Б.Болд: Нэгнээ сонсож, гарц шийдлээ хамтдаа хайя гэсэн байр суурьтай байгаа
Зэсийн эрэлт, нийлүүлэлт болоод Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто группийн хооронд үүссэн татварын маргааны талаар Рио Тинто группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болдын байр суурийг хүргэж байна.
-Ирээдүйд зэсийн эрэлт, үнэ хэр байх вэ?
-"Рио Тинто" компани зэсийн нийт эрэлтийн жилийн хэрэгцээг 2035 он гэхэд 25 сая тонноос 50 сая тонн болж буюу хоёр дахин өсөхөөр тооцоолсон. Түүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Үүний нэг том шалтгаан нь цахилгаан машин.
Нэг цахилгаан машинд дунджаар 86 кг зэс орж байна. Өнөөдөр бидний унаж буй бензин буюу дизель машинд дунджаар 26 кг зэс байдаг. Үүнээс гурав, дөрөв дахин илүү зэс агуулсан цахилгаан машин, дээрээс нь цахилгаан машинаа цэнэглэх шаардлагатай болно. Түүний утас, цахилгаан холбоосууд нь ялгаагүй зэс.
Тийм учраас өнөөдөр байгалийн өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэн яаралтай солих шаардлагатай.
Ялангуяа сэргээгдэх эрчим хүч бас ялгаагүй зэс хэрэглэж байна. Тийм учраас өнөөдөр бидэнд сайхан, таатай өдөр байна. Зэсийн эрэлт нэмэгдэж байгаа тохиолдолд бид Монголоос экспортын борлуулалтын орлого олон, зэс үйлдвэрлэлийг дөрөв, таван жилийн дараа эхлүүлэх эхний алхмаа өнөөдөр хийж байна.
-Өртөг зардлын хувьд ямар байх вэ?
-Өнөөдрийн байдлаар "Оюутолгой" тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаа өөрийн зэсийн борлуулалтаар олдог. Ил уурхай маань жилдээ 150 мянган тонн зэс олборлодог. Энэ нь жилдээ 1.4 тэрбум ам.долларын орлого болж Монголбанкинд тушаагддаг. Үүнийгээ монгол ажилчдынхаа цалин, түлш, эрчим хүч гэх мэт хөрөнгө оруулалтынхаа зардлыг нөхөөд явдаг учраас гаднын санхүүгээс хамаарах нь багасна. Одоогоор төслийн гүйцэтгэл 83 хувьтай явж байна. Жил хагасын дотор дуусчихвал өөрсдийнхөө эх үүсвэрээр явах байх гэсэн төсөөлөлтэй байна. Зэсийн үнэ өндөр байвал бидэнд л ашигтай.
-Цахилгаан станц барих ажил юу болж байгаа вэ?
Цахилгаан станцын асуудал дээр "Оюутолгой" эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхээр Тавантолгой цахилгаан станцын ажил тодорхой үр дүнд хүрвэл бэлэн гэрээ байгаа. Мэдээж хэрэг Оюутолгойд говийн сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа учраас нар, салхийг яаж ашиглах талаар судалгаа хийж байна.
-Зэс боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах санамж бичиг байгуулсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зэс боловсруулах үйлдвэр бидний олон жил ярьж, мөрөөдсөн зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой”-д зэс боловсруулах үйлдвэр барина гэсэн заалттай. Судалгаа 2016 онд хийгдэж эхэлсэн. Монголд уул уурхайн хөгжил нэлээн ахисан учраас одоо зэс хайлуулах үйлдвэрийг Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ямар хувилбараар Монголд ашигтайгаар хийх вэ гэдэг анхаарлаа хандуулж байна. Зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлснээр бид наад зах нь зэс импортлохоо болино. Мөн хайлуулах үйлдвэрийн эцсийн шатанд өөр ямар төрлийн ховор элемент авч болох вэ гэдэг судалгааны ажлыг эхлүүлэх боломжтой болж байна.
-Арбитрын шүүх дээр байгаа татварын маргааны асуудал юу болж байгаа вэ?
-УИХ-ын 92, 103 дугаар тогтоолын дагуу таван асуудлын дөрөв нь шийдэгдсэн. Одоо татварын маргаан дээр тодорхой яриа хэлэлцээр хийгдэж байна. Одоогийн байдлаар эцэслэн шийдвэрлэсэн юм байхгүй. Гэхдээ үүнийг маргаан гэхээсээ илүүтэй аль аль нь тэвчээртэй, нэгнээ сонсож, гарц шийдлээ хамтдаа хайя гэсэн байр суурьтай байгаа.
Б.Солонго: Хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээрийг үргэлжлүүлж байна
Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто группт тавьсан татварын актууд болон Арбитрын шүүх дээр байгаа татварын маргааны талаар Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогийн байр суурийг хүргэе.
-Хөрөнгө оруулагч талтай үүсгэсэн татварын маргаан ямар шатандаа яваа вэ?
-Засгийн газрын ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ тогтоолд татварын Арбитрын маргааныг эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой заалт бий. Уг маргаан энэ оны наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшилсон. Одоогоор хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээрийг үргэлжлүүлж байна.
-Арбитрын шүүхэд манай тал ялалт байгуулах, өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулах бололцоо хэр байгаа вэ?
-Засгийн газрын хувьд арбитрын маргааны гол сэдэв болоод байгаа татварын актуудыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ утгаараа байр сууриа хамгаалаад ажиллаж байна. Гэхдээ цаашдаа Арбитрын шүүхийн гишүүд маань яаж шийдвэрлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан бид байр сууриа хамгаалаад ажиллана. Ер нь бол Засгийн газрын Ажлын хэсгийн хувьд өмнө нь УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Бидний гол зорилго бол энэ төслийн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах байсан. Үүнтэйгээ холбогдуулан манай улсын 34 хувьд ногдоод байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Энэ бол маш том амжилт. Бид 16 тэрбум ам.долларын активтай компанийн 34 хувийг үнэгүй эзэмшдэг болсон. Энэ бол зөвхөн Монгол Улс төдийгүй манай улстай адилхан байгалийн баялагтай, хөгжиж буй улсуудын хувьд жишиг болохуйц хэлэлцээний үр дүн байсан. Энэ үр дүнгээс хамаарч бид Оюу Толгой төслөөс ногдол ашиг авахдаа хөрөнгө оруулагч талтай адилхан нөхцөлөөр авах боломж бүрдсэн. Засгийн газрын ажлын хэсэг Монгол Улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.
-Ажлын хэсгийн хувьд хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг амжилттай хийсний үр дүнд Оюу Толгойн гүний уурхайн ажлыг эхлүүлж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Засгийн газрын Ажлын хэсэг 2020 оны наймдугаар сараас хойш ажлаа эрчимжүүлэхэд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил тулгамдсан асуудал байсан. Зардал нь 30 гаруй хувиар нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа нь хоёр жил гаруйгаар хойшилчихсон байсан. Энэ нь эргээд Монгол Улсын хүртэх үр өгөөжид сөргөөр нөлөөлсөн байсан юм. Гэхдээ яриа хэлэлцээрийн үр дүнд хөрөнгө оруулагч талтайгаа хэлэлцээд энэ төслийг үргэлжлүүлэн харилцан ашигтайгаар ашиглах үр дүнд хүрсэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )