Тэрбумаар хэмжигдэх утааны төсөв хаашаа орсон бэ?

2023 оны 01 сарын 20

Нийслэлчүүд жил болгон утааны тухай ярьж, утааг бууруулах төсөв мөнгийг нэмсээр ирэв. Хотын хүн ам өсөж, төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотой орчны бохирдол ихэсч, байгаль орчин болон нийгэм, эдийн засаг, хүн амын амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаагийн тод илрэл нь утаа. Энэ байдал одоо ч үргэлжилсээр.

Төсөл хэрэгжүүлж зуух яндан тарааж, гэрийн бүрээс өгсөн ч байдал дээрдээгүй. Тайлан тооцоо төсөв мөнгө нь л талийсан. Тэр мөнгө хаашаа урссаныг хэн ч мэдэхгүй, харин утаа хэвээр үлдсэн. Утаагүй түлш үйлдвэрлэж, үйлдвэр байгууллаа гэлцсэн. Анхны туршилтаар олон хүн угаартаж, өчнөөн гэр бүлд хагацал нүүрлэсэн. Одоо ч утааны найрлагад хортой бодис байна, хүхэрлэг хийн агууламж өндөр гарлаа. Хүүхдүүдийн дунд ханиад томуу ихэсч, амьсгал боогдох, томчуудын элэгний өвчлөл нэмэгдсэн гэсэн мэдээлэл гарч байна. Үнэн хэрэгтээ утааг бууруулна гэх үлгэр домгийн яриа хаана хүрч хэрхэн дуусахыг таашгүй.

Утаатай холбоотой төрийн байгууллагын мэргэжилтэн, төрийн түшээд утаа буурч байгаа гэдэг. Бодит байдалд утааны эсрэг хийсэн ажил тодорхой бус. Үр дүн огт гараагүй. Ийн явсаар утааны асуудлыг хариуцах эзэн ч алга. Хамгийн сүүлд л гэхэд  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Энэ жил хүйтэн бас салхигүй байна. Яг үнэндээ салхитай үед л утаа багасдаг, үнэнээ л хэлье. Бидний байгаа бололцоо нь энэ” хэмээн хэлж, олны эгдүүцлийг хүргэсэн. 

Утаа их байгаад салхи буруутай бололтой. Өөртөө бурууг халдаахгүй, бас эрхэлсэн ажилдаа хариуцлага хүлээхгүйгээр элдэв үзэгдэл утааг арилгана гэж найддаг төрийн түшээ, бодлого тодорхойлогч байгаа нь харамсалтай. Тэднийг ийн улс төрийн “хошин шог”, арьсаа хамгаалсан багт наадам дэглэж байх хойгуур утаа утгаа алдаж нийслэлийн хүн ам эрүүл мэндээрээ хохирч өдөр ирэх тусам хордсоор. Гэтэл утааг бууруулах ажилд зарцуулагдсан хөөсөрсөн төсөв хэдэн тэрбумыг давжээ.

 

2022 онд 24 тэрбум төгрөгийг утааг бууруулна хэмээн “хийсгэжээ”

 

Дэлхийн том хотуудтай харьцуулахадд дөнгөж 1.4 сая хүн амтай Улаанбаатар хотод Хүхэртийн хөндий гэдэг нэр л зохино. Олон жил утааны асуудал толгой өвтгөж байсныг 2019 оны өвөл Засгийн газрын тэргүүн, тухайн үеийн Хотын даргын манлайллын үр дүнд утааг 50 хүртэл хувиар бодитоор бууруулж чадсан гэлцдэг.

Тэр нь сайжруулсан түлшийг хэрэглээнд нийлүүлсний үр дүнг багахан хүртсэн явдал. Гэвч энэ нь түр зуурын аргацаасан хэрэг байв. 2020 оноос эхлэн нийслэлчүүд угаарын хийнд дахин хордсон. Утааг бууруулах нэрийдлээр өмнөх жилүүдэд Засгийн газраас хэдэн тэрбум төгрөг зарцуулсныг эргэн санахад, 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 тэрбум төгрөг, 2017-2020 онд 456.1 тэрбум төгрөгийг улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаас зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байгаа юм. Харин өнгөрөгч 2022 онд улсын хэмжээнд 24 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулжээ

Утаанд ач холбогдол өгч үүний эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо юм. Гэтэл тухайн байгууллага энэ асуудлыг төдийлөн сайн мэдэхгүй байна гэх хариултыг мэргэжилтнүүд нь ярьж сууна. Тус хорооны зүгээс утааны эсрэг ямар арга хэмжээ авсан болон хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийнх нь талаар тодорхой мэдээлэл хаана ч алга.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа явуулж эхлээд таван жилийн нүүрийг үзсэн. Монгол хүн болж төрснөөр яагаад заавал утаа униар нь стандартаасаа давж аюулын түвшинд хүрсэн орчинд амьдарч аж төрөх ёстой гэж хэмээн бухимдах хүмүүс олон болсон. Арга ч үгүй шүү дээ,  өдрөөс өдөрт өтгөрөх утаа та бидний амьд явах эрх чөлөөнд заналхийлж байгаа үнэн. Тэгвэл утааны асуудлыг хэрхэн нэг тийш болгох вэ. Дээр дурдсанаар 2020 онд утаа 50 хүртэлх хувиар буурсан. Харин одоогийн нөхцөл байдал хүндхэн байгааг үүгээр хэлье. Утаа ихэссэн асуудлыг мэргэжилтнүүд 50 хувь нь иргэдийн нөлөөнөөс үүдэлтэй хэмээж буй. Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах зорилго тавьсан. Харин энэ бодлого талаар болж байгаа бололтой. Нийслэлчүүд манан мэт хөшиг татсан утаанд амьдраад аргаа барж байгаа нь энэ.

 

Орон нутгийн иргэдэд угаарын хийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөхөд 6.6 тэрбумыг зарцуулжээ

 

Утааг бууруулахад хэдэн тэрбумын төсөв зарцуулсан  тухайд чихэндээ ч итгэмгүй тоо сонсогдох аж. Үүнд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул дараах тайлбарыг хийсэн байх юм.

Тэрбээр “Утааг 80 хүртэлх хувиар бууруулах зорилт төслөөс ухарсан үзүүлэлт огт байхгүй. Нийслэлийн хэмжээнд суурилуулсан судалгааны автомат харуулуудын мэдээлэлд үндэслэхэд 2021 онтой харьцуулахад 2022 онд хүхэрлэг хийн хэмжээ үл ялиг буурсан. II, III, IV болон Амгалан цахилгаан станц гээд 4200 квт-аас дээш томоохон хүчин чадалтай зуухнууд жилд 119 мянган сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарт ялгарч буй хүхэрлэг хэмжээ ихсэх нэг хүчин зүйл мөн. Станцуудын яндангийн хэмжээ урт байх тусам агаарт ялгарах тоосонцор бодисын хэмжээ  бууна.

Хоёрдугаарт, автомашинаас ялгарч буй бохирдол нэлээн өндөр. Улаанбаатар хотод 640  мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 87 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хөдөлгүүртэй. Олон жил  ажилласан машины хөдөлгүүр агаарт ялгарах хийн хэмжээг нэмэгдүүлж улмаар агаарын бохирдлыг 25-30 хувийг  тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа эзэлдэг” хэмээн ярьжээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааг бууруулахад зарцуулсан 24 тэрбум төгрөгийн 6.6 тэрбумыг нь орон нутгийн иргэдэд угаарын хийнээс хэрхэн хамгаалах талаар мэдээ, мэдээлэл өгөх  цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан гэж тайлбарлаж буй юм. Мөн дөрвөн тэрбумыг хөдөө орон нутгийн агаарын чанарын асуудалд зарцуулсан аж. Харин үлдсэн төсөв нь нийслэлийн утааг бууруулах ажилд зарцуулагдсан гэдгийг хэлж байгаа юм. Ямартай ч утааг бууруулахын эсрэг дорвитой арга хэмжээ хийхгүй байгааг олон жишээ харуулж байна. 

Утааг бууруулах арга хай гэснээс угаарын хий мэдрэгч олныг суурилуул гэж хүсээгүй л байлтай. Иймд иргэдээс биш утааны эсрэг бодлого хэрэгжүүлэгчид өөрсдөөсөө хариуцлага нэхэх цаг болжээ.

Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо цаашид богино хугацаанд утааг бууруулахын тулд сайжруулсан түлшний технологийг шинэчлэх ажлын хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэж байсан. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг хий болон цахилгаанаар халаах урт богино хугацааны зорилтууд тавьсан байна. Үүнтэй холбогдуулж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Эрчим хүчний яамтай хамтарч 43 мянган айл өрхийг цахилгаанаар хангаж утаагүй бүс болгохоор төслийг хүргүүлсэн ч цахилгааны эх үүсвэр хүндрэлтэй байгаа учир удаашралтай байгааг хэлж байна.

Хонх дуугарахаар, дамар нь таг гэгчээр уйвагүй төрд урагштай юм гэж алга. Утаанд зарцуулдаг төсөв жилээс жилд нэмэгдэж, уг асуудлыг хариуцсан албан хаагчдын цалин ч 10 саяын босгыг давсан атал утаа буурсангүй. Иймд эрүүл аюулгүй орчныг цогцлоож хүн амаа бодсон дорвитой шийдэлд хүрч гарт баригдаж нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлтийг иргэд хүсэж байна. Утааны эсрэг тэрбумаар хэмжигдэх төсвийн ашгийг бид хэзээ хүртэх вэ.

Б.ОЮУНЖАРГАЛ

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.192.42) 2023 оны 01 сарын 21

ДЦС-ууд олон сая т нүүрс түлж, гэр хороолол сайжруулсан нэртэй СО2-ын утааг их гаргадаг түлш түлэхээр хэзээ ч УБ хот хорт утааны бохирдлын аюулаас зайлахгүй. Харин УЦС байгуулаад ДЦС-ын нүүрс түлэлтийг бууруулаад, гэр орон сууцаа цахилгаанаар халаавал агаарын бохирдол буурна

0  |  0
Ц(202.9.46.245) 2023 оны 01 сарын 20

Тэрбум,наядаар нь идчээд хүүхдээс хэдэн төгрөг хасаад. Хулгайчууд огцроорой

0  |  0
Top