IWFCI Mongolia буюу Олон улсын Эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг нийгмийн комиссын (ESCAP) Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох сангийн (Women Entrepreneur Growth Fund) шугамаар Монгол Улсад хэрэгжүүлэх анхны төслийн Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж буй. Тус ажлын хүрээнд "Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох үндэсний сангаас санхүүжүүлэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох дижитал шийдлүүдийг шалгаруулж тэтгэлэг олгох" төсөл хэрэгжих юм. Энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн баасан гараг буюу хоёрдугаар сарын 3-нд Гадаад харилцааны яаманд боллоо.
Хөтөлбөрийн цахим нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг нийгмийн комиссын (ESCAP) Ерөнхий нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Технологи болон инновац хариуцсан захирал Жонатан Уон, Гадаад харилцаан яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал З.Баттүшиг, хөтөлбөрийн үндэсний хэрэгжүүлэгч IWFCI Mongolia байгууллагын ерөнхийлөгч О.Байгаль нар оролцлоо.
Төслийн санхүүжүүлэгч нь Бангладеш, Камбож, Индонез, Мьянмар, Непаль, Вьетнам зэрэг улсад коронавирусний цар тахлын дараах эдийн засгийн хямралд өртсөн эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд буюу мэдээлэл технологийн компаниудын төсөлд тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Тэтгэлэг олгох чиглэлүүд нь Хөдөө аж ахуйд суурилсан технологийн цахим шийдэл, Нийлүүлэлтийн сүлжээн дэх санхүүжилт, Хөрөнгө оруулалтын цахим шийдэл, Даатгалын технологи, Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн цахим хэрэглэгдэхүүн буюу шийдэл, Дижитал буюу санхүүгийн мэдлэг олгох болон бусад цахим шийдэл байх юм.
IWFCI буюу Олон улсын Эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо нь эдийн засаг, нийгэм, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор 1992 онд Австрали улсын Мельбурн хотод байгуулагдсан, дэлхийн 17 оронд салбар байгууллагатай ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Тэгвэл "IWFCI Mongolia" салбар байгууллага нь 2016 онд батламжлагдан, 2017 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Ийнхүү хөтөлбөрийн дэлгэрэнгүйг "IWFCI Mongolia" байгууллагын ерөнхийлөгч О.Байгалиас тодрууллаа.
-Коронавирусний цар тахал одоог хүртэл үргэлжилж байна. Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Энэ үед танай байгууллагын хэрэгжүүлж буй төсөл бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн нийгмийн комиссын “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн сэргэлтийн сан”-гаас эмэгтэй бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэлтийг дэмжих, өргөжүүлэх мөн коронавирусний цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн энэ хөтөлбөр нь Азийн бусад орнуудад хэрэгжиж байгаа. Ийнхүү Монгол Улсад хэрэгжиж эхлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид бичил төслүүдэд нэг удаа буцалтгүй тусламж олгох хэлбэрээр эхлүүлэн цаашид тус санг өргөжүүлэх ажлыг илүү эрчимжүүлнэ. Энэхүү ажлыг эхлүүлэхэд Гадаад харилцааны яам болон Тайландын Вант улс дахь Монголын Элчин сайд өндөр хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд "IWDCI Mongolia" буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Коронавирусний цар тахлын нөлөө Монгол гэлтгүй бүх оронд хүчтэй нөлөөсөн. Тэр дундаа бичил бизнес эрхлэгч, аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд маш хүнд туссан. Ялангуяа алслагдсан бүс нутагт амьдардаг, гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалаад зээл тусламж, хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдахад асуудал үүсдэг. Иймд тус хөтөлбөрөөр эдгээр эмэгтэйчүүд рүү чиглэсэн технологийн шийдэл, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.
-Хэрхэн чиглэж байгаа гэсэн үг вэ?
-Азийн орнуудын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамддаг гол асуудал нь санхүүгийн хүртээмжтэй байдал, зээл тусламжид хамрагдах байдаг. Тэр дундаа нийгмийн даатгалын татвар, хураамж, барьцаа хөрөнгө, тогтмол үйл ажиллагаагаа явуулах, зээлийн эргэн төлөлт, цахим бичиг үсэг тайлалтын асуудал тулгарч байгаа юм.
-Шилдэг төслүүдэд олгох олгогдох мөнгөн тэтгэлгийн хэмжээ ямар байх вэ?
-Энэхүү төслийн хүрээнд нийт 200 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Харин нэг төсөлд 10 мянган ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох юм. Шалгарсан төслүүдийн шийдэл, цар хүрээ, шаардагдаж буй хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран төсөл бүрд олгох тэтгэлгийн хэмжээ ялгаатай байна. Урьдчилсан байдлаар 3-4 байгууллагад мөнгөн тэтгэлгийг олгохоор бэлдэж байгаа. Өргөдөл гаргагч байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй цахим шийдэл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлт хөгжлийг дэмжихэд чиглэсэн байх нь гол шалгуур үзүүлэлт болох юм.
-Төсөлд оролцох байгууллагуудад тавигдах шаардлага нь юу вэ?
-Төсөлд оролцох байгууллагуудын шаардлагыг бид өөрсдийн “IWDCI Mongolia” цахим хуудастаа байрлуулсан. Шалгарах төслүүд нь тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн, өөрийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж үр дүн нь гарсан байх бөгөөд дараагийн түвшинд хэрэгжихэд нь санхүүжилт хэрэгтэй байгаа төслүүд байх юм. Тухайн төсөл нь багадаа нэг жил үйл ажиллагаа явуулсан мөн нийт санхүүжилтийн 30-аас дээш хувийг өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн байх шаардлага тавьж байгаа.
-Төслийн санхүүжүүлэгч зургаан улсад тус технологийн компаниудын төсөлд тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Дээрх улсуудад хэрэгжиж байгаа хөтөлбөрөөс ямар үр дүнгүүд гарч байгаа вэ?
-Алслагдсан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүд голчлон шалгарсан байгаа. Зээлийн апплейкишн, ялангуяа хөдөө аж ахуйн бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд төв рүү явахгүйгээр технологийн шийдлээр дамжуулан манайхаар бол сум, орон нутгаасаа зээл авах боломжийг бүрдүүлэх тийм төслүүд шалгарсан. Энэхүү төсөл нь эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн мэдээлэл технологийн байгууллагад тэтгэлэг олгоно гэсэн үг биш юм. Харин мэдээлэл технологийн компанийн өөрийнх нь шийдэл нь эмэгтэй бизнес эрхлэгчид рүү чиглэсэн байна. Сүүлийн үед нэгж байгууллагад тэтгэлэг олгох гэхээс илүү тухайн тэтгэлэг нь нийгмийн тодорхой бүлгийн асуудлыг шийдвэрлэхэд илүүтэй чиглэж байгаа.
Л.ХОНГОРЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )