Financial Times: Монголчууд оюун санааны хувьд хязгаарлагдмал биш

2023 оны 02 сарын 02

“Financial Times”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Орос Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлсэн нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдээд, агаарын тээврийн орлого алдагдаж, Оросоос шаардлагатай хангамжийг импортлоход хүндрэлтэй байгаа гэдгийг онцолж байв.

Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлж, дараа нь АНУ болон түүний холбоотнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авснаас хойш бараг нэг жил өнгөрсөн ч Орос, Хятадын хооронд хавчуулагдсан ердөө 3.3 сая хүн амтай далайд гарцгүй Монголд уг үйл явдал нөлөөлсөн хэвээр байна.

Тус улсын 42 настай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс ардчилсан улс ч гэсэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээсээ болж дарамт шахалтанд орж байна. Бидний буруу биш ч гэсэн Оросын эсрэг хориг нь Монгол Улсын эсрэг давхар хориг арга хэмжээ болсон” гэжээ. Украины нөхцөл байдал бол зөвхөн хоёр улсын мөргөлдөөн биш" гэж Ерөнхий сайд хэлэв. Тэрбээр “Энэ нь дэлхийн эдийн засаг, ялангуяа Монгол Улс тэр дундаа далайд гарцгүй жижиг орнуудад асар их сөрөг нөлөө үзүүлж байна.  Эдийн засгийн хориг арга хэмжээ нь бусад улс орнуудад ч сөрөг нөлөө үзүүлж байна” гэв.

Нэгэн цагт Оросын агаарын орон зайгаар Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан авиакомпаниуд Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисэж, үүний төлөө Улаанбаатарт үнэтэй “навигацийн төлбөр” төлж байжээ. ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсан нь Европын холбооны олон агаарын тээврийн компаниуд Европын олон агаарын тээврийн компанийг хойд туйлын дээгүүр нисэх эсвэл Төв Ази, Туркийг дамнан өмнө зүг рүү чиглэхээс өөр аргагүйд хүргэсэн.

Л.Оюун-Эрдэнэ “Оросын нутаг дэвсгэр дээгүүр нисэх онгоц зорчихгүй байгаа учраас бидний навигацийн орлого буурч байна. Хоёрдугаарт, манай улс шатахуунаа Оросоос импортолж байгаа бөгөөд [Оросын эрчим хүчний] компаниуд болон банкууд хориг арга хэмжээнд өртөж байгаа тул төлбөрийн асуудалтай тулгарч байна. Орост дайнтай холбоотой дизель түлш, наранцэцгийн тос, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний хомсдол нь бидний өдөр тутам хэрэглэдэг зарим бүтээгдэхүүн тасалдахад хүргэсэн гэв.

Өнгөрсөн аравдугаар сард ХБНГУ-д хийсэн айлчлал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш наймдугаар сард Улаанбаатарт хийсэн айлчлал зэрэг сүүлийн саруудад өрнөсөн дипломат харилцааны үеэр Оюун-Эрдэнэ эдгээр асуудлыг мөн онцолж байв. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ч мөн Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр томилогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн оны сүүлээр Монголд айлчилсан. Л.Оюун-Эрдэнэ “Украины нөхцөл байдалд Хятад, ЕХ, Герман асар их нөлөө үзүүлж байна гэж бид үзэж байна. Энэ хүрээнд би ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн, мөн БНХАУ-ын түншүүдтэй, ялангуяа Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцсан” гэв. Тус улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, зэс, 20 хувийг алт, төмрийн хүдэр эзэлдэг. Арваннэгдүгээр сарын сүүлээр Л.Оюун-Эрдэнэ Хятадтай хил дамнасан шинэ төмөр замыг нээж, Засгийн газар нь тахлын өмнөх жилийн 30 орчим сая тонн нүүрсний экспортыг жил бүр 80 саяд хүргэнэ гэж найдаж байна.

“Монголын экспортын 90 хувь нь Хятад руу гарч байгаа бөгөөд Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Мөн бид хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүнээр хараат байна. Гэхдээ Монгол бол парламентын засаглалтай ардчилсан улс бөгөөд манай иргэдийн сэтгэхүй, нийгэм нь тэдгээр орноос тэс өөр. Монгол далайд гарцгүй, гэхдээ бидний оюун ухаан юунд ч баригдаагүй” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мөн онцолсон байна.

Арванхоёрдугаар сарын эхээр төрийн өмчийн нүүрсний авлигатай холбоотойгоор олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Сүүлийн 32 жилийн хугацаанд өрнөсөн баялгийн тэгш бус хуваарилалтын үр дүнд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсон. Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн захиргаа байгалийн баялаг, тээврийн төрийн өмчит компаниудын төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнуудад өргөн хүрээтэй шалгалт явуулж эхэлсэн. Засгийн газар олон арван хүнийг хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэргээр баривчилж, цагдаа нар төмөр замын удирдах ажилтны гэрээс 7.3 тэрбум төгрөг (2.1 сая доллар) хураан авсан байна.

Ц.ДАВААСАМБУУ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top