Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг энэ сарын 13-наас эхлүүлнэ гэсэн мэдээллийг "Оюу Толгой" ХХК-иас өгөөд буй. Тооцож төлөвлөсөн зардал нь 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа нь хоёр жилээр хойшилсон гээд олон асуудал дагуулсан гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж, олборлолт тогтворжих нь Монголын эдийн засагт валютын урсгал дагуулах нь маргаангүй учраас таатай мэдээ л дээ. Түүнчлэн гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг угтсан баяр, талархлын сэтгэгдлүүд хэвлэлээр ч, сошиалаар ч хөвөрч байна.
Гэхдээ энд нэг зүйлийг тодотгон сануулахад, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх асуудал ухрах бус урагшлах ёстой юм.
“Оюу Толгой” ХХК-ийн албан мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд Рио Тинто болон Монгол Улсын Засгийн Газар ажиллаж байгаа гэжээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар уг 103 дугаар тогтоолыг баталсны дараа ач холбогдлыг нь тодотгон хэлэхдээ, “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэгдэнэ. Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа.
Уг тогтоолын төсөл батлагдсанаар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд цаашид хийнэ.” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Харин өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, "Рио Тинто"-гийн зүгээс өмнө нь гаргасан менежментийн алдаанууд тэрдундаа далд уурхайн зардал, хугацаа хэтрэлтийн асуудлаарх хөндлөнгийн аудит, хяналт шалгалтуудын асуудлууд бүр хойшоо л эрэмбэлэгдээд байгаа дүр зурагтай.
Үүнд, "Рио Тинто" групп "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан авч, тус компанийг 100% эзэмшигч нь болсноор, Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч болсон нь ч нөлөөлж буй биз ээ.
Учир нь "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын эрх ашгийг төлөөлж байсан хоёр гишүүн одоо "Рио Тинто" группийн эрх ашгийг хангах оролцоотой ажиллаж таарах юм.
“Оюу Толгой” ХХК-ийн албан мэдээлэлд, энэхүү хувь шилжилттэй холбогдуулан “Рио Тинто нь Туркойз Хилл Ресурсыг худалдан авах болсноор Оюу толгойн хувьцааны 66 хувийн эзэмшигч болж байна. Ингэснээр Рио Тинто Монгол Улсын Засгийн Газартай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бүрэн анхаарч, төслийн засаглал болон эзэмшлийг илүү ойлгомжтой бөгөөд хялбар болгон төслийг урагшлуулах боломжтой боллоо.” гэсэн байсан.
Хэдийгээр Монголын Засгийн газар далд уурхайн зардлын хэтрэлтээс хариуцахгүй байхаар тохирсон ч, урт хугацаанд хэрэгжих төсөл дээр "Рио Тинто" алдаагаа давтаад байх вий гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.
Сануулахад, 2021 оны наймдугаар сард далд уурхайн зардал хэтрэлтийн асуудлаарх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж, “Оюу Толгой ХХК-ийн засаглалын асуудлыг цогцоор нь ярилцах, “Рио Тинто” менежментийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх шаардлага үүссэн. Түүнчлэн тухайн оны есдүгээр сард буюу гуравдугаар улирлын ТУЗ-ийн ээлжит хурлаар эдгээр асуудлууд хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн байсан есдүгээр сарын хурал сунжирсаар, арваннэгдүгээр сарын эхээр дуусаж байв.
Тухайн хурлаар манай талаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлттэй хөндлөнгийн шинжээчдийн тайланд тусгагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах зөвлөмжийн дагуу зардлын аудит оруулах асуудлыг тавьсныг ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байсан юм.
Зардлын аудитыг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ дээрх Тусгай хороо буюу “Туркойз Хилл”-ийн хоёр гишүүн, Монголын Засгийн газрын төлөөлөл болох хоёр гишүүн оролцсон, нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хороон дээр “Рио Тинто”-гийн оролцоогүйгээр явуулъя гэсэн байр суурийг манай талаас илэрхийлсэн байсан.
“Рио Тинто” компанийн зүгээс эхлээд ажлын даалгаврыг заавал ТУЗ-аар батална, аудит хийх компанийг ТУЗ дээрээ батална гэх зэргээр тодорхой шаардлагуудыг тавьж байсантай холбоотойгоор хурал удааширсан байдаг.
Гэхдээ “Рио Тинто” нь төслийг хэрэгжүүлэгч менежерийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үүднээс ТУЗ-ийн хурлаараа хөндлөнгийн аудит оруулах асуудлыг Тусгай хороо хариуцан ажиллах шийдвэрт хүрч байсан юм.
Тухайн аудитын ажилд тодорхой хугацаа орох байх гэдгийг Э.Баясгалан гишүүн хэлж байсан. Харин одоо ТУЗ-д "Туркойз Хилл”-ийн гэх статустай хоёр гишүүний оролцоо байхгүй болчихоор өнөөх Тусгай хороо гэж байхгүй болох уу гэдэг асуулт хариулт нэхэж буй юм.
Өнгөрсөн хугацаанд “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ нь гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр сайн ажиллахгүй байна гэх шүүмж дагаж ирсэн.
Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо “Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөж буурсан нь ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайнгүй байсантай холбоотой. Тиймээс ТУЗ цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч, шийдвэр гаргах шаардлагатай” гэж байв.
Компанийн засаглалыг сайжруулах асуудлаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан байдаг. ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлэхдээ “ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. “Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх” гэж байсан.
Харин одоогийн нөхцөл байдлыг харахад далд уурхайн зардал хэтэрсэн, хугацаа хойшилсонтой холбоотой “Рио Тинто”-гийн алдааг өнгөрсөнд үлдээх гээд байна уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Ил уурхайн баялаг аль эрт хилэар гарсан .Одоо далд уурхайн баялагаа гаргаад эхэлж бна шүүү..эх орны минь баялгыг Дэлхийн том акул Рио Хятад руу гаргаж бгааг ?!?! Анхаар
мөнгөндөө тооцоотой бай битгий гэнэнтээд байгаарай Монголын ванкаар дамжуулж баялгаа гадагш гаргана шүүү бодолтой бодлогтой байгаарай залуус минь...3 дахин санаатай бай
1. Монголын талын санхүүгийн хяналтыг сайжруул!\n2. Татвараа ахиухан ав!\n3. Нэмээд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуул!\n4. Рио тинтог сайн ажиллуул!\n5. Ажлын байр нэм!\n6. Цахилгаан станц барихад хөрөнгө оруул!\n7. Монгол ажилчдын цалинг нэм!\n
Гадаадынхыг ер нь бол хужаанууд хөлслөөд авчихсан байдаг юм биш үү \n\nТэхээр гэрээ хэлцэл дээр монголчууд минь тун бодолтой байж гарч байгаа баяжмалынхаа төлбөрийг заавал монголоор дамжуулах гэрээг л заавал хийх хэрэгтэй юуны төлөө монгол газрын баялаг билээ эрхээ заавал эдлэх хэрэгтэй ш дээ авилгад идэгдэлгүй гэрээг хийвэл хэдэн үедээ л мартагдахгүй буян болох байх даа\n
2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш их хэмжээний зэсийн баяжмал хилээр жил бүр гарсан. Төлбөр нь монголоор дамжаагүй учир 2009 оноос тооуон жил бүр авах 34% д ноогдох ашгаа авч монголчууддаа тараах ёстой. Эох мэдэлтнүүд хүртэх ашгаа авилгалаар аль 2009 онд авчихсан шүү дээ. Хэрэв үгүй гэвэл Оюутолгойн олборлолтыг нэн даруй зогсоох ёстой.
хилийн дөнгөж цаана барьсан 3 н боловсруулах үйлдвэрийнхээ ганцыг нь Монголд барьсан бол РИО Тинтод итгэх байлаа. Хятадаар Монголыг дарамтлуулах зорилгоор эдгээр боловсруулах үйлдвэрийг Хятадад барьсан байдаг юм.