Ная гаруй жилийн түүхтэй Монголын үндэсний ууган сургуулиудын нэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дэлхийн зах зээлд боловсрол экспортолж эхэлсэн сайхан мэдээ дуулдах болсон. Бид олон жил гаднаас боловсролын импорт хийж байсан бол өнөөдөр өөрийн үнэт зүйл, эрдэмтэн багш нарын олон жилийн хөдөлмөр зүтгэл, судалгаа шинжилгээний үр дүнд дэлхийн хэмжээнд экспорт хийж эхэлсэн нь ойлгомжтой.
Тэр тусмаа үүнийг Монголын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль эхлүүлж байгаа нь бүр ч сайн хэрэг. Үндэсний Анагаахын сургууль олон улсын зах зээлд гарч байна гэдэг Монгол Улсын анагаахын шинжлэх ухаан хөгжиж байгааг харуулсан хэрэг. Энэ нь өнөөдөр дэлхийн эмч нар манай үндэсний сургуульд сурч байгаагаас харагдана.
Олон жилийн түүхийг бүтээж, эрүүл мэндийн салбарыг боловсон хүчнээр хангаж ирсэн сургууль олон улсын зах зээлд гарах болсон шалтгаан нь Н.Хүрэлбаатар захирлын санал санаачилга гэдгийг салбарынхан хэлж байна. Тэрбээр өнгөрөгч 2020 онд тус сургуулийн захирлаар томилогдсон цагаас хойш тодорхой төлөвлөгөө боловсруулж, олон шинэлэг ажил өрнүүлсний нэг нь боловсролын экспорт. Үүний нэг тодхон жишээ нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн тус сургуульд дэлхийн есөн орноос ирсэн 168 оюутан суралцаж байгаагаас харж болно. Нөгөө талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын бодлого, үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрснийг л харуулж байна. Цаашид ч суралцах хүсэлтэй оюутнууд цөөнгүй байгааг хэлнэ лээ. Энэ нь мэдээж өчигдөр санаачлаад өнөөдөр болчих асуудал биш.
Ямартай ч Н.Хүрэлбаатар захиралтай тус сургуулийн хамт олон дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, олон улсад магадлан итгэмжлүүлж чадсан нь том амжилт. Тухайлбал, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх баклавр, дипломын сургалтын бүх хөтөлбөрийг дотоодод магадлан итгэмжлүүлж, Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсын “АСИЙН” байгууллагаар ахисан түвшний давтан магадлан итгэмжлүүлжээ. Мөн Нүүр амны их эмч, Сувилагч, Уламжлалт анагаахын засалч, Нийгмийн эрүүл мэнд судлаач, бэлтгэх дөрвөн хөтөлбөрийг олон улсын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр бэлэн болсныг тус сургуулийн удирдлагууд ярьж байна.
Түүнчлэн англи хэлээр “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрт 100 оюутан суралцаж байгаагаас Монгол оюутан 80, дэлхийн хөгжингүй орны 20 оюутан суралцаж байгаа аж.
Үүнээс гадна 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн, АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийг эхний хоёр жил амжилттай суралцаж дүүргэсэн оюутнуудыг “Хүний Их Эмч” 2+4 хөтөлбөрөөр Монгол Улсад анх удаа бэлдэж эхлээд байна.
Өдгөө гэхэд Монгол Япон эмнэлэгт Япон улсын Нийгмийн Хамгаалал Эрүүл Мэндийн Их Сургууль, ХБНГУ болон Европийн Анагаахын их сургуулийн оюутнууд дадлагажуулах эмнэлзүйн сургалт, тойролтуудыг хийж, мэдлэг, чадвараа дээшлүүлсээр байна. Ийнхүү дэлхийд өрсөлдөх өндөр мэдлэг, чадвартай судлаачид, залуу эрдэмтдийг бэлтгэх чиглэлд АШУҮИС байнга анхааран ажиллаж, дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан магистр, докторын цахим болон танхимын хөтөлбөрүүдийг бүрэн шинэчлэн боловсруулж гадаад дотоодын шилдэг залуу судлаачдыг хамруулжээ. Мөн тус сургууль АШУҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 хүртэлх магистрант, докторантад олгож байгаагийн зэрэгцээ залуу эрдэмтэн судлаачдын судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилгоор магистрантад 3,0 сая, докторантад 5,0 сая төгрөгийн эм, сурвалж авах, судалгааны ажлыг дэмжих санхүүжилтыг захирлын нэрэмжит тэтгэлэг болгож олгож эхэлсэн байна.
АШУҮИС-ийн удирдлагын багийн зүгээс оюутан залууст эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ бие бялдар, оюун санаа, хүний мөс, энэрэх сэтгэлтэй, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Оюутан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, спорт олон нийтийн арга хэмжээ, хүний хөгжлийн лекц сургалтуудыг зорион байгуулдаг аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутнууддаа өндөр мэдлэг, чадварыг олгохоос гадна эрүүл чийрэг, үндэсний өв соёл, уламжлал, түүхээ дээдэлдэг, хариуцлагатай, төлөвшсөн, өндөр ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, амьдрах ухаанд суралцсан сайн иргэн-сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болгон хүмүүжүүлэх агуулгыг багтаасан "Оюутны хөгжил” хөтөлбөрийг баталж, “Эх оронч оюутан”, “Эрүүл авьяаслаг оюутан”, “Хөдөлмөрч оюутан”, “Үлгэрлэгч оюутан” гэх үндсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлж эхэлжээ. Анх 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факультет дөрвөн тэнхим 34 оюутантайгаар хичээллэж эхлэхэд захирлаар нь ЗХУ-ын мэргэжилтэн Топольский уригдаж байсан бол өнөөдөр 56000 эмч, эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Олон улсаас Монголын анагаахыг сонирхон ирж байна гэсэн яах аргагүй шинжлэх ухаан хөгжиж байгааг харуулсан хэрэг юм.
Сэтгэгдэл ( 3 )
Төгсмөр аядаад дараа нь баахан цалингаа голсон ядуу залуу эмч нар!!! Сумын төв, хөдөө орон нутагт нь хоёр жилийн дадлага дүүргэх гэж хааяа нэг очих залуу, ядуу эмч нар!!! Хотоор дүүрэн хамраа сөхсөн, өөрийгөө мундаг гээд бодчихсон ганцхан салбарт мэргэшсэн их зантай эмч нар!!! Хотод том эмнэлэгт орж чадвал хүнээс авилга нэхэх хаалга нь нээгдэх ядуу, залуу эмч нар!!! Яана даа, яана!!!
Энэ хөтөлбөр Хүрэлбаатараас өмнө хэрэгжиж эхэлсэн, мэдээлэл үнэн байх нь түгээж буй сайт, сэтгүүлчийн үүрэг гэж бодож байна.
Энэ хөтөлбөр Хүрэлбаатараас өмнө хэрэгжиж эхэлсэн, мэдээлэл үнэн байх нь түгээж буй сайт, сэтгүүлчийн үүрэг гэж бодож байна.