СУДАЛГАА: Агаарын бохирдлоос болж 38 мянган хүүхэд цэцэрлэгтээ явж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Агаарын бохирдлын чиглэлээр сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, баримт, нотолгоо, Монгол Улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа технологийн шийдлийг танилцуулж, агаарын бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээний үр дүн, үр нөлөөг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийг хамгаалах асуудалтай уялдуулан дүгнэх зорилготой “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” шинжлэх ухаан,  технологийн хурал өчигдөр боллоо. Тус хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Их Сургууль, Швейцарын Хөгжлийн Агентлагаас хамтран зохион байгуулав. Хуралд 180 гаруй төлөөлөгчид танхимаар, 40 гаруй төлөөлөгчид цахимаар оролцож байгаа юм. Ийнхүү тус хурлаас судлаачид болон албаны хүний байр суурийг хүргэж байна.


 

Б.БУЯННЭМЭХ: АГААРЫН БОХИРДОЛ ЗӨВХӨН БОАЖ-ЫН САЙДЫН АСУУДАЛ БИШ бусад САЙД Ч ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “Олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгээр эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шинэ технологи, арга аргачлалуудын талаар хэлэлцэх юм. Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх болон агаарын бохирдлыг шинжлэх ухаанчаар шийдэх бага хурал зохион байгуулж байна. Энэ хурлыг зохион байгуулах үндсэн шалтгаан нь сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хот, аймгуудын төвийн агаарын бохирдол нэмэгдэх хандлагатай байгаа.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан бодлогын ямар арга хэмжээнүүд байв, цаашдаа анхаарах асуудал юу байгаа талаар тодорхой мэдээллүүдийг хийж байна. Эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны үр дүнтэй бидний бодлого, төлөвлөлт хэрхэн уялдаж байгаа эсэх. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулахын тулд бодит нөхцөл байдал, судалгааны үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлтийг гаргаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг авна. Монголчууд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам л хариуцах ёстой гэсэн ойлголттой байдаг.

Энэ ойлголтыг залруулах шаардлагатай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолд 17 сайд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үүрэг хүлээх ёстой гэж зааж өгсөн байдаг. Гэтэл тэр салбар яамд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна. Бид өнгөрсөн долоо хоногт Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтарсан бодлогын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Эдгээр яамдаас агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, урт, дунд, богино хугацааны бодлого буюу Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогын арга хэмжээнүүдийн хэрэгжилт ямар байгаа талаар мэдээллийг харилцан солилцсон. Өнөөдрийн энэхүү хурал, яамдын уулзалтыг яагаад зохион байгуулж байгаа вэ гэхээр НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн чуулга уулзалтыг гуравдугаар сарын 2,3-нд Монгол Улсад зохион байгуулна. Үүнд 53 улс орон агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцэнэ.

Тус чуулга уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан, зохион байгуулж буй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэн явж байгаа. Стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнүүдийг сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл эх үүсвэрүүдээс агаарт гарч байгаа бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээг бид бууруулж, шаардлагыг нь чангатгаснаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж чадна. Нөгөө талаараа бид бусад яамдыг шахаж шаардаж, шахмал түлшний стандартыг сайжруулах юм. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэж 2006 оны үед судалгаагаар гарч байсан. Тэгвэл үүнээс хойш хэрхэн өөрчлөгдсөнийг судлах шаардлага байна. Мөн дэд бүтэц, замын түгжрэл, хэт төвлөрөл зэрэг асуудлыг цэгцлэх шаардлагатай байна.

 

Д.САНДЭЛГЭР: ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСИЙГ ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

 

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн ахлах багш Д.САНДЭЛГЭР-тэй ярилцлаа. Тэрбээр “Би Агаарын бохирдол, уур амьсгалын чиглэлээр судалгаа хийдэг. Энэхүү хуралд “Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын бохирдолд нөлөөлж буй уур амьсгалын суурь нөхцөлүүд” гэсэн илтгэл хэлэлцүүлсэн. Тус судалгааны онцлог нь агаарын бохирдлыг байгаль, цаг уурын агаар мандлын гаралтай нөлөөлж буй үндсэн хүчин зүйлүүдийг цогцоор нь судалсан. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь байгаль, цаг уураас хараат. Хүйтний улиралд температурын инверс бүрддэг. Температурын инверс гэдэг нь тогоон дээр тавьсан таг гэсэн үг юм. Энэ нөхцөл бүрдсэн үед агаарын бохирдол сарнихгүй, бөөгнөрдөг. Температурын инверс тогтсон үед салхигүй бөгөөд маш хүйтэн болчихдог. Температурын инверс Улаанбаатар хотод 500-600 метр өндөрт буюу “хүйтэн агаарын нуур” тогтдог. Хэвтээ чиглэлд салхигүй учир босоо чиглэлд агаар солилцох боломжтой. Босоо чиглэлийн агаар солилцох хамгийн боломжтой өндөр нь 260 метр. Бид доороос нь агаар бохирдуулаад байвал тунаад байгаад л байна. Улаанбаатар хотын газарзүйн байрлал нь өндөр уулсаар хүрээлэгдсэн, хонхор газар. Гэтэл агаарын бохирдол үүсгээд буй гэр хороолол нь хотын захаар байрладаг. Иймд тал талаас агаарын бохирдол хотын төвдөө бөөгнөрдөг. Температурын инверс нь байгалийн давагдашгүй хүчин зүйл. Үүнийг Засгийн газар хот төлөвлөлтөөр л шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл агаар бохирдуулж буй эх үүсвэрийн тоог цөөлөх хэрэгтэй” гэв.

 

ХАВДАР ҮҮСГЭГЧ ХИЙН АГУУЛАМЖ, ХҮНД МЕТАЛЛУУД ӨССӨН

Монгол Улсын их сургуулийн Химийн тэнхимийн багш, дэд профессор  Н.АМГАЛАН “Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцрын улирлаас хамаарах химийн найрлага, эх үүсвэр болон эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр Хүрээлэн буй орчны химийн бохирдлын судалгаа болон Агаарын тоосонцрын химийн анализын судалгаа, агаарын чанарын үнэлгээ зэрэг судалгааг хийдэг билээ.

Түүнээс судалгааны ажлынх нь талаар тодрууллаа. Н.Амгалан “Судлаачдын хувьд сүүлийн жилүүдэд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойших үеийн агаарын үндсэн бохирдуулагчдын агууламжийг харьцуулж судалж байгаа. Энэхүү судалгааны боловсруулалтын үр дүнгээс харахад агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт байхгүй. Гэхдээ хийн агууламж ихэссэн байгаа. Үүнээс гадна агаарын нарийн ширхэгт тоосонцор дахь химийн найрлагыг судалдаг. Энэ химийн найрлага дотроо органик, органик биш нэгдлүүд тэр дундаа хавдар үүсгэгч олон цагаригт ароматик нүүрсустөрөгчийн агууламжийг тодорхойлдог.

Олон цагаригт ароматик нүүрсустөрөгчийн агууламжийг тодорхойлох судалгааны ажлыг БНСУ-ын их сургууль, судалгааны хүрээлэнтэй хамтарч хэрэгжүүлж байгаа. Агаарын нарийн ширхэгт тоосонцрын сорьцыг улирлаар цуглуулдаг. Үүний химийн найрлагыг шинжилж байгаа. Энэ судалгааны ажлын үр дүнгээс харахад ялангуяа гэр хорооллын бүсийн олон цагаригт ароматик нүүрсустөрөгч болон хүнд металлууд буюу хар тугалга, хүнцэлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн. Үүнээс болж хүүхэд болон насанд хүрэгчид хавдартай болох магадлалтай. Тийм ч учраас нарийвчилсан судалгаануудыг хийх хэрэгтэй. Сайжруулсан түлшний найрлагад асуудал байна гэсэн дүгнэлтэд бид хүрч байгаа. Яагаад гэвэл агаарын бохирдлын хүхрийн агууламж буурахгүй байна. иймд сайжруулсан шахмал түлшний хяналтыг сайжруулах хэрэгтэй” гэсэн юм.

 

“АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС 10 МГ/МЕТР  КУБЭЭР ӨСӨХ НЬ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛЫГ 0.0049 ПУНКТЭЭР ӨСГӨДӨГ”

“Цэцэрлэгийн хүүхдийн ирцэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” гэсэн сэдвээр Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор С.Дөлбадрах судалгааны ажил хийж, илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр “Энэхүү судалгаандаа 2300 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Үүнээс харахад цэцэрлэгийн хүүхдүүдийн өдрийн дундаж таслалт 27 хувь байна. Бид мөн олон улсын стандартаар агаарын бохирдлын индексийг тооцсон.

Энэ индекс 10 нэгжээр өсөхөд дээрх 27 хувь хоёр нэгжээр өсдөг. Нэг удаа агаарын чанар муудахад тухайн өдрөө үйлчлээд зогсохгүй дараагийн дөрвөн өдөр хуримтлагдсан бохирдлууд цэцэрлэгийн ирцэд нөлөөлдөг. Ерөнхийдөө энэхүү судалгаанаас дүгнэхэд улсын цэцэрлэгийн нийт хүүхдийн 27 хувь нь агаарын бохирдлоос болж цэцэрлэгтэй явдаггүй юм байна. Эцсийн дүгнэлтээр, судалгаа хийж үзэхэд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ирцэд агаарын бохирдлын үзүүлж буй нөлөөг хэмжсэн судалгаа хөгжиж буй орнуудын хувьд хомс байна. Агаарын чанар болон хүүхдийн ирцийн хооронд сөрөг хамаарал байна. Агаарын чанарын индекс 10 мг/метр  кубээр өсөх нь цэцэрлэгтээ ирэхгүй байх магадлалыг 0.0049 пунктээр өсгөдөг. Энэ нь дундаж таслалтын түвшинг 1.8 хувиар өсгөсөнтэй тэнцүү. Агаарын бохирдлын таслалтад үзүүлэх хоцрогдолтой нөлөө нь 1.8-3.6-тай тэнцүү. Хуримтлагдсан нөлөө нь дөрөв дэх өдрөөс буурдаг. Агаарын бохирдлын цэцэрлэгийн ирцэд үзүүлэх нөлөөллийг хэмжих нь зөвхөн эрүүл мэндийн бодлогоор зогсохгүй СӨБ-ын бодлогод чухал юм” гэлээ.

Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй нийт 141 мянган хүүхэд бий. Эдгээрийн 27 хувь гэж тооцож үзэхэд 38 мянган хүүхэд өвлийн улиралд агаарын бохирдлоос болж цэцэрлэгтэй явж чаддаггүй байна. НҮБ-ын Хүүхдийн Сан энэ арга хэмжээний үр дүнгээс 2023-2027 онуудад сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж болон өрхийн түвшинд бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах түнш байгууллага, төслийн санаа, хөрөнгө оруулалтын кэйс зэрэг боломж, гарцыг хайж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top