Дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогчид болох БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт, хэлэлцээ өнгөрсөн өдрүүдийн анхаарал татсан үйл явдлуудын эхэнд эрэмбэлэгдлээ. 2020 оноос хойш дэлхий нийтийн хувьд сорилт бэрхшээлүүд дагуулсан цар тахал болоод дайны “автор”-уудын энэ удаад хэлэлцсэн асуудлуудаас манайд онцлох хамаатай сэдэв нь хийн хоолойн тухай байлаа.
ОХУ-ын Шадар сайд Александр Новакийн мэдээлснээр, Ши Жиньпин, Владимир Путин нар Монголын нутгаар дамжих хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дээр нэгдсэн ойлголттой болж, холбогдох баримт бичгүүдийг ойрын хугацаанд бэлэн болгох үүрэг өгчээ.
Манай тухайд газар нутгаараа хийн хоолой дамжуулах тухай сэдэв улс төрийн түвшинд анхаарал татсан сэдэв байсаар ирсэн. Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг холбосон хийн хоолойг газар нутаг дээгүүрээ дамжуулан бариулах Монгол Улсын төр засгийн хүсэл эрмэлзэл гурав дахь аравныг дамнан өнөөдрийг хүрсэн. Шинэ зууны эхээр буюу 2000 онд Монголын нутгаар хийн хоолой дайруулан барих Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ бэлтгэгдэж, Кремлийн тэргүүний ширээн дээр хүргэгдэж байсан нь өнөөдрийн В.Путины өчигдрийн эрх мэдлийн он цаг байсан билээ.
Үүнээс 19 жилийн дараа буюу 2019 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар тус улсад айлчлахад албан ёсоор яригдаж, улс төрийн түвшинд ойлголцол, тохиролцоонд хүрсэн нэг гол асуудал нь хийн хоолой байсан. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар тус улсад айлчлах үеэр протоколын дагуу яригдсан үндсэн сэдвүүдийн нэг нь хийн хоолойн тухай байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөхөн хийн хоолойн ТЭЗҮ болсон гэх мэдээллийг “Газпром”-оос өгч байв.
Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл манай тухайд Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарагдаж буй юм. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “ТЭЗҮ-ийн хүрээнд нарийвчилсан ажлын зургууд хийгдэнэ. Үүнд хоёр жил зарцуулагдана. Бидний харж буйгаар 2024 он гэхэд хийн хоолойн барилга, бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ гэж тооцоолж байна. Нөгөө талаас худалдан авагч Хятад улсын байр суурь ямар байх нь маш чухал асуудал. Айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн түвшинд ч тэр, Засгийн газрын түвшинд ч тэр Оросын тал Хятадын талтай тохиролцоонд хүрсэн тухай ОХУ-ын Ерөнхий сайд М. Мишустин мэдэгдсэн. Ингээд Хятад, Орос болон Монголын талд төслийн ажлууд явж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс бэлтгэл ажлыг хангахтай холбоотой бүх арга хэмжээг авч, шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, ажлын хэсэг дээр онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Тийм учраас цаг хугацаа алдахгүйн үүднээс хүний нөөцөө бэлдэж эхэлж байна. Төсөл хэрэгжиж эхэлсний дараа 1500-1700 байнгын ажлын байр бий болно” гэсэн мэдээллийг өгч байсан юм.
Тэгвэл одоо өрнөж буй үйл явцыг харахад, хоёр хөршийн удирдагчид манай нутгаар хийн хоолой дамжуулах асуудлыг цаг хугацааны хувьд болсон гэж албан ёсоор ойлголтоо нэгтгэж буй бололтой. Ийнхүү байр сууриа нэгтгэхэд геополитикийн нөлөөлөл жин дарж нөлөөлж буй биз ээ. ОХУ-ын тухайд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд олон янзын хоригт орж, өөрөө ч эрчим хүчний нийлүүлэгчийн хувиар бусад улс орнуудад хатуурхахдаа хатуурхаж, цахилгааныг нь хязгаарлах зэрэг сөрөг арга хэмжээнүүд авсан талаар мэдээллүүд гарч байгаа. Түүнчлэн ОХУ, Украины дайны улмаас улс орнуудад тулгамдаж буй асуудлуудын эхэнд эрчим хүчний импортын хамаарал өндөр байх нь ямар эрсдэлтэй болохыг ойлгуулж, импортоо төрөлжүүлэх замаар аюулгүй байдлаа хангах ёстойг дахин дахин сануулж байна.Тухайлбал, өнгөрсөн олон жилүүдэд Герман улс ОХУ-аас хамаарах эрчим хүчний импортын хамаарлаа бууруулж чадаагүй нь энэ дайны хоригуудын үеэр ихээхэн асуудал дагуулсан.
Эдгээр нөхцөл байдал нь манай тухайд ч эрсдэлээс өөрийгөө хамгаалах ёстойг сануулж буйг судлаачдын зүгээс тодотгож байна. Тухайлбал, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн тойм судалгаанд дурдсанаас эшлэн хүргэе.
“Манай улсын хувьд нүүрс, байгалийн хийн импортоос хамааралгүй хэдий ч байгалийн хийн хоолой тавьснаар хийг хэрэглээнд нэвтрүүлвэл эрчим хүчний хараат байдал нэмэгдэх эрсдэлтэй. Хүлэмжийн хийг бууруулах, цэвэр эрчим хүч рүү шилжих зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрчимжүүлэх нь дотоодын нөөц бололцоонд тулгуурлан эрчим хүчний хараат байдлаас гарах гол арга зам тул олон улс орон энэ чиглэлд үйл ажиллагаагаагаа эрчимжүүлж байна. Манай улс стратегийн янз бүрийн түвшний түншлэл бүхий өндөр хөгжилтэй “гуравдагч хөрш”-үүдтэй технологи хуваалцах замаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлдэг. Манай нар, салхины цахилгаан станцуудын дийлэнх хөрөнгө оруулагч нар “гуравдагч хөрш”-үүд тул бидэнд энэ салбарт хамтран ажиллах туршлага бий юм. Сэргээгдэх эрчим хүчний давуу тал нь төвлөрсөн эх үүсвэрээс татгалзан тархмал эх үүсвэрт шилжсэнээр аюулгүй байдлын эрсдэлийг бууруулдаг болох нь өдгөө Украинд үүсээд буй нөхцөл байдлаас харагдана. Иймээс цэвэр эрчим хүчний шийдлүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Мөн уг салбарт ухаалаг систем нэвтрүүлж системийн горим ажиллагааг тогтворуулах зайлшгүй шаардлагатай байна” хэмээн дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Улам л дарамталуулна бензин,тог одоо хий бүр атганд н өөрөсдөө гүйгээд орлоо...
хуцаад элий балай юм сараачаад бай новшнууд