Цагаан зуд 15 суманд нүүрлэж, чангахан өвлийн өмнө чардайж буй малчид

2023 оны 01 сарын 25

Мөнгөн салхи хавирга нэвт үлээж, идэр есийн жавар ид дундаа тачигнаж байна. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдсон. Энэ нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Гэвч зарим аймагт зуншлага муу байсан мөн цас их унаж, эрс хүйтэрсний улмаас цагаан зуд нүүрлэжээ.

Тодруулбал, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн 15 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 38 сум цагаан зудархуу байдал руу шилжжээ.


 

Ховд аймгийн ихэнх сум цасанд дарагджээ

 

Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3.9 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 11 суманд өвөлжилт хүндэрсэн тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Мөн дөрвөн сумын 69 өрхийн 46.1 мянган мал Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан зэрэг аймагт отроор өвөлжиж байгаа бол Ховд аймгийн Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс болон хилийн зурвас бүс нутагт нийт 1346 өрхийн 720.1 мянган мал өвөлжиж байгаа аж. Зуншлага тааруу өнгөрч, өвс тэжээлгүйн улмаас Чандмань, Дөргөн, Эрдэнэбулган, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зуд болж буй талаар тус аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт мэдээлэв.

Үенч, Булган сумдад өдөртөө 26-30 хэмийн хүйтэн, шөнөдөө 36-40 хэм хүрч хүйтэрч байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас цас унаж эхэлсэнтэй холбоотойгоор ихэнх нутгаар 40-60 см, хунгарласан газартаа 80-120 см цас тогтсон тул мал бэлчээрлэх болон малчид аймаг, сум руугаа явах боломжгүй болсон талаар орон нутгийн иргэд хэлсэн байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай сумдад ажиллах үеэрээ “Тулгамдаад буй нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссынхон чадлаараа ажилласан нь харагдаж байна. Гэсэн ч цаашид малчид иргэдийнхээ санаа бодлыг сонсож, айл өрхөд газар дээр нь очиж төрийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байгааг анхаарах хэрэгтэй. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч суманд шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Цаашид өвлийг өнтэй, хаврыг хохирол багатай давахын тулд байгаа нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг хүсье” гэсэн юм.

 

Г.Наранчулуун: Он гарсаар 68521 толгой том мал хорогдсон

 

Өвөлжилтийн нөхцөл байдал, Засгийн газраас гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.


-Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ХХААХҮЯ-ны дэргэд Шуурхай штаб ажиллаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдлыг өдөр тутамд аймгуудтай холбогдож мэдээ, мэдээлэл солилцож, хянаж, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 13 аймгийн 160 гаруй суманд зуд болох өндөр эрсдэлтэй байгаа юм. Нийт нутгийн 70 гаруй хувь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна.

-Аль бүс нутагт өвөлжилт хүнд байна вэ?

-Зуншлага тааруу байсан баруун болон говийн аймгууд, мөн баруун аймгуудтай залгаа төвийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт өвөлжилт хүнд байна.

-Энэ жил отор нүүдлийг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Улсын хэмжээнд 21 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж байгаа. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээнд тулгуурлан отор нүүдлийн зохион байгуулалтыг хийсэн учраас маргаан харьцангуй бага гарлаа. Засгийн газраас өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймагт долоон автомашин олгоод байна. Үүнийг отроор яваа малчдад болон хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор олгосон.

-Улсын нөөцөөс эдгээр аймгуудад ямар тусламж үзүүлсэн бэ?

-Засгийн газраас энэ жил адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр экспортлох шийдвэр гаргасан. Харин үхрийн махыг 8000 тонноор квот тогтоосон.

2022 оны байдлаар 16 мянган тонн мах, 28 мянга орчим толгой малыг амьдаар нь экспортолсон байна. 2023 он гарсаар 21.6 сая ам.долларын өртөг бүхий 6400 тонн мах экспортод гарсан нь өмнөх долоо хоногоос 4400 тонноор нэмэгдлээ. Амьд малын экспорт 1.1 сая ам.долларын өртөг бүхий 12380 толгой хонь экспортлогдсон нь өмнөх долоо хоногоос 4480 толгойгоор нэмэгджээ.

Улсын нөөцийн өвс, тэжээлийг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гарсан. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 1000 өрхөд 370 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн Дэлхийн зөн байгууллагаас 1800 өрхөд 300-350 мянган төгрөг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар нэн эрсдэлтэй 51 сумын 510 өрхөд 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

-Аймаг, сумын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн үлдэгдэл ямар байна вэ?

-Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40 хувь зарцуулагдаж 14.2 мянган тонн өвс, 6000 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.

-Малын хоргодол хэр гарч байна вэ?

-Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх долоо хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймгууд байна.

-Малын гоц халдварт өвчин ямар байдалтай байгаа вэ?

-Малын гоц халдварт өвчний хувьд шүлхий өвчин тайван боллоо. Бог малын мялзан 10 аймгийн 28 сум, нэг дүүрэгт 49 голомт, 208 өрхийн 3549 толгой мал тусгаарлалтад байна. Хонины цэцэг өвчин Дорнод аймгийн дөрвөн сум, Төв аймгийн нэг сумын долоон голомт, есөн өрхөд хорио цээрийн дэглэм хэрэгжиж тусгаарлалтад 15 мал байна.

 

Баян-Өлгий: 13 сумын есөд нь өвөлжилт хүндрэлтэй байна

 

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрчээ. Тус аймгийн хэмжээнд нийт 2.2 сая тоо толгой мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 6000 гаруй мал хорогдсон байна.

Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр “Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр 2022-2023 оны мал өвөлжилтийн бэлтгэл ажил 89 хувьтай хангагдсан. Өвөлжилтийн хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, 1500 тонн мах экспортоллоо. Нийт нутгийн 45 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байгаа юм. Мөн 13 сум, нэг тосгоны 1641 өрхийн 429.224 толгой мал отроор өвөлжиж байна.

Аймгийн бэлчээр сайтай өндөр уулын бүсүүдэд 11-12 дугаар сард олон удаа цас орсноор хунгарласан газраа 50-80 см, тал газраа 10 см орчим цасан бүрхүүлтэй болсон. Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 13 сумын есөд нь өвөлжилт хүндрэлтэй байна. Нэмж цас орж, цасан шуурга үргэлжлэн шуурсан тохиолдолд бүх суманд цагийн байдал улам хүндрэх төлөвтэй” гэсэн юм.

 

Увс: 259 өрхөд 300 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэв

 

Увс аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмон “2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 3.5 сая толгой мал тоо­логдсон. Малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл 93.8 хувьтай хангагдсан. Аймгийн аюулгүйн байдлын нөөц 100 хувь, сумынх 71.7 хувьтай хангагдсан. Сумын өвс, тэжээлийн нөөцийг задалж эхэлсэн.

Зудын эрс­дэлийн үнэлгээгээр манай аймаг 8.5 буюу өндөр эрсдэлтэй бүсэд хамаарсан. Бэлчээрийн даац 80 хувь хэтэрсэн. Ховд, Завхан, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймаг руу 107 өрхийн 76.1 мянган тол­гой мал нүүдэллэж, отрын бүс нутагт өвөлжиж байна. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас зорилтот дөрвөн сум, хүндрэлтэй байгаа гурван сумын нийт 259 өрхөд 300 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Манай сум “Өвлийг өнтэй давахад хамтдаа тусалъя” уриалга гарган ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

 

ЦУОШГ: Энэ сарын 24-28-ныг хүртэл зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна

 

Өнгөрсөн шөнө (2023.01.23)-ийн хүйтрэлт нь одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар 50-53 хэм хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш 50 хэмийн хүйтэнд хүрээгүй байсан юм. Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд 50 хэмийн хүйтэн хоносон байна.

Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээр 35 хэмийн хүйтэн, туул голын дагууд 41 хэмийн хүйтэн хоножээ. Энэ сарын 23-30-ныг хүртэлх хугацааны эхний хагаст ихэнх нутгаар жавартай хүйтэн байх боловч хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Мөн хур тунадасны хувьд 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурах юм.

Л.ХОНГОРЗУЛ, Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top