шилжилтэд зарцуулаагүй гэдгийг тодотгох нь зүйтэй. Нийтийн мэдээллийн тухай хуулиар нээлттэй өгөгдлийн мэдээллийг баталсан. Одоогоор бид боловсруулаагүй мэдээллийг ашиглаж байгаа зүйл алга. Тоон гарын үсгийн тухайд төрөөс олгогдсон 14 мянга, улсын бүртгэлийн газар бие дааж олгосон 390 мянга, хувь хүмүүс өөрсдөө хүсэлт гаргаж авсан 86 мянга 454 олгогдсон. Цаашид тоон гарын үсгийн тоо улам өсөх хандлагатай байгаа. Цахим салбарын хувьд төрийн ямар ч оролцоогүйгээр хөгжиж байгааг онцолъё. Тиймээс программ хангамж болоод худалдан авалтыг шилэн болголоо. Ингэснээр цөөн хэдэн компани тендер авдаг тогтолцоо арилж байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: Хууль сурталчлах ажил хангалтгүй байна

 

-Цахим хөгжлийг дэмжиж байгаа ч хүүхдийн цахим халдлагаас хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн ургийн бичгийг цахимаар хөгжүүлж байгаа талаар хэлж байна. Энэ бол зүйтэй. Тиймээс хууль сурталчлах ажил хангалтгүй байна гэж харж байна. Их мэдээллийн урсгал дотор хүмүүс хуулийн талаарх ойлголт мэдээлэл хангалттай авч чаддаггүй. Үүнээс гадна хувийн сошиал хаяг буюу Фэйсбүүкийг цэгцлэх тал дээр хэр анхаарч байгаа вэ. Хүмүүсийг гутаан доромжлох, ташаа мэдээлэл тараахад хуурамч хаягийг их ашиглаж байна. Гэтэл олон улсад энэ байдалтай тэмцэж эхэлсэн. Харин Монгол Улс энэ тал дээр хэрхэн анхаарах вэ.

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ: Тоон бичиг үсгийн боловсрол дулимаг байгаа

 

-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталсан. Энэ хуулийн гол онцлог нь иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгддэг байх зохицуулалттай. Өмнө нь хувь хүний мэдээллийг юунд ашиглаж байгааг мэдэх боломжгүй байсан. Харин хүний эрхийг хамгаалах тал дээр Хүний эрхийн үндэсний комисс дээр тусгай нэгж байгуулсан. Дуу, дүрс болоод хүний эрхийн мэдрэмжтэй байдал дээр бид анхаарсаар байгаа. Яамны тухайд нийт 87 хүний алба хаагч бий. Кибер аюулгүй байдлыг хойш татаж байгаа зүйл бол иргэдийн тоон бичиг үсгийн боловсрол дулимаг байгаа явдал. Түүнээс бол Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Харин угийн бичгийн тухайд Цагаан сарын өмнө хур системээр дамжуулж нээнэ.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Бүх зөвшөөрлийг цаас шаардахгүй цахим болгох шаардлагатай

 

-Өмнө нь яам байсан ч сайд хариуцдаггүй байснаас болж дутуу дулимаг зүйлс их гарч байсан. Гэхдээ одоо ч асуудал бүрэн шийдэгдэж, цахим үйлчилгээ нэвтэрсэн гэж хэлэхгүй. Иргэдийн нүдэнд харагдаж гарт баригдах зүйл хийвэл маш сайн. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан. Нийт 1600 орчим зөвшөөрөл авдаг байсан бол одоо 362 болгож багасгасан. Энэ дотор энгийн болон тусгай зөвшөөрөл бий. Тэр бүх зөвшөөрлийг одоо цаас шаардахгүй цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай.

 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Дата ашиглалтын хяналт ямар түвшинд байгаа вэ

 

-Цахим харилцаа холбоог хариуцаж байгаа салбарын хувьд иргэдийн татварын мөнгөөр ажиллаж байгаа. Тэгвэл энэ салбарыг хөгжүүлэхэд одоогоор хэдэн төгрөг зарцуулж, ямар үр өгөөжтэй байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэй байна. Мөн дата ашиглалтын хяналт ямар түвшинд байгаа вэ. Цаашид ямар бодлогыг баримталж эдийн засгийн үр өгөөжөө тэлэх төлөвлөгөөтэй байгааг мөн танилцуулах нь зүйтэй байх.

 

ЦАХИМ ХӨГЖИЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ: Дата төв дээр 500 гаруй ТҮЦ машин байдаг

 

-Нийтийн мэдээллийн үндсэн системтэй холбох ажлыг хийж байгаа. Анх намайг сайдаар томилогдоход нэгдсэн систем авах төсөв гаргаж байсан ч би дэмжээгүй. Мөн дата төв дээр 500 гаруй ТҮЦ машин байдаг ч ХУР системээс мэдээлэл авдаггүй л байсан. Харин одоо энэ бүхэн өөрчлөгдөж, их зардал гаргахгүйгээр хөгжиж байна. И-бизнесийн тухайд миний бие ажлын хэсгийг ахалж байна. Цагаан сараас өмнө "ebixness.mn" сайтаар дамжуулж 208 зөвшөөрлийг цахимаар олгодог болно.

 

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

 

УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 12, 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

 

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

 

  • “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

 

  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

  • “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

  • “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсох

 

  • Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонсох

 

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top