Б.Энхбаяр байцааж, С.Баярцогт бултсан хэлэлцүүлэг

2023 оны 03 сарын 15

Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах хяналтын сонсгол даваа гаригаас эхлэн Төрийн ордонд өдөр бүр болж байна. 

Даваа гаригт АСЕМ Вилла хотхонд олгосон зээлийн зарцуулалттай холбоотой асуудлаар гэрчүүдээс асуулт асууснаар эхэлсэн гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар үндсэн хоёр асуудлын хүрээнд болсон.

Нэгдүгээрт, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудал, хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэв.

Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл, Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох 57 төсөл, Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл, Жижиг, дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл, Ноолуурын салбарт эргэлтийн хөрөн­гийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11 төсөл зэрэг олон зүйл хамаарч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: АСЕМ-ыг ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЪЯ ГЭХ ШИЙДВЭР ХЭЗЭЭ ГАРСАН

-Тухайн үед төр төлөөлж шийдвэр гаргаж байсан хүмүүсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирээгүй байна. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээр ахлуулж байгуулсан. С.Баярцогт сайдаас төлөөлөөд ерөнхий асуулт асууя. АСЕМ буюу Ази Европын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдрийн түр хорооны хүрээнд энэ хуралдааны улс төрийн бусад үр дүн ач холбогдлын талаар хэлэлцэхгүй. Зөвхөн арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой Хөгжлийн банкны эх үүсвэр гарсан. Түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байна. Уг уулзалтыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохион байгуулъя гэдэг шийдвэрийг хэзээ яаж шийдсэн бэ.

Гэрч С.БАЯРЦОГТ: ӨНӨӨДӨР ТҮҮХЭН ӨДӨР УЧРААС СЭДВИЙН ГАДУУР ГАНЦ ЗҮЙЛ ХЭЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

-Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлтэй өдөр тохиож буй учраас сэдвийн гадуур ганц зүйл хэлэхийг хүсч байна. Оюу Толгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд 14 жилийн өмнө байгуулсан. Энэ гэрээ монголчуудын хувьд гурван УИХ, таван Засгийн газар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Оюу Толгойн үйлдвэрлэл ил болон гүний уурхайгаас бүрддэг. 20 хувь нь ил уурхай, 80 хувь нь далд уурхайгаас бүрддэг.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: С.БАЯРЦОГТ САЙДАА НОТЛОХ БАРИМТЫН ХҮРЭЭНД ЯРЬЧИХ

-С.Баярцогт сайдаа би таны яриаг тас­лах нь ээ. Танд үг хэлэх бололцоог олго­сон шүү дээ. Нотлох баримтын хүрээнд ярьчих.

Гэрч С.БАЯРЦОГТ: 226 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД САНГИЙН САЙДААР Ж.ЭРДЭНЭБАТ АЖИЛЛАЖ БАЙСАН

-Би яагаад ийм зүйл ярьж байна гэхээр найман жилийн өмнөх асуудлыг надаас асууж байна. Одоогоос 14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулаад гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдрээд анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа өдөр юм. Оюу Толгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын зүгээс Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АСЕМ гэдэг бол Ази, Европын дээд хэмжээний уулзалт. Европын 30, Азийн 21 орон олон улсын хоёр байгууллага орсон маш том нээлттэй платформ байгаа. Ингээд 12 жилийн дараа Монголд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдсэн. АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг. Ер нь дэлхийн хүн төрөлхтөн олимпын тоглолтыг дөрвөн жилд нэг удаа хүлээдэг. Дэлхийг экспог таван жилд нэг удаа хүлээдэг. Энэхүү уулзалтыг зохион байгуулалт сайтай хийхгүй бол улс орнууд ашиггүй гардаг тохиолдол бий болдог. 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах, АСЕМ-ийн 11 дэх хэмжээний дээд хэмжээний уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгчийн зарлигаар гаргасан. Ажлын хэсэг, Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулсан. Үндэсний зөвлөлийн орлогчоор гадаад хэргийн сайд, ЕТГ-ын Тамгын газрын даргыг томилуулж ажиллуулсан. ЗГХЭГ-ын дарга Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа. Дараа нь АСЕМ-тай холбогдуулаад Монгол Улсыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үед 21 дүгээр зүйлд Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт чиглэлийн энхийг эрхэмлэсэн, нээлттэй идэвхтэй олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн бүлгийн 21.1.4-т уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах ийм шийдвэрийг УИХ гаргасан. Өмнө хийгдсэн дээд хэмжээний уулзалтаас туршлага судалсан.Тухайн үед би ЗГХЭГ-ын дарга байсан. Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. 2015 оны наймдугаар сарын 6-нд манай Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан МАН-ын гишүүдийг огцруулсан. Ингээд сар гаруйн дараа Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилж Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. Тухайн үед Засгийн газраар хэлэлцээд 337 дугаар тогтоолыг гаргасан. Ингэхдээ, Хөгжлийн банкны 7.1.1, 16.2 дах заалтыг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Сангийн сайдаар 2011 онд ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хуулийг би өөрөө санаачилж боловсруулж батлуулсан. 226 дугаар тогтоолыг хэлэлцэж байхад Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Энэ хоёр тогтоолыг энд байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ хоёр тогтоолд хоёуланд нь Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурж энэ тогтоол баталгаажсан. 226 тогтоолыг Хөгжлийн банкны хуулийн 8.1-ээр үндэслэсэн. Хөгжлийн банкны 7.1.1 бол зээл авах, олгох гэсэн асуудал бий. 8.1 нь бол зээл олгохдоо УИХ-аас баталсан Хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зээлийг олгоно гэх заалт байгаа. Хөгжлийн банкны хуулийг яагаад баталсан бэ гэхээр 2016-2018 онд эдийн засгийн эрчимтэй өсөлт бий болсон. Төсвийн илүүдэлтэй болсон. Төсвийн орлого, зарлага эрс нэмэгдсэн. 2008 оны наймдугаар сар гэхэд зэсийн үнэ 8000 байснаа 6000 мянга болон эрс буурсан. Дэлхий нийтийг хамарсан хямрал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд монголчууд эдийн засгийн хямралын циклийг мэдэрч эхэлсэн. Түүхий эдийн үнэд суурилсан уул уурхайгаас хараат эдийн засаг өөрөө үйл ажиллагаа явуулахдаа төсвийн сахилга бат өндөр байхгүй бол болохгүй гэдэг нь харагдсан. Энэ хугацаанд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж мөрдүүлсэн. Энэ хугацаанд эдийн засаг хасах 1.6 хувь хүртэл агшсан учраас ОУВС-тай “stand by” хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс ирэх зардлыг хязгаарласан. Ийм үед бүтээн байгуулалтыг яаж явуулах вэ гэдэг асуулт босч ирсэн. Тиймээс төсвийг оролцуулахгүй зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна, дотноос хөрөнгө татаж Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож УИХ-аас баталсан жагсаалтаас Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Засгийн газар, Засгийн газрын хуралдаан бол хувь нийлүүлэгчдийн хуралдааныг төлөөлнө. Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийг байгуулна. ТУЗ гүйцэтгэх удирдлагыг олон улсын сонгон шалгаруулалтаар зохион байгуулж захирлыг томилох ёстой.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: АСЕМ ВИЛЛАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БАЙНА

-Хэзээ орон сууц болгох шийдвэр гаргасан бэ. Тодотговол, “АСЕМ вилла”-тай холбоотой асуудлууд их дэгдэж байна. Ямар зөвшөөрөл олгож байсан.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-“АСЕМ Вилла”-тай холбоотой 2015 оны долоодугаар сарын 3-ны өдөр тухайн үед Д.Оюунхорол сайд ажиллаж байсан, тус сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу 2015 оны долоодугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Богд хан уулын Хүрхрээгийн аманд нийтдээ 4 га талбайг “Мариот” ХХК-д олгосон байдаг. 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр улсын тусгай хамгаалалтын газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ албан ёсоор байгуулагдсан. Гэрээний дагуу амралт аялал жуулчлалын бааз нь нэг ээлждээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадал бүхий дээд зэрэглэлийн 50 зочид буудал зоогийн газар, авто зогсоолоос бүрдэнэ гэсэн гэрээг албан ёсоор байгуулсан. Хувийн орон сууц барих зөвшөөрөл гараагүй. Аялал, жуулчлалын зориулалтаар явж байгаа. “АСЕМ Вилла” төсөлд Хөгжлийн банкнаас дамжуулан олгосон 125 тэрбумын зээл түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж дууслаа. Дараа нь арилжааны таван банкаар дамжуулан, АСЕМ-ийн хүрээнд олгосон нийт 16 зээлдэгчид олгогдох 108.4 тэрбумын зочид буудлын зээлтэй холбоотой асуудлыг сонсоно.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
novshiig yalla(66.181.160.97) 2023 оны 03 сарын 15

bayartsogt offshor hulgaich hudlaa yarij bultah geed

0  |  0
Өн(66.181.189.76) 2023 оны 03 сарын 15

Баярцогт хүнд нь тааруулж хариулт өгөв дөа

0  |  2
1(202.21.108.60) 2023 оны 03 сарын 15

godron gej eniig l heldeg bhdaazodood bhad hashirdaggui amaa avaad davhidag burdag

1  |  0
Уншигч(103.57.95.36) 2023 оны 03 сарын 15

Асем амжилттай болсон уу болсон, 50 ш байшинг мсs барьсан уу барьсан, зээл төлбөрөө буцаан төлсөн үү төлсөн, хүү алдангиа төлсөн үү төлсөн, төрийн санхүүжилт орж ирэхгүй цаг алдсан уу алдсан, тус копани хувийн зардлаараа барьж эхэлсэн үү эхэлсэн, яг ийм дарааллаар л явмаар юм шиг.

0  |  2
7(66.181.160.122) 2023 оны 03 сарын 15

Iim hogiin lalruudiig buudchih yumsan

1  |  0
Ринчинболд(124.158.64.154) 2023 оны 03 сарын 15

Баярцогт сургамж айлдаад мөрдөн шалгагчид мэл гайхаж цэл хөхрөөд хоосон үлдэв Баярцогт хэмх дээрэлхчихээд гараад явчихав Баяр үнэндээ чадаж байнаа Ар талд асаагаастай ”Абраамс” танк, асаагаагүй”Леопард”ууд зэрэгцээд зогсож байгааг ойлгууллаа.Ар талд нь Элбэгдорж С.Баяр.СүБатболд,Н.Багабандь,Дээд шүүхийнхэн болонбас бус жижиг хуягтууд зөндөө байгааг гэрчлэв. Чадаж байгаа юманд арга байхгүй. Дэндүү онож хэлсэн ардын зүйр үг

1  |  2
Top