Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

2023 оны 01 сарын 18

Он гарсаар хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар худал мэдээ мэдээлэл цацагдаж олон нийтийг төөрөгдүүлсэн. Тэгвэл энэ сарын 16-наас эхлэн хүүхдийн мөнгө авах иргэдийн гар утсанд мессеж илгээх болжээ. Гэтэл бодит байдал дээр  халамжид бүртгэлтэй утасны дугаарт нь мессэж ирээгүй гэх иргэд олон байх бөгөөд "emongolia" болон "ehalamj.mn" сайтаар нэвтрэн халамжийн мэдээллээ шалгахад зөрүүтэй байгаа нь олон нийтийн дунд бухимдал үүсгээд буй.

Энэ асуудалтай уялдуулан холбогдох байгууллагын мэргэжилтнүүд юу хэлснийг хүргэе.


 

Д.Лхамсүрэн: Үл хөдлөх хөрөнгөө зарсан бол хасалт хийгдсэн эсэхийг шалгуулах ёстой

 

Үндэсний стастикийн хорооны дэд дарга

 

-“Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалын тооцооллыг боловсруулж хэрэгжүүлэхэд төрийн 10 гаруй байгууллага Дэлхийн банктай хамтран ажилласан. Үүнийг боловсруулж хэрэгжүүлэхдээ 40 гаруй улс орон буюу Бразил, Тайланд, Турк зэрэг оронд  ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл өрхийн орлого хөрөнгийн мэдээлэлд үндэслэн судалгаа хийдэг. Одоогоор аргачлалыг боловсруулан тооцоо хийсэн цаг хугацаатай уялдан алдаа гарч байгааг үгүйсгэхгүй.

Тухайлбал, иргэн үл хөдлөх хөрөнгөө борлуулчихаад худалдаж авсан эзэндээ үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлэх хүртэл таны мэдээлэл хуучин хэвээр байсаар байх болно. Үл хөдлөх хөрөнгөө зарсан бол хасалт хийгдсэн эсэхийг шалгуулах хэрэгтэй.  Хасагдаагүй бол тухайн дүүргийн баг хорооны Засаг дарга, мэргэжилтэнд хандаж хасалт хийлгэхгүй бол мэдээлэл шинэчлэгдэхгүй. Өрхийн орлогыг орлуулан тооцоход зээлийн мэдээллийн статикийн чанар оролцоо багатай учир үүнийг оролцуулахгүй байхаар тусгасан” хэмээв.


 

Б.Билэгдэмбэрэл: "Еhalamj.mn", "E-mongolia.mn" цахим сайт төрд байгаа мэдээлэлд үндэслэсэн

 

ЦХХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

 

-“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй гэсэн зарчим бий. Тиймээс мэдээлэл хариуцагчдаас иргэдийн мэдээллийг тулгасан. Мэдээлэл хариуцагч мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хангах ёстой. Бидний зүгээс 470 мянган иргэнд цахим хэлбэрээр тооцооллын аргачлалыг хүргэсэн. Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй байвал засуулах боломжтой. Ихэнх иргэн өөрийнхөө мэдээллийг шалгаад харсан байна.

Иргэд мэдээлэл хариуцагч байгууллагад хандаж мэдээллээ засуулах боломж бий. Хоёр систем болох Еhalamj.mn, E-mongolia.mn сайтад нэвтэрч, мэдээллээ шалгаж болно. Төрд байгаа мэдээлэл дээр үндэслэж тооцоо хийгдсэн. Таны хувийн  мэдээллийг хүүхдийн мөнгөний босго оноо тооцох зорилгоор ашиглаж байгаа талаарх мэдэгдлийг хуулийн дагуу иргэдэд хүргүүлсэн” гэсэн юм.


 

А.Хишигбаяр: Мэдээллийн зөрүүтэй байдлаа засварлаж хүүхдийн мөнгийг нөхөн авах боломжтой

 

ХНХЯ-ны бодлого төлөвлөлтийн дарга

 

-“Энэ удаагийн аргачлалаар төрийн байгууллагын таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхөө үнэлсэн. Төр иргэн хамтарч цахим шилжилтийн хүрээнд засварлах шаардлага гарчээ. Ийм учраас иргэд та бүхэн Ehalamj болон Emongolia цахим сайтад хандаж мэдээллээ засаж залруулах боломжтой. Бүртгэлийн мэдээлэл шинэчлэгдэж засагдсан бол  хүсэлт гаргасан өдрөөс хүүх­дийн мөнгийг нөхөж олгоно” гэв.


 

Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгөний асуудал хариуцсан байгууллагууд хоорондоо уялдаагүй ажилладаг

 

ЗГХЭГ-ын дарга

 

-"Хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгч байгаа НДЕГ, ХХҮЕГ, АТҮТ, ҮСХ, УБЕГ, ТЕГ гэх зургаан байгууллагууд нь хоорондоо мэдээллээ солилцдоггүй, уялдаагүй ажиллаж байгаагаас тус асуудал үүсээд байна. Иймд эдгээр алдаа, дутагдлаас үүдэж, олон нийтийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна.

Монгол Улсад анх удаа төр өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм. Тиймээс бид гарсан алдааг засварлаж, цаашид цахимжих ажлаа улам бүр шинэчлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна. Системд таныг хүүхдийн мөнгөө авна гэсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө ямар нэгэн асуудалгүйгээр олгогдоно. Харин зөрчилтэй буюу байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж, өндөр орлоготой болж харагдаад байгаа, хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа гэх ойлголт төрж буй иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд Засгийн газраас зохион байгуулна. Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтарч ажилласны үндсэн дээр мэдээллийнхээ санг шинэчлэх, анхан, дунд шатны бүртгэлийн байгууллагуудын эрчимтэй үйл ажиллагааг зохион байгуулна” хэмээв.


 

Б.Жавхлан: Хоёр болон гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно

 

Сангийн сайд

 

-“Төр анх удаа мэдээллийн сангаа ашиглаж, амьжиргааны түвшинг тооцоолж 91 хувьд олгох ажлыг эхлүүлж байгаа юм. Үүнд мэдээллийн санд байгаа давхардлаас болоод л бухимдал үүсэж байгаа юм. Түүнчлэн "Өрхийн мэдээллийн сандаа цаг тухайд нь шинэчилж хийгээгүй, төрийн байгууллагын уялдаа холбоо зэрэг зүйлд анхаарч, сайжруулах болсон гэдгийг харуулж байна. Үүнийг цагаан сараас өмнө мэдээллийн баазыг шинэчилж, төрийн бодлогыг хүрээмжтэй саадгүй явуулах нь чухал байна. Хугацаа бидэнд бий. Мэдээллийн хувьд асуудалгүй иргэд хүүхдийн мөнгөө аваад эхэлчихсэн. Харин хоцорсон нь тухай бүртээ авна. Хоёрдугаар сар гарсан тохиолдолд нөхөж өгнө, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг ч өгнө. Цагаан сар болох учир гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох ажлыг зохион байгуулж байна” гэсэн билээ.

Ямартай ч судалгааны үндсэн дээр нийт хүүхдүүдийн 91 хувь буюу  нэг сая 138 мянган хүүхдэд тэтгэмж олгохоор болсон. Гэтэл төрийн мэдээллээс харахад уг тоонд хүрэх эсэх нь тун эргэлзээтэй юм. Одоогоор хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой ehalamj.mn цахим системд 8000 гаруй өргөдөл иржээ. Үүнээс үзэхэд хүүхдийн мөнгөний асуудал өнөөгийн нийгмийн халуун сэдэв болсон нь илт. Харин олон нийтийн сүлжээнд иргэд бухимдлаа ийн илэрхийлжээ.


 

Иргэн: "Ehalamj.mn" түүхий байгаа нь харагдлаа

 

-“Манай цахим бүртгэлийн  мэдээлэл үнэхээр асуудалтай. Цахимжилт хэдий яриад байгаа боловч үнэндээ агуулга бус хэлбэрт  хөөсөрч суугаа юм байна бид.

Иргэн: Хамаг ажлаа хаяад хүүхдийн мөнгөнийхөө араас хөөцөлдсөн

Ажлаа хаяад хүүхдийн мөнгөний араас хөөцөлдлөө. Үүнээс болж бухимдаж байна.

Иргэн: Орон гаран төрийн албан хаагчдын балаг дуусахгүй

Би нэг хүүхэдтэй байхад "еmongolia" цахим системээр шалгахад танихгүй дөрвөн хүүхдийн нэр гарч ирсэн. Маш их гайхсан. Харин Еhalamj.mn сайтад шалгахад огт хүүхэдгүй гэх юм. Яг юу гэгч болоод байгааг ойлгохгүй байна. Ипотекийн зээл авах гэхээр орлого хүрэхгүй гэдэг. Гэтэл хүүхдийн мөнгө авахад баянд тооцогддог. Хөрөнгөтэй ч болж болохгүй нийгэм үү. Орон гаран төрийн албан хаагчдын балаг дуусахгүй юм.

Иргэн: Хүүхэдгүй над дээр хоёр хүүхдийн бүртгэл үүссэнийг гайхлаа

Илүү зүйд дурлаад "еhalamj.mn" сайтад нэвтэртэл хоёр хүүхэдтэй гэсэн мэдээлэл гарч ирсэн. Над дээр яагаад ийм бүртгэл үүссэнийг гайхлаа. Надад хоёр муурнаас өөр зүйл алга.

Энэ мэтчилэн хүүхдийн мөнгийг тойрсон дуулиан тасарсангүй.  Анх сарын орлого нь 3.5 саяас бага өрхөд хүүхдийн мөнгө олгоно гэсэн байдаг.  Гэтэл бодит байдал дээр нийт хүн амын дийлэнх хувь нь баян болж хувирав уу гэлтэй.  Энэ байдлаар хүүхдийн мөнгийг олгосноор 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа гэдгийг ташрамд албаныхан онцолж буй юм.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.121.66) 2023 оны 01 сарын 19

арга ядсан хулгайч төр

0  |  0
Иргэн(150.129.142.140) 2023 оны 01 сарын 18

ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛ ГЭР БҮЛИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГООС ХАМААРЧ ӨРХИЙГ ДЭМЖИХ ГЭСЭН МӨНГӨ БИШ ШҮҮ МОНГОЛ УЛСАД ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ОЛГОГДОХ МӨНГӨ МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ХЭВЭЭРЭЭ БОЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГО ХЭРЭВ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГОХОО ЗОГСОО ЯГ НАРИЙНДАА ТА НАР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно./ ГЭСЭН ЗААЛТЫГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГААГАА ОЙЛГООРОЙ...

0  |  0
Я(202.9.47.49) 2023 оны 01 сарын 18

Тэр 40 орон нь манайх шиг хэдхэн х.амтай,авилга инфляц өндөр,хөгжил дорой биш бх.харинч нэмж бгаашүү.авилгач хулгайчдаа.ийм ажил хийчээд судалж ажилласан гэхүү арайчдээ.ипотектэй о.сууцтай 50% шахам татвар төлөөд ажилгүй тэт.нас хүрээгүй эхийгээ тэжээдэг хүн баян болжуу.1 тариа авч хүрэхгүй мөнгө хасах гэж юун аргачлал зохиож ядаад хасах шалтаг хайгаад бгаан бээээ.хулгайч,авилгачдаа дийлэхгүй бж...

1  |  0
Хүүхэд бүрт өг(66.181.161.52) 2023 оны 01 сарын 18

Зүгээр л бүх хүүхдэдээ олгочээ цөөхөн хэдхэн хүүхэд байгаа биз дээ арчаагүй ч төр засаг болдоо

1  |  0
бүгд(66.181.177.26) 2023 оны 01 сарын 18

ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ТУСДАА АМЬДАРЧ ТЭР ОРОН СУУЦ, МАШИН ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ. БООМЖТОЙ НЬ ХУРИМТЛУУЛЖ БАНК ТҮҮНИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛДАГ, БОЛОМЖГҮЙ НЬ ХЭРЭГЛЭДЭГ ӨЧҮҮХЭН МӨНГӨ. ТЭНЭГ БИШ БОЛ НИЙТЭД НЬ ОЛГО.

0  |  0
Top