“The Telegraph”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улс нийт хүн амаа 12 сарын дотор урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд, С.Энхболд Телеграф сонинд өгсөн ярилцлагадаа Засгийн газрын хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, өвчлөлийг ноцтой түвшинд хүрэхээс өмнө илрүүлэх гэжээ. Тэрбээр таван жилийн дотор эдийн засаг, эрүүл мэндийн салбарт бодитой өгөөжөө өгнө гэж найдаж буйгаа мөн тодотгож байлаа.
Түүнчлэн С.Энхболд "Энэхүү олон нийтийг хамарсан хөтөлбөрийг явуулснаар бид мэдээллийн том өгөгдөлтэй болно гэж найдаж байгаа бөгөөд уг үр дүнд үндэслэн бид үндэсний эрүүл мэндийн бодлогын цаашдын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох боломжтой болно. Хэрвээ бид эрүүл, боловсролтой хүн амтай болбол ирээдүйд улс орноо улам дэвшилттэй хөгжүүлнэ гэж бодож байна" гэв.
Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй Монгол бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс юм. Тус улсын хүн амын тал орчим хувь нь нийслэл Улаанбаатарт , үлдсэн нь уулс, өвслөг тал, говь цөлд тархсан байна. Эрт илрүүлэг хөтөлбөр нь сэтгэцийн эрүүл мэнд, чихрийн шижин, глюкозын түвшин, гепатит В, С, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар зэрэг өргөн хүрээг хамарсан шинжилгээ хийхээс гадна зүрхний цахилгаан шинжилгээ, хэвлийн хөндий, бамбай булчирхай, хөхний хэт авиан шинжилгээг багтаасан байна.
"Улс орон даяар хэрэгжиж буй эрүүл мэндийн үзлэгт хамрагдахын бас нэг давуу тал бол бид удаан хугацааны туршид Ковид өвчнөөр өвдөж буй хүн амыг тодорхойлохыг хичээж байгаа явдал" гэдгийг Энхбод мөн тодотгож байв. Өнгөрсөн тавдугаар сард үзлэг хийж эхэлснээс хойш 400 мянга орчим хүн ямар нэгэн төрлийн өвчтэй гэж оношлогджээ. Хотод насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтний асуудал, хорт хавдар, хорт хавдрын өмнөх өвчлөл өндөр байгаа бол хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байгаа нь эхний үр дүнгээс харагдаж байна. Оношлогдсон хорт хавдрын 20 хувь нь ходоодтой холбоотой байгаа аж.
С.Энхболд “Монгол Улсын Засгийн газар урт хугацааны хөгжлийн хэтийн зорилгоо тодорхойлоод байгаа. Бид үүнийг “Алсын хараа 2050” гэж нэрлэсэн бөгөөд үүний хүрээнд Монгол Улсын иргэн бүр жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах эрхтэй. Мэдээж өвчнийг эрт илрүүлж, оношилсноор хүн ам, улсын төсөвт их хэмжээний санхүүгийн дарамт ирэхээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэжээ.
Монгол Улс Ковид-19-ийн өвчлөлийг дэлхийн бусад улстай харьцуулахад харьцангуй бага бага түвшинд байлгаж чадсан бөгөөд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоо дахин нээх нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүй Эрүүл мэндийн сайд өөдрөгөөр харж байгаа аж. Тэрбээр “Хятадад тархсан зарим хувилбар манай улсад ч илэрсэн. Тиймээс бид ямар нэгэн дархлаатай болсон гэж бодож байна” гэв.
Мөн Их Британи эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажилтнуудын хомсдолтой тэмцэж байгаа энэ үед Монголын хэрэгжүүлсэн туршлагаас зарим зөвлөгөөг өгсөн юм. Тэрбээр “Энэ сорилтыг даван туулахын тулд бид сувилахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрөөс нь хөнгөлөлт үзүүлэх, туслах сувилагчийн ажилтнуудыг бэлтгэх, олон тооны эрүүл мэндийн сайн дурынхныг дэмжих зэрэг бодлогыг хэрэгжүүлсэн” гэв.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )