Унаж яваа үрээ маань ам булаан тэлгүүлнэ. Харин ханилж яваа Балдан өвгөний хашин хонгор бөг бөг шогшихоос үл хэтрэх нь залуу хүү, үрээнхэн морь хоёрт даанч залхуутай агаад зам нийлэшгүй. Өвгөн бид хоёр ийн явсаар сумын баруун хойд энгэрт байх ноёлог хөх толгодын оройд тухаллаа. Зүүн өмнө сумын төв, зүүн хойно чимээгүй хот цайран харагдана. Балдан өвгөн он цагийн үрчлээ суусан хөх нүүрээ мойнийсон гараараа шувтарч,
-Ай хөөрхий хүний амьдралаа гэж, анх сумын төв энд байгуулагдаж, муу хөгшинтэйгөө энэ л чимээгүй айл байгаа энгэрт танилцаж билээ. Тэгэхэд энэ шарилын газар чинь онгон дагшин байгаль байлаа. Сумын төв гэж хэдхэн гэр, хоёр гурван модон байшингаас бүрдэнэ. Гэтэл нэгэн насыг хамт туулсан хань маань анх танилцсан энэ л хөрс шорооноо шингэж дээ. Би гэж үйлт амьтан хэзээ хөгшнийхөө хойноос очиж энэ нэг муу амьтны нурууг амраана даа хэмээн хашин хонгор руугаа заан санаа алдав. Тэрээр надад үүнээс өөр ч хөл дүүжлэх унаагүй болсон хүн дээ хэмээн буурал маань гаансаа нэрэнгээ
-Хорвоо чинь хүнд харамгүй өгдөг шигээ бас л харамгүй авч оддог юм байна хэмээн их л холоос он цагийн тоостой баринтаг удаанаар дэлгэх шиг зугуухан хэлээд манан суусан ч сэргэлэн нүдээр орчныг хараалав. Тэрээр цааш өгүүлрүүн
-Тэр цагаас хойш сум ч тэгтлээ өргөжөөд сүйд болсонгүй. Уг нь урьд цагт гайгүй өнөр өтгөн айл шиг айл байжээ. Одоо ч алга болж. Харин энэ чимээгүй айл л өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр л байна. Залуус нь сурахаар яваад ирэхгүй юм. Хэдэн хөгшид нь энгэрээ бараадаад байхаар яаж ч сум орон нутаг өргөжих билээ. Нийгмийн салхи ч өөрөө хүнийг амьжрахын төлөө явуулдаг болсон цаг хойно, арга байж уу. Нутаг олны ноён нуруу болж байсан хэдэн тулхтай айлууд байлаа, төв суурин бараадаад алга болжээ. Сумын хаяа хумигдаж, чимээгүй хотын хаяа тэлэх ч аргагүй юм уу даа хэмээн өгүүлэхдээ хүнд төрсөн нутаг уснаас өөр эрхэм зүйл сав ертөнцөд үгүй л юм сан. Залуус маань орон нутагтаа ирэхийг хүсдэг л байх даа. Даанч тэднийг аргамжих аргамжаа энд алга байгаа хойно яая гэхэв. Амьдрахын эрх дагаж яваа хүүхдүүдийг нааш ир гээд байлтай биш. Зарим аймагт сумын төв тарж бутарлаа, тэнд ч нэгдлээ л гэх юм. Чамайг миний насан дээр очсон хойно
-Та хаана төрсөн бэ гэж асуухаар
-Алтанширээ гэж сайхан сум байлаа. Тэнд төрсөн гээд зөнөглөж суувал ямар сайхан байхав дээ хэмээхэд нь би хирдхийж билээ. Үнэхээр бидэнд үүнээс илүү гуниглах зүйл юусан билээ. Элэнц хуланц, ижий аавыг маань төрүүлж өсгөсөн өөжин шүү дээ. Хаана төрсөн бэ гэвэл би юу гэж хэлнэ дээ хэмээн ахархан ч гэлээ бодож амжсан юм. Бид хоёр ийн ярилцаад мордох агшинд би өвгөний түрүүчийн ярианд эмзэглэж сумын төв рүү хараа бэлчээлээ. Үнэхээр л миний багад байсан сумын төв яг хэвээрээ өргөжөөд сүйд болсонгүй. Харин сумын захиргааны оройд төрийн алтан соёмбот туг л сүртэйхэн өмнийн салхинд би л нэмэгдсэн шүү гэх шиг намирч харагдлаа.
Цайран харагдах чимээгүй хотын хаяа харин миний багад харснаас хойш нэмэгдэж, чимээгүй айлын дээгүүр буцах шувууд сүүдрээ унаган ганганаж өнгөрөх нь өөрийн эрхгүй буцахын хорвоог санагдуулна. Үнэхээр л буцаж буй юм бүхэн гунигтай орчлонд ирэхийн үүдийг нээсэн сайхан амьдрал хэрэгтэй байна шүү. Яг л шувууд, цэцэг навч уйлан дуулж ирдэг хавар шиг тийм орчин хэрэгтэй байна. Тэгээд дасгаад явуулдаггүй аргамжаа хэрэгтэй. Бид ч хавар шиг ургаж, өөрөө хагдрахдаа үр ачаа хавар шиг ургуулж үлдээх учиртай. Үүнийг бичиглэж ахуй цаг дор арав гаруй жилийн өмнө ханилж явсан Балдан өвгөн хашин хонгорынхоо нурууг амраахаар өнөөх л хаяа нь тэлсээр буй чимээгүй айлд бүл нэмэн очжээ. Амьдралыг бүү хэл хорвоог ухаарсан нутгийн буянт буурлын үг ийнхүү олон жилийн дараа сэтгэл эмзэглүүлэн байн байн бодогдоно чинээ санасангүй явжээ. Ай идэрхэн залуу насаа гэж...
Сэтгэгдэл ( 0 )