Нийслэлд 400 орчим мянган өрх гэр хороололд амьдардаг. Тэдгээрийн дийлэнх нь хашаандаа нохой тэжээнэ. Сүүлийн үед гэр хорооллын айлууд нохойгоо сул тавьснаас үүдэн бага насны хүүхдүүд хазуулах тохиолдол олширч байна. Зөвхөн он гарснаас хойш 223 хүн нохойд хазуулж, ГССҮТ-д ирсэн статистик байна. Хөдөө орон нутагт ч энэ байдал ялгаагүй.
Эзэнтэй, эзэнгүй нохойд хазуулсан иргэд олон байна. Ялангуяа хаврын цагт ноход сүрэглэж явах нь элбэгшдэг аж. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилдаа явах замдаа сүрэг нохдод боргоолгуулж, золтой “идүүлчих” шахсан иргэний талаар сонссон юм. Хот, хөдөөгүй адилхан ийм хүндрэлтэй нөхцөлтэй тулгарч байна. Эзэнтэй, эзэнгүй нохдын асуудлыг анхаарч, энэ тал дээр онцгой анхаарах цаг болсон уу гэвэл, болсон. Хэзээ, хаанаас ямар нохой нь гарч ирээд хазчих бол гэсэн айдастай гадуур явна гэдэг эмгэнэлтэй. Иймээс бусад улс орноос үлгэр авч, туршлага судалбал яасан юм бэ.
БУСАД УЛСААС ҮЛГЭР ЖИШЭЭ АВЪЯ
Нохой, муурны асуудал хэн нэгэн амьтанд хайртай хүний эсвэл хазуулж, уруулсан нэгний санаа зовних зүйл бус нийгмийн хэмжээний хөндөх сэдэв гэдэг нь дээр дурдсан бүхнээс харагдаж байна. Өдгөө гадуур янз, бүрийн нохой хөтөлсөн хүмүүс цөөнгүй таардаг. Тэдний нохдын зарим нь хөтөлгөөтэй яваа хэрнээ хүн рүү дайрах ч тохиолдол олон. Эхнээсээ энэ тэнд айлын хүүхэд хазаж гэмтээсэн тохиолдол ч гарсаар байна. Тэгвэл энэ асуудлыг одоо цэгцлэх цаг болжээ.
Бусдад аюулгүй байдлаар салхилуулах, хушуувч хамгаалалтын хэрэгслээр нь хангах, цаашлаад амьтны эрхийг хүндэтгэх гээд маш их зохицуулалт үгүйлэгдэж байна. Өмнөд Солонгос, манай хойд хөршөөс эхлээд дэлхийн олон улс оронд энэ төрлийн хууль эрх зүйн зохицуулалт байна. Тэднээс үлгэр дууриал авъя. Жишээ нь, ОХУ хоёр жилийн өмнө баталсан шинэ хуулиараа замын хөдөлгөөний бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн газрууд, амралт зугаалгын газар, тоглоомын талбай болон спортын талбайд тэжээвэр амьтдыг сул чөлөөтэй, хараа хяналтгүйгээр явуулахыг хоригложээ. Мөн дээрх газруудад гэрийн тэжээвэр амьтдын үлдээсэн хог хаягдлыг эзэд нь цэвэрлэх үүрэгтэй аж.
Харин хотын захиргааны эрх мэдэлтнүүд энэ хуулийн хүрээнд тусгай бүсүүдэд амьтдыг нэвтрүүлэхийг хориглох эрхтэй болсон байна. Үүний зэрэгцээ алдагдсан амьтдыг олсон тохиолдолд камерт бичиж, тэдний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүргийг хүн бүр хүлээх болжээ.
НОХОЙ ТАНЬ БУСДЫГ УРСАН БОЛ ТА ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?
Айлын нохойд хазуулж гэмтэх явдал иргэдийн дунд түгээмэл гардаг ч ихэнх тохиолдолд тухайн нохойн эзэн хохирогчид эм тариа авч өгөх, эсхүл эмчилгээнд шаардлагатай мөнгийг өгч зохицдог. Гэвч зарим нохойн эзэн манай нохой өөрийг чинь хазсан нь миний буруу биш, яах гэж нохой уурлуулсан юм, нэг их сүртэй хазаагүй байна гэх зэргээр хохирол нөхөн төлөхөөс татгалзах нь бий. Тэгвэл энэ тохиолдолд одоогийн байдлаар ямар хуулийн зохицуулалт хийж буй талаар судалж үзлээ.
Хуульчдын зөвлөж буйгаар хэрэв таны нохойд хазуулсан хүн цагдаад гомдол гаргавал та тухайн хүний хохирлыг барагдуулахаас гадна хариуцлага хүлээдэг болохыг анхааруулсан юм.
Учир нь Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450.000- 5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг аж.
Иймийн тул хэрэв таны нохой бусдыг хазаж, гэмтээсэн бол даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй юм.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Хотын даргын ивээл доор золбин нохой, муур ч гангарч байна даа, хотын даргын нохойд хазуулсан хүний хохь л болно ш дээ, кк
Сумка дарга нрхой муураа устгаасай бүүр олон болохыг хүлээгээд бгаа юм байхдаа гэр хороололд мал шиг бэлчдэгшдээ