Эдийн засаг ИРЭХ САРУУДАД

2023 оны 01 сарын 20

Эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар  хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг  "Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгааны шинэ мэдээллээс хүргэе. "NRCC” болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Хэрэглэгчийн итгэлийн улирал тутмын судалгааг өнгөрсөн  арванхоёрдугаар  сард  зохион байгуулжээ. 

Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 900 гаруй иргэд хамрагдаж, эдийн засгийн өнөөгийн төлөв, ойрын ирээдүйн хандлагын талаар мэдээлэл өгсөн байна.

Хэрэглэгчийн итгэлийн индекс

Хэрэглэгчийн итгэлийн индекс нь хэрэглэгчийн итгэлийг хэмждэг макро эдийн засгийн түрүүлэгч индекс. Хэмжихдээ өрхийн санхүү, ажлын байрны олдоц, бизнесийн нөхцөлийн хүлээлтээр хэмждэг. 

Тэгвэл Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2022 оны дөрөвдүгээр  улиралд өмнөх улиралтай адил түвшинд байна. Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 66.9 байгаа нь жилийн өмнөхөөс 30.0 пунктээр доогуур байна. Дөрөвдүгээр  улирлын үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай
харьцуулан авч үзье. 

Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг Өнөөгийн байдлын индекс энэ улиралд 91.2-оос 70.4 болж эрс буурсан. Харин хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг Ирээдүйн хүлээлтийн индекс 58.8-аас 65.7 болж өсжээ. 

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал

Хэрэглэгчдийн эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж өмнөх улирлаас буурсан байна. Бизнесийн нөхцөлийн талаарх үнэлэмж муудсан. 2.7 хувь нь бизнесийн нөхцөл “сайн” гэж хариулсан нь 2.8 пунктээр бага байна. 69.7 хувь нь бизнесийн нөхцөл “муу” гэж хариулсан. Энэ нь 3.7 пунктээр өндөр байна. Хэрэглэгчдийн хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ ч мөн мууджээ. 22.7 хувь нь ажлын олдоц “элбэг” гэж хариулсан нь өмнөх улирлаас 3.7 пунктээр бага, 41.7 хувь нь ажил олоход “хэцүү” гэж хариулсан нь өмнөх улирлаас 5.4 пунктээр өндөр байна.

Эдийн засгийн ойрын ирээдүйн төлөв

Хэрэглэгчдийн эдийн засгийн ойрын ирээдүйн талаарх хүлээлт эрс муудахад бизнесийн нөхцөл муудна гэсэн хүлээлт нөлөөлсөн байна. Хэрэглэгчдийн 11.7 хувь нь ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл “сайн” байна гэж хариулсан нь өмнөх улирлаас 0.2 пунктээр бага, 37.5 хувь нь бизнесийн нөхцөл “муу” байна хариулсан нь өмнөх улирлаас 2.6 пунктээр өндөр байна. Харин орлого болон ажлын олдцын хувьд хэрэглэгчид тодорхойгүй байдалтай байна. Хэрэглэгчдийн 14.7 хувь нь орлого өснө гэж үзсэн нь 2.0 пунктээр өндөр байгаа боловч, 21.2 хувь нь орлого буурна гэж үзсэн нь 5.7 пунктээр өндөр байна. 19.4 хувь нь ажлын олдоц сайжирна гэж үзсэн нь 10.6 пунктээр бага байгаа бол 22.2 хувь нь муудна гэж үзсэн нь 1.0 пунктээр өндөр байна.

Хэрэглэгчийн итгэл ба эдийн засгийн өсөлт

Хэрэглэгчийн итгэлийн индексийг олон улс
орнууд үнэлж мэдээлдэг бөгөөд тухайн орны эдийн засгийн төлөв байдлыг сайн харуулж чаддаг гэж үздэг.

Монгол Улсад ч ХИИ-ийг улирлаар үнэлж эхэлснээс хойшхи динамикийг харвал эдийн засгийн өсөлттэй ойрхон хамааралтай байна. ХИИ-ийн индекс хэвийн буюу 100 ба түүнээс дээш утгатай улирлуудад эдийн засаг дунджаар 6.1 хувийн өсөлттэй байсан бол ХИИ 100-гаас бага утгатай улирлуудад эдийн засаг 2.6 хувийн өсөлттэй байна

Инфляцын хүлээлт

Ирэх 6 сарын хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 70, ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 58 байна. Хэрэглэгчид инфляцын түвшинг ирэх 6 сар болон нэг жилийн хугацаанд харгалзан 9.5 болон 10.7 хувь байна гэсэн хүлээлттэй байна. Хүлээгдэж буй инфляцын ойрын 6 сар болон жилийн дараах түвшингүүд өмнөх улиралтай харьцуулахад буурсан байна.

Эндээс үзвэл иргэдийн дийлэнх нь үнийн түвшин өснө гэж үзэж байна. Гуравдугаар улиралд иргэдийн инфляцын хүлээлт өсөх хандлагатай байсан бол энэ улиралд инфляцын хүлээгдэж буй утга эргээд буурсан байна. Энэ улиралд инфляцын талаарх тодорхой бус байдал эрс өссөн. Хөдөө амьдардаг хэрэглэгчдийн ирэх нэг жилийн хугацааны үнийн түвшний хүлээлт Улаанбаатар хотод амьдардаг хэрэглэгчидтэй ойролцоо түвшинд байна. Хотод жилийн хүлээгдэж буй инфляц 10.7 хувь байгаа бол хөдөө 11.0 хувь гэж гарлаа. 6 сарын инфляцын хүлээлт хөдөөний хэрэглэгчдийн дунд хотынхоос арай өндөр байгаа дүн судалгаагаар гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top