Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчдийн хооронд 2021 оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлсэн яриа, хэлэлцээ үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг талууд өгч буй. Ер нь бол Оюутолгойн хэлэлцээний оргил үе өмнө хүлээж байгаа гэхэд болох юм. Энэ сарын 13-нд далд уурхайн олборлолт албан ёсоор эхэлж, гол үүцээ эдийн засгийн эргэлтэд оруулах зам шулуудсан нь мэдээж таатай үйл явдал. Гэхдээ манай тухайд Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдэг асуудлын үндэс нь “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан” - тай л холбоотой байдгийг Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо өмнө нь хэлж байсан.
Оюутолгой төслөөс орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэнэ гэдэг Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар жин дарах нөлөөг үзүүлнэ. Гэхдээ үүний сацуу суурь гэрээгээр зохицуулсан татварын асуудлуудаа цэгцлээд авбал тун чухал. Олборлолт, экспорт өсөхтэй зэрэгцэн хуульчилсан татваруудаас авч үлдэх, орлогоо өсгөх бодит боломжийг Монгол Улс хуулийн хүрээнд ашиглах нь зүй ёсны л асуудал юм.
Өнгөрсөн хугацаанд талуудын ойлголцолд ахиц дэвшил гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэгдэж буй “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд татварын маргаантай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “УИХ-ын 92, 103 дугаар тогтоолын дагуу таван асуудлын дөрөв нь шийдэгдсэн. Одоо татварын маргаан дээр тодорхой яриа хэлэлцээ хийгдэж байна. Одоогийн байдлаар эцэслэн шийдвэрлэсэн юм байхгүй. Гэхдээ үүнийг маргаан гэхээсээ илүүтэй аль аль нь тэвчээртэй, нэгнээ сонсож, гарц шийдлээ хамтдаа хайя гэсэн байр суурьтай байгаа” гэсэн бол Дэд сайд Б.Солонгоо “Засгийн газрын хувьд арбитрын маргааны гол сэдэв болоод байгаа татварын актуудыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ утгаараа байр сууриа хамгаалаад ажиллаж байна. Гэхдээ цаашдаа Арбитрын шүүхийн гишүүд маань яаж шийдвэрлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан бид байр сууриа хамгаалаад ажиллана. Ер нь бол Засгийн газрын Ажлын хэсгийн хувьд өмнө нь УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилласан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд үр дүн гаргаж ажилласныг хаа хаанаа харж байгаа. Гэхдээ 92 дугаар тогтоол бүрэн дүүрэн хэрэгжиж амжаагүй. Тиймээс ч дутуу гучууг нь гүйцээх гэж УИХ-аас 103 дугаар тогтоолыг баталсан юм. Түүнчлэн спикер Г.Занданшатар “103 дугаар тогтоолын хүрээнд, Оюутолгой төсөлтэй холбоотойгоор олон жил яригдсан асуудлууд шийдвэрлэгдэхийн сацуу татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой” гэж мэдэгдэж байсан билээ.
“Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Монголын Засгийн газрыг хариуцагчаар татан эхэлж байсан Лондоны Олон улсын арбитр дахь татварын маргааныг 2023 оны наймдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байгаа юм. 2020 онд “Оюу Толгой” компани Монголын Засгийн газрыг татварын асуудлаар хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргасан бол Засгийн газрын зүгээс 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр уг нэхэмжлэлийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдаг.
Ер нь Оюутолгойн хэлэлцээний явцад чухам яагаад татварын асуудлыг онцолж авч үзэх ёстой вэ гэдгийг эхэнд дурдсан билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг талаар Ажлын хэсгийн зүгээс өмнө нь мэдэгдэж байсан. Тухайлбал, 2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын орчныг тогтворжуулсан заалтууд юм.
Хөрөнгө оруулалтын гэрээг нарийвчлан унших юм бол “Рио Тинто”-д, Оюутолгойд ашигтай заалтууд байдаг. Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна. Зарим зардлаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаагүй процесс гээд огт татвар төлдөггүй. Люксембург, Нидерландын хүчин төгөлдөр бус болчихсон Давхар татварын гэрээ бидний хувьд тогтворжчихсон гэдэг тайлбарыг тэд олон жил хэлж ярьж ирсэн байдаг. Тиймээс ч цаашид шийдвэрлэгдэх шаардлагатай хүлээлт үүсгэсэн үндсэн асуудал бол УИХ-ын 103 дугаар тогтоолын бодитой хэрэгжилт болохыг сануулан мэдээлж буй юм.
2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийн тайланг сонссон байдаг.
Ажлын хэсгийн тайлангаас татвартай холбоотой хэсгийг эшлэхэд:
Хөрөнгө оруулалтын гэрээний гол агуулга нь хөрөнгө оруулагч буюу Гадаад талын татварын болон үйл ажиллагааны орчныг тогтвортой байлгах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг тэргүүн зорилго болгож шийдвэрлэжээ. (Хөрөнгө оруулалтын гэрээний удиртгал хэсгийн Гэрээний зорилго гэсэн хэсэг)
Үүнээс болж Монголын талын оролцох оролцоо, тавих хяналт бүдгэрсний дээр татварыг удаан хугацаанд тогтворжуулсан нь дэлхийд байхгүй жишиг болж, манай талын үр ашгийг бууруулах үндэс болж байна. “Оюу Толгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 орчим хувиар бага байгаагийн дээр 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж Сангийн яамны тооцооллоор гарсан гэсэн байгаа юм.
Оюутолгойн гэрээний ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО гэсэн хэсгийг харвал:
“Энэхүү Гэрээний зорилго нь Хөрөнгө оруулагчийн татварын болон үйл ажиллагааны орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах болон олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох хохирол багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, Өмнийн говийн бүсийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох, Монгол Улсын компаниуд, хувь хүмүүст бизнесийн шинэ боломжийг бий болгох, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, энэхүү Гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлох, Гэрээт талбайд ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд Талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ.
Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчныг хэрхэн тусгасныг сануулахаас урьтан гэрээ байгуулахын өмнө татварын зохицуулалтын талаар юу яригдаж байсан бэ гэдэгт анхаарал хандуулах нь зөв дараалал болох байх.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад эрхзүйн суурь баримт бичиг болсон УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн байгуулах” гэсэн чиглэл байдаг. Мөн УИХ-ын 2009 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх олгохдоо Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн УИХ-ын 40 дүгээр тогтоол болон Эдийн засгийн байнгын хорооноос 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар гаргасан санал дүгнэлтийг харгалзах тухай тусгасан байдаг.
Харин хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх шинэчлэгдсэн Ажлын хэсэг 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр УИХ-д дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хүчингүй болсонд тооцуулах тухай асуудлыг өргөн барьсан нь УИХ-ын дээрх хоёр тогтоолын чиглэлээс зөрсөн явдал болсон юм. Тодруулбал:
Эдгээр хуулиудыг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө 2009 оны наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд УИХ хэлэлцэж байв. Ингэхдээ 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал, дүгнэлтийг харгалзаагүй гэхэд болно.
Учир нь Санал, дүгнэлтийн 1.1-т УИХ-ын 40 дүгээр тогтоолд гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийхээр заасан боловч Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиудад зааснаас өөр нөхцөл тогтоосон, түүнчлэн шинэ төрлийн татвар бий болгосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тухайн гэрээгээр өөрчилж, цаашид уг гэрээний дагуу талууд тодорхой хуулийн заалтыг биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн уг гэрээний төсөлд “Ашигт малтмалын тухай хууль”-д шаардлагатай тохиолдолд татварын дэглэм тогтоох, “ Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах эсэхийг талууд гэрээгээр харилцан тохиролцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан нь цаашид байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд өөр өөр татварын дэглэм тогтоож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мөн гэрээний хугацааг хуулиар бус гэрээгээр тогтоох боломжийг бий болгож байна” гэсэн байдаг.
Түүнчлэн Санал, дүгнэлтийн 2.1-т одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хууль тогтоомжоор хувь хэмжээ заан ноогдуулж буй татварыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөж, татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хэмжээг нэмэгдүүлэх, багасгахгүй байх. 2.2-т Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг Монголын талын эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө оруулалтыг оруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй уялдуулан хэлэлцээр хийх гэхчлэн тусгасан байдаг. Гэсэн ч УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхдээ 40 болон 57 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт зэргийг үл харгалзжээ.
Улмаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд дараах 7 төрлийн татварын хувь хэмжээг тогтворжуулахаар тохиролцжээ.
Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолд тусгагдсан “Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн агуулгын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг эргэн харах, засаж залруулах том ажлыг Засгийн газар, УИХ хүч нийлэн хийж чадах уу гэдэг нь анхаарал татсан сэдэв хэвээрээ байна.
Сэтгэгдэл ( 1 )
Та нар бүү горьд. Бадарчид баярлах болоогүй ээ. Хихихии!!\n