Globalpressjournal: Монголд мэхлэх гэмт хэрэг 2021-2022 онд 50%-иар өсжээ

2023 оны 01 сарын 26

“Globalpressjournal” сэтгүүлд нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Насаараа хөдөө мал маллаж явсан Цэрэнжигмэдийн Сайнаа аймгийн төв Даланзадгад хотод суурьшиж, өөрийн гэсэн байшинтай болохыг мөрөөдөж эхэлжээ. Үүнийг барихын тулд түүнд 30 сая төгрөгийн зээл хэрэгтэй байсан бөгөөд Сайнаа Фэйсбүүкт батлан даагчгүйгээр бага хүүтэй зээл санал болгоно гэсэн сэтгэгдэлтэй тааралдах хүртэл энэ нь түүнд боломжгүй мэт санагдаж байв.

2018 оны эхэн үе байсан ч Сайнаагийн хувьд интернэт шинэ ертөнц хэвээрээ байлаа. Өмнөх жил тэрбээр өөртөө жижиг, цагаан ухаалаг утас худалдан авч, хүү нь гэртээ интернет суурилуулжээ. "Фэйсбүүк шинэ бөгөөд хачирхалтай санагдсан тул би уйгагүй ухаж эхэлсэн" гэж тэрбээр ярьж байв. Удалгүй тэр уг платформыг ашиглан видео үзэх, мэдээ мэдээлэл авах зэргээр гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцдаг болжээ.

Фэйсбүүкээр зээл санал болгож буй хүн нь гадаад нэртэй ч цахим платформдоо байрлуулсан зураг нь Сайнаагийн хувьд найдвартай санагджээ. Учир нь,  зээл олгохыг санал болгосон хүн олон найз нөхөдтэй байсан бөгөөд олонх нь монголчууд байжээ. Тэрбээр зээл авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд хурдан хариу өгчээ. Сайнаа эхний ээлжийн мөнгөө авахын тулд хураамж болгон 120 ам.доллар шилжүүлэх шаардлагатай болсон аж. Тэрбээр “Western Union”-ээр хоёроос гурван өдрийн зайтай дөрвөн тусдаа гүйлгээ хийж, нийтдээ 1000 ам.доллар буюу тухайн үеийн Монголын сарын дундаж цалингаас хоёр дахин их мөнгө шилжүүлжээ. Гэтэл тэр хүн дахиад мөнгө шилжүүлэхийг шаардсан байна. Сайнаа "Тэр үед ямар нэг зүйл буруу болсныг мэдээд цагдаад хандсан” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол даяар интернетийн хэрэглээ эрчимжиж, 2010 онд 10.2 хувьтай байсан бол 2020 онд монголчуудын 62.5 хувь нь интернэт ашигладаг болсноор цахим залилан мэхлэх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Монголын цагдаагийн газрын мэдээлснээр 2021-2022 онд нийт бүртгэгдсэн гэмт хэрэг буурч байхад залилан мэхлэх гэмт хэрэг 50 гаруй хувиар өссөн байна.

Монголын хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн, криминологич Г.Оюунболд “Хүмүүсийн интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилан мэхлэх гэмт хэрэг цахим орчинд гаарч байна” гэв. Тус улсад алдартай сошиал медиа платформ болох “Facebook” бол залилангийн нийтлэг суваг юм. Оюунболдын хэлснээр луйварчид хүмүүсийн Фэйсбүүк хаягийг хакердаж, ойр дотнын хүмүүсийнх нь харилцаа холбоог нь судалж, улмаар харилцан яриа өрнүүлж, эцэст нь мөнгө нэхэх явдал түгээмэл байдаг. Өмнөговь аймгийн ахлах мөрдөгч Б.Баярбат цагдаа нар данс эзэмшигчдийг илрүүлж чаддаг ч хэрэгтэн бусдын дансыг ашигласан байх нь түгээмэл байдаг тухай ярьжээ.

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд цахим залилангийн 17 хэрэг бүртгэгдсэн бол 2022 оны эхний 10 сард энэ тоо аль хэдийн 6759 болжээ. 2017-2019 онд бүх төрлийн залилангийн хэргээр 455 хүнд торгууль ногдуулж, 239 хүнд хорих, 227 хүн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэсэн тоо баримт байна.

Сайнаа луйварчинд алдсан мөнгөө олж чадаагүй ч удалгүй танилынхаа ятгалгаар өөрийн хөрөнгөө барьцаанд тавиад дахин таван сая төгрөг буюу 1465 ам.доллар зээлж, цахим сүлжээнд хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр долоо хоног бүр ногдол ашиг хүртэнэ гэж итгэж байв. Сайнаа "Би бүх насаараа цэнхэр захт ажилчин байсан. Би мөнгө олж чадна гэж бодсон” гэв.

Бага хэмжээний мөнгө алдсан хүмүүс үүнийг гэмт хэрэг гэж үздэггүй бөгөөд эрх бүхий байгууллагад ханддаггүй байна. Сүүлийн жилүүдэд Цагдаагийн ерөнхий газраас монголчуудад цахим залилангийн гэмт хэргийг илрүүлэхэд туслах кампанит ажил өрнүүлж байгаа ч интернетийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нийт хохирлын хэмжээ нэмэгдсээр байна.

2016 онд залилангийн хэрэг (онлайн болон бусад хэлбэрээр) хоёр тэрбум төгрөг (585,815 доллар); 2020 он гэхэд энэ тоо 67.2 тэрбум төгрөг буюу 19.7 сая ам.долларт хүрчээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top