Г.Тэмүүлэн: Төсвийг зохисгүй зарцуулсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тогтолцоонд шилжинэ

2023 оны 01 сарын 20

Сэтгүүлч Ж.Баттуулын бэлтгэн хүргэдэг “Уулзах цэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар сайд болоогүй цөөхөн гишүүдийн нэг МАН-ын "Хун тайж" гэгддэг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн оролцсон юм. Түүнтэй төсвийн ил тод байдлын талаар ярилцсаныг хүргэж байна.


-Та сайхан өвөлжиж байна уу?

-Өнтэй сайхан өвөлжиж байна.

-Тэгэхээр танд хэдхэн хоногийн өмнө сайд болох саналыг тавьсан. Чухам яагаад энэ саналаас татгалзсан талаар ярилцлагаа эхэлье?

-Өнгөрөгч хоёр дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудуулсан байна лээ. Тухайн өдөр ажилтай  байсан тул очиж амжаагүй.

Ингээд маргааш нь очсон. Дөрөв дэх өдөр Ерөнхий сайдтай уулзахад дадлага туршлагыг чинь харгалзан үзэж шинэ олон бэрхшээлтэй асуудлыг хариуцан цаашид боомтын нэвтрэх хүчин чадал нэмэгдүүлэх, тодорхой хэмжээнд шийдэл хүрэх нөгөө талаар урд хөрштэй гэрээ хэлэлцээр хийх асуудлууд байгаа учир энэ албан тушаалыг намайг гүйцэлдүүлж чадна гэдэгт итгэж  байгаа тул боомтын сайдаар ажиллах санал тавьсан. Миний хувьд ирэх нэг жилийн хугацаанд төсвийн реформын хүрээнд зайлшгүй хийж гүйцэтгэх ажил байгаа гэдгийг хэлсэн. Бидний хувьд төсвийн реформ шинэчлэлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнд тулгуурлаж судалгаа хийж эрдэмтэн судлаачидтай уулзсан. Ингэснээр тэдний санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусгасан. Төсвийн реформ нь Ерөнхий сайдын дэвшүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баримтлах гол бодлого болох юм.

-Таныг сайдын саналаас шууд татгалзсан гэдэгт эргэлзээд байна. Та боомт хариуцсан сайдын албан тушаалыг голсон юм уу?

-Би шууд энэ саналаас татгалзсан. Мэдээж төрийн хариуцлагатай албан тушаал учир надад албан тушаал голж шилэх асуудал байхгүй. Төсвийн байнгын хороонд хийх ёстой ажлууд өргөн хүрээтэй. Энэ нь магадгүй далайцынхаа хүрээнд алдагдалгүй, улс төрждөггүй төсөв баталдаг болох суурь ажлын эхлэл. Үндсэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 9.7 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай ажилласан. Бид алдагдалтай төсөв батлах тусам өр зээл нэмэгдэнэ. Үүнийг гадны зээл тусламжаар хаана гэсэн үг. Тэгэхээр үр хойчдоо өр зээл үлдээхгүй байхын эсрэг бодлогыг баримталж байгаа юм. Энэ цаг үед л үүнд цэг тавихгүй бол бид гарц шийдэлгүй болно. Иймд хувь хүнийхээ зүгээс энэ ажлыг зоригтойгоор эхлүүлсэн.

-Магадгүй танд Уул уурхайн сайд болооч гэх санал тавьсан бол та яах байсан бэ?

-Энэ цаг үеэс өөр нөхцөлд Уул уурхайн сайд болооч гэх саналыг тавьсан бол би татгалзахгүй байх байлаа. Яагаад гэвэл, уул уурхайн талаар би мэдлэгтэй дадлага туршлагатай учир  болохгүй асуудлын шийдэл гарцыг харж чадна. Харин одоо би эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой.

 

 

-Та бид хоёрын гол ярих сэдэв бол төсвийн хулгай. Нүүрсний хулгай  нэг хэсэг хүчээ авсан. Төрийн өмчит компаниудад яагаад хулгай гараад байгаа юм бэ. “Төр өмчтэй байж болохгүй. Өмчтэй байвал социализм” юм гэдгийг та чуулган дээр хэлсэн. Яагаад тэр вэ?

-Манай улсад байгаа 300 орчим төрийн өмчит компани бий. Үүний нэг нь ч ашигтай ажилладаггүй. Төрийн өмч байгаа цагт хулгай нүүрлэх болно. Учир нь бүх томилгоо төрөөс хийгддэг. Ер нь улс төрийн нөөлөлөл их. Үүнд, төлөөлөн удирдах зөвлөл хяналт тавих ёстой атал ажлаа хийж чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр томоохон төрийн өмчит компаниудын ТУЗ нь Яам, Тамгын газар болон төрийн нарийн бичгийн дарга нар байна. Тэд нэг талаараа бизнесийн ойлголтгүй. Зөвхөн цалин дээр нэмэгдэх урамшууллаа авах хүсэл сонирхлоор ажилладаг. Тиймээс бид бодитоор компанийн түвшинд хяналтаа бүрдүүлж, үр өгөөж хүртэж чадахгүй байгаа юм. Цаашид социализмын үеийн либерал байдлаар зах зээлээ дэмжиж чөлөөт зах зээлийн зарчмаа бий болгох эрүүл тогтолцоонд шилжиж бизнесийн орчин хөгжихүйц зарчмыг тогтоох ёстой. 

-Төр муу менежер гэж байгаад аятайхан ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаа албаар ашиггүй ажиллуулж хувьчилж авах сонирхол  улс төрийн бүлэглэлд байдаг. Өнгөрсөн хугацаанд Хөтөл, Төмөрлөгийн үйлдвэр гээд концессын гэрээ хувьчлалын асуудал гарсан. Үүнээс хулгай ямар байгаа нь ил тод харагдаж байна. Тиймээс төр өмчгүй, нийтийнх  байх ёстой гэдэгтэй би санал нийлэхгүй байгаа юм. Харин та үүнтэй санал нийлж байна тийм үү?

-Цаашид төрийн өмчийн компани байгуулж ашигтай ажиллаж ард түмэнд ашиг хуваарилах гэдэг бүтэхгүй зүйлд итгэх шаардлаггүй. Энэ тогтолцоогоор 20 жил явлаа. Одоо төрийн өмчийн компанид хулгай нүүрлэж буй асуудалд цэг тавих ёстой. Магадгүй энэ дөнгөж эхлэл. Цаашид бүх салбарын төрийн өмчит компаниудад тулгарах асуудал гэж боддог. Төрийн өмчит компани байгуулах гэж байгаа бол Норвегийн “Стат ойл” компаниас жишээ ав. Мэдээж биднээс хөгжлөөрөө илт давамгай улс. Иргэдийн төлөвшил, ёс зүй, цалин тэтгэмж нь төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирал ТУЗ-д тавигдах шаардлага нь өндөр. Цалин урамшуулал нь эрүүл тогтолцоотой. Аль ч улс орны төлөөлөл, сайн менежер очиж ажиллахад таатай орчин тэнд бүрдчихсэн. Гэтэл манай улсад эсрэгээрээ бүх төрийн өмчит компаний төлөөлөл хэн нэгний  сонгуулийн сурталчилгаанд оролцсон болон улс төрийн өндөр албан тушаалд зүтгэж байсан хүмүүс томилогддог.

-Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компанид битүү хулгай нүүрлэчихсэн. Хулгайг үгүй хийхийн тулд яах ёстой юм бэ. Тодорхой хувийг нь гадны зах зээлд гаргах юм уу?

-Төрийн өмчит хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй болгож хөрөнгийн биржээр хувьцааг нь арилжих шаардлага саналыг тавиад байгаа. Үүнийг нийгмээрээ хүсч байна.

-Хөрөнгийн биржээр худалдах  гэхээр мөнгөтэй хүн хэн байна. Тэр хувьцааг хэн авах юм бэ?

-Бид ямар хувьчлалын бодлого баримтлах нь дараагийн асуудал. Тэгэхээр суурь бодлогын 50-иас дээш хувь нь хувийн хэвшилд тулгуурлана. 100 хувь хувийн хэвшилд итгээд реформ шинэчлэлтийг бүрэн хийх ёстой гэж үзэж байгаа.

-Та долоо дахь жилдээ улсын төсвийг батлах гэж байна. 2023 онд 1.4 их наядын алдагдалтай төсөв баталлаа. Зовж, зовж хэдэн төгрөг цуглуулчихаад дахин сонгогдохын тулд байшин барилга, хөшөө, хашаа, ариун цэврийн байгууламж барьдаг тогтолцоо зөв юм уу? 

-Төсвийн шинэчлэлээр 14 хуулинд өөрчлөлт оруулах зорилготой. Энэ нь төсвийн шинэчлэлийн нэгдүгээр үе шат. Өнгөрсөн арван жилийн хугацаанд яригдаж байсан бүх алдаа оноог энэхүү хуулиар засаж залруулах гэж оролдсон. Мөн төсвийн хариуцлага тооцох тогтолцоо, олон нийтийн оролцоог шинэчлэх гэж оролдож байна. Өөрөө төсвийг төвлөрүүлж буцаагаад 21 аймаг 330 сумд есөн дүүрэгт хуваарилах нь зөв үү гэж асуулаа. Үүнийг засаж залруулахын тулд төсвийн систем тогтолцооны өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм. Татварын суурь бодлогын өөрчлөлтийг хийхэд бусад бүх салбарыг хөндөнө.

-Хэдий хэр хугацаанд төсвийн реформын шинэчлэлтийг хийнэ гэж?

-Дөрвөн сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн. Суурь том бодлогоо тодорхойлоод асуудал шийдлээ харж аймаг сум бүр тусдаа бие даасан төсөвтэй болж олсон орлогоороо тухайн орон нутаг дахь асуудлаа шийдэх энэ тогтолцоонд шилжинэ. Цаашлаад яаж төсвийн  төвлөрлийг сааруулж зөв оновчтой олон нийтийн оролцоотой төсвийг бий болгох шийдлийг олохын тулд мэргэжлийн эрдэмтэн судлаач нарын судалгаа нэн шаардлагатай.   

-Төсвөө төвлөрүүлчихээд 21 аймагт тараана. Ингэхийн тулд гишүүд Санийн сайдыг аргалж тойрогтоо төсөв батлуулна. Ийм байдлаар төсөл арга хэмжээгээ санхүүжжүүлнэ. Сангийн сайдтай муудалцчихвал тойрогтоо төсөв батлуулж чадахгүй. Төсөв батлуулахгүй байна гэдэг нь сонгогчдын нүүрийг харах эрхгүй  болно. Тэгэхээр гишүүд Сангийн сайдынхаа араас хөөцөлдөх нь алдаа мөн үү?

-Эрх мэдлийг нэг талдаа хэт их төвлөрүүлж байгаагийн шинж. Магадгүй Засгийн газар төсвөө төвлөрүүлэх  төлөвлөлт нь зөв байсан уу үгүй юу. Үүн дээр тухайн засаг захиргаа нэгжийн хуваариар тодорхой хэрэгтэй саналуудыг нь эрэмбэлсэн үү гэдэг нь асуудал. 2008, 2009 онд эдийн засаг хямарчихсан үе байлаа. Үүний дараа 2010 онд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шинэчлэлийн асуудлыг ярьсан.

Үндсэндээ Монгол Улсын төсөв санхүүгийн гол баримтлах ёстой баримт бичиг. Гэтэл энэ хууль сүүлийн арван жилийн хугацаанд мөрдөгдөөгүй. Өөрөөр хэлбэл байнгын өөрчлөлт оруулж байсан. Тухайн хуулинд тусгагдсан шалгууруудыг өөрчиллөө. 2012 онд Цэцийн шийдвэр гарч 2015 оноос хойш нийтдээ таван удаа төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт орсон юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар алдагдалтай төсөв батлахыг хязгаарлаж зээл нэмж авахад цензур тогтоох нь гол асуудал.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 6.1.2, 6.1.4 гэсэн онцлох хоёр заалт бий. Үүнд, Засгийн газрын төсвийн алдагдлын хувь хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй байхаар хязгаарласан. Мөн Засгийн газрын өрийн хязгаар дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Зардал хэтрүүлэх, ангилалд зөрүүлэх, сум орон нутгийнхаа иргэдийн ажил амьдралд зарцуулах төсвийг өөрсддөө завших.

Тухайлбал, сум орон нутгийн ойн арга хэмжээ хүлээн авалтад төсөвлөх. Төсвийг адаглаад оруулж ирэхдээ буруу зөрүү батлуулах гэх мэт энэ асуудал бүрд хариуцлага хүлээх тогтолцоо алга. Иймд төсвийг буруу зарцуулсан аймаг орон нутгийн Засаг дарга, төсөв баталсан, төсвийг захиран зарцуулж буй захирагч нарт хариуцлага хүлээлгэх   буюу албан тушаалаас огцруулах хуулийг бид боловсруулна. Ингэснээр хариуцлагын том реформыг хийж байна гэсэн үг.

-Сайдууд хариуцлага үүрнэ гэсэн үг үү?

-Тийм. Ингэж байж төсөв дагасан хулгайгүй болно.

-УИХ зураг, төсөвгүй зүйлд мөнгө төсөвлөдөг шүү дээ. Үүнийг нэг тайлбарлаач?

-Олон нийтийн хяналт хамгийн зөв алхам. Олон нийт төсвийн ил тод байдалд оролц, өргөн барих гэж байгаа төсвийнхөө талаар мэдээллийг тэдэнд  нээлттэй танилцуул, үүн дээр нь аудитын байгууллага хангалттай хугацаанд дүгнэлтээ хий. Төсвийн тухай хуулинд хариуцлагын тогтолцоо алга.

-Татвар төлөгчдийн хамгийн сайн анхаарах асуудал нь төсөв. Бидний төлсөн татвар юунд зарцуулагддаггийг анхаарах гэхээр хэн ч ойлгохгүй төсөв баталдаг. Үүнийг олон нийтэд яаж ойлгомжтой болгох юм бэ?

-Төсвийг 2022 оны аравдугаар сарын 1-нд өргөн барихад  ил тод болгохдоо судалгаа хийж ажиллах байдлаар амарчилж болох уу гэдэг асуудлыг сэтгүүлчид хэлсэн. Тийм учраас үүнийг  дотоод журмынхаа хүрээнд хуульчилж Word болон excel программын файлаар боловсруулах шаардлагатай болж байгаа юм. Бүх мэдээлэл ил тод ойлгомжтой байх асуудлыг хэлэлцэх гэж байна. УИХ хэлэлцэхээс өмнө бид аудитаар орчихсон төслийг өргөн барьдаг болгоё гэх зарчмыг баримталж байгаа юм. 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suhee(39.155.48.79) 2023 оны 01 сарын 21

qqq

0  |  0
cuhee(39.155.48.79) 2023 оны 01 сарын 22

Etsegteigee yaaj hulgai hiideg talaar yarilts tegvel mash sain esvel mash muu huuli garnaa

2  |  0
Top