Сурагчид нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийг түлхүү сонгож байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

"Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт боловсрол судлалын магистрант, докторантуудад зориулсан эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг арга хэмжээг Боловсрол судлал, аргазүйн (БСАЗ) тэнхим Боловсрол судлалын сургуулийн захиргаатай хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй. Тус хурлыг БСАЗ-н тэнхимийн докторант оюутны тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, дэмжих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих араг зүйд суралцах, санал бодлоо солилцох, эрдэм шинжилгээний нийтлэлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг. Ийнхүү зохион байгуулагч болон оролцогчдын байр суурийг хүргэе.


 

Г.Баярмаа: Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах сурагчдын тоо буурсаар байгаа

 

МУБИС-ийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч Г.Баярмаа “Манай тэнхим Монгол Улсын боловсролын салбарын хүний нөөцийг бэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Боловсролын чиглэлээр Монгол болон Хятад улсын оюутнууд магистр, докторын сургалтад хамрагдаж, эрдмийн зэргээ нэмдэг. Энэ жил боловсрол судлалын магистрыг 10 хүн хамгаалж байна. Энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар магистрант, докторантууддаа судалгааны арга зүйг эзэмшүүлэх, өөрсдийнхөө судалгааны үр дүнг танилцуулах, цаашид хийх судалгааны ажлуудаа нарийвчлан боловсруулахад багш нарын зүгээс дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зорилготой.

Боловсрол гэдэг өргөн ойлголтыг эрдэмтэд тал талаас нь авч үзэж байна. Боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч буй. Бид боловсролын асуудлыг олон салбар шинжлэх ухааны уулзвар дээр авч үздэг. Тухайлбал, боловсролын эдийн засаг, философи, социологи гэх мэт. Сурагчдын хувьд нийгмийн шинжлэх ухааныг уншаад ойлгоход хялбар гэдэг утгаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ чиглэлийн хичээлээр өгдөг. Харин Монгол Улсын хөгжлийг авч явах байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах сурагчдын тоо буурсаар байгаа” гэсэн юм.

 

Монгол оюутнуудад шүүмжлэлт сэтгэлгээ хамгийн их үзүүлэлттэй гарчээ

 

Тус эрдэм шинжилгээний хуралд "Оюутнуудын бие хүний шинж, оюун ухааны чадамжийг зөөлөн ур чадвартай харьцуулсан" судалгааны талаар Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС)-ийн доктор Б.Дорж танилцуулсан юм. Уг судалгаанд МУИС, МУБИС, Ховд, Дорнод их сургуулийн 2489 оюутан хамрагджээ. Улмаар хувь хүний зан чанар нь тэдний бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах зэрэг зөөлөн ур чадвартай хэрхэн уялдаж байгааг судлахыг зорьсон байна.

Оюутнуудын асуудал шийдвэрлэх чадвар нь харилцааны ур чадвартай, бүтээлч байдал нь нээлттэй зан төлөвтэй хамгийн их хамааралтай байна. Удирдах ур чадвар харилцааны чадамжтай хамааралтай байгаа бол шийдвэр гаргах чадвар нь логик, математикийн чадамжтай уялдаж байгаа юм. Түүнчлэн танин мэдэхүйн уян хатан байдал нь байгаль шинжлэлийн чадамжтай хамгийн их холбогдож байгааг судалгааны үр дүн харуулжээ.

Энэ талаар тэрбээр "Оюуны чадамжийн тухай олон талаас нь тайлбарлах хандлага байдаг. Тухайлбал, Харвардын их сургуулийн профессор Ховард Гарднер найман оюун ухааны чадамжийг тодорхойлсон байдаг. Тодруулбал, хэл ярианы, математик логикийн, дүрслэл орон зайн, хөгжмийн, бие хөдөлгөөний, харилцааны, өөрийгөө танин мэдэхүйн, байгаль дэлхийгээ хайрлаж, танин мэдэхүйн оюун ухааны чадамж байдаг хэмээн тодорхойлсон. Дээрх оюун ухааны найман хэв шинжийг тодорхойлох 40 асуулгаар 2000 гаруй оюутнаас судалгаа авсан гэсэн үг. Манай улсын оюутнуудын бие хүний байгаль шинжлэлийн чадварын дундаж хамгийн их (15.6) байсан бол хөдөлгөөний чадамжийн дундаж хамгийн бага (15.2) үзүүлэлттэй гарсан. Монгол орны хувьд бусад улсын иргэдтэй харьцуулахад тодорхой чадвар өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, монголчуудад байгальтай харьцах ур чадвар өндөр үзүүлэлтэй гардаг" хэмээн доктор Б.Дорж ярьсан юм.

Тэрбээр үргэлжлүүлэн "Хүн болгон сэтгэл зүйн хувьд өөр өөрийн онцлогтой. Энэ чадварыг боловсролын системд хэрхэн яаж харгалзуулах вэ гэдэг нь чухал. Дээрх судалгааны хүрээнд бие хүний зан төлөвийн их таван онцлогийг авч үзсэн. Үүнд, нийцтэй зан ба дайсагнасан зан, нээлттэй болон хаалттай зан, эмх цэгцтэй ба цэгцгүй зан, сэтгэлийн тогтвортой болон тогтворгүй зан, туршлагад нээлттэй байх чанар багтана.

Эдгээр их тавын дунджийн хувьд оюутнуудад зөвшилцөх хандлагын дундаж (5.04) хамгийн их гарсан байна. Мөн зөөлөн ур чадварын хувьд шүүмжлэлт сэтгэлгээ (17.9) хамгийн их үзүүлэлттэй гарчээ. Зөөлөн ур чадвар нь асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, удирдах ур чадвар, хамтран ажиллах, сэтгэл хөдлөлөө удирдах, шийдвэр гаргах, багаар ажиллах, мэргэжлийн чиг баримжаа багтана. Энэ чадварууд гэдэг нь хувь хүний өөртэй нь холбоотой чадварууд юм. Үүнийг үнэлж, тодорхойлоход төвөгтэй, хугацаа их шаардагдах магадлалтай. Энэ дотроо харилцааны ур чадвар, бусдыг сонсох, бусдыг мэдэрч ойлгох гэх мэтчилэн хувь хүнийг амжилтад хүргэх зан чанарууд ордог. Ажил олгогчид илүү хувь хүний зан чанарыг чухалчилж үздэг" гэлээ.

 

“Бид аливаа нэг улсын тэргүүн туршлагуудыг энд тэндээс нь сэглэж хэрэглэснээр үр дүнд хүрэхгүй” гэв

 

Чанарын стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг сургагч багш, тэргүүлэх аудитор, докторант Ш.Соёлзул “Боловсролыг байгууллагын менежментийг глобал түвшинд хөгжүүлэх хэрэгцээ хүлээлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тодруулбал, боловсролын салбарт зайлшгүй хэрэгцээтэй байгаа Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны 21001:2021 олон улсын стандартын онол, үзэл баримтлалд тулгуурласан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар судалжээ.

Тэрбээр “Боловсролын салбарын манлайллыг хөгжүүлж, хөшүүрэгдэж байж энэ салбар дараагийн шатанд гарна гэж боддог. Боловсролын байгууллагын удирдлага, захирал, менежерүүд ямар түвшний манлайлал хэрэгжүүлж байгууллагынхаа тогтвортой хөгжлийг хангах вэ гэдэгт чиглүүлдэг стандарт бий. Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны 21001:2021 олон улсын стандарт MNS стандарт болоод Монголын зах зээлд хэрэгжээд эхэлсэн.

Бид аливаа нэг улсын тэргүүн туршлагуудыг энд тэндээс нь сэглээд хэрэглэх биш, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний багийнхан ажилласан энэхүү стандартыг хэрэгжүүлбэл илүү тогтвортой, урт хугацааны сайн үр дүн гарна. Энэхүү стандартыг ДХИС, Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв хэрэгжүүлээд байна. Хувийн, улсын байгууллага байх нь хамаарахгүйгээр өөрсдийнх нь байгаа нөөцөд нь тулгуурлан манлайллын чиглэлээр хөгжүүлдэг давуу талтай” гэсэн юм.

Харин “Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн”-гийн Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн судалгааны секторын эрхлэгч доктор Х.Отгонбаатар тус эрдэм шинжилгээний хуралд “Боловсролын судалгааны чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “2019 оноос хойш цар тахал болон нийгэм, технологийн шилжилт, өөрчлөлтийг дагаад боловсролын судалгааны чиг хандлага, үүрэг маш томоор, шинээр бий болж байна. Сүүлийн жилүүдэд, тархи судлал, суралцахуйд чиглэсэн судалгааг хийх ёстой талаар олон улсын байгууллагууд тодорхойлж гаргасан. Биг дата, хиймэл оюун ухааны эрэн үед ямар үнэт зүйлийг баримталж судалгааны ажлуудыг хийх шаардлагатай талаар судлах хэрэгцээ үүсэж байна” гэв.

 

Ц.Сарангэрэл: Элсэгчдийн 0.6 хувь нь л англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцдэг

 

Үргэлжлүүлэн МУБИС-ийн Англи хэлний багш, докторант Ц.Сарангэрэл “Сурагчдын англи хэлээр уншиж, ойлгоход тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд” гэсэн илтгэл хэлэлцүүлэв. Түүний хувьд судалгаагаа 200 гаруй судлаачийн өгүүлэлд эшлэгдсэн, Хятадын эрдэмтний боловсруулсан судалгааны аргаар МУБИС-ийн 150 гаруй оюутнаас судалгаа авчээ. Судалгаа хийх болсон үндэслэлээ тэрбээр “Манай сургууль шинээр элсэн орж байгаа оюутнуудаас Англи хэлний түвшин тогтоох шалгалт авдаг.

Тус шалгалтын оноо хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Нийт шалгалт өгсөн элсэгчдийн 0.6 хувь нь л тэнцдэг. Тиймээс “Та нар англи хэлээр яагаад сайн ярьж, уншиж, ойлгож чадахгүй байна вэ. Ямар бэрхшээл тулгарч байна вэ” гэдгийг судалсан. Судалгаанд өгсөн нийт асуулгыг дүгнээд үзэхэд нэгдүгээрт, үгийн салаа утгыг сайн ойлгодоггүй гэж хамгийн их хариулсан байсан. Хоёрдугаарт, богино ба урт сэдэв байсан ч унших аргачлалаа мэддэггүй гэсэн бэрхшээл тулгардаг гэж хариулсан. ЕБС-д хамгийн багадаа таван жил англи хэл үзсэн хүүхдүүд яагаад энэ бэрхшээлүүдтэй тулгараад байна вэ гэдгийг авч үзсэн.

Ингэхэд ЕБС-ийн сурах бичиг дээр сурагчдын эзэмших ёстой арга барилуудыг зааж өгөөгүй, үгийн салаа утгыг хичээл бүр дээр давтагдсан байдлаар оруулаагүй байсан. Хамгийн сүүлийн шалтгаан нь хүүхдүүд юм уншихаа больсонтой холбоотой гэж үзсэн” хэмээв.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top