Судлаач А.Цээбаатар гуайн Өвгөдийн үг өв хэмээх Алтайн Торгуудын дэлгэж буулгаагүй дөрвөн зууны түүхийг уншигчдын өмнө дэлгэсэн нэгэн сайхан бүтээлийн талаар өгүүлье.
Уг номын эхний зургаан бүлэгт редактор хийсэн манай нэртэй зохиолч түүхч Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Мандир гуай уг номын ач холбогдлыг өндрөөр үнэлж "Энэ ном гашуун ном. Зөвхөн түүний өвөө эмээгийн биш, чи бидний өвөө эмээ нарын гуниг харуусал, түүхийн сургамж энд шингэсэн байгаа. Бүх монгол туургатны идүүлсэн, хядуулсан, эвдэрсэн замыг дурдсан байгаа. Бидний түүхийн ой санамж мартагдаж, зохиомол түүх бичлэгт дарагдаж бүдгэрч бүлхэрч байгааг санаач ээ гэж бичсэнд нь энэ номын үнэ цэнэ оршино" хэмээн өмнөтгөл үгэнд өгүүлжээ.
Эртний Монгол аймгууд дотроос эзэнт гүрнийхээ нутаг дээгүүр сүүлийн удаа тив дамнасан нүүдлүүд хийсэн нь Торгууд, Ойрадууд билээ. XIII зуунд Өгөөдэй хааны үеэс эхлэн Алтайн нурууны садан салбар Тарвагатай Сайрын уулсаар нутаглаж, Дөрвөн Ойрадын задралын дараа Өрөнгө, Булган голоор нутаглаж, Алтайн өврийг олон зуунаар манаж ирсэн Торгууд нар нь Алтайн Торгууд буюу өнөөгийн Булган голын Торгуудууд юм.
“Түүхийг өөрчлөх, үзэл сурталжуулахаас илүүтэй үзэл сурталжсан түүхийг “цэвэрлэн” уг үндсийг сэргээх нь үлэмж бэрх.ажил” хэмээсэнчлэн номын хуудас эргэх тоолонд тэр үгний үнэн болох нь ойлгогдоно. “Алтайн мананд төөрсөн Аргалийн хурга хөөрхий” гэж баруун монгол ардын дуунд гардаг шиг “түүх нь төөрсөн Алтайн Торгууд түмнийхээ дэлгэж буулгаагүй дөрвөн зууны түүхийг үнэнээр нь уншигчдын өмнө дэлгэх гэж архивын баримт, эх сурвалжид түшиглэн энэхүү судалгааны номыг бүтээсэн нь үнэхээр л “үлэмж бэрх” мөртлөө бас хойч үедээ үнэн түүхийг бичиглэн үлдээх гэсэн нөр их хөдөлмөр юм даа. “Түүхийн гүймэг бичвэр, товч альманах, өгүүлэх өөр өнцөг” хэмээн тодорхойлсон уг номыг эртний монголын дуун бариулах буюу шүлэглэн хэлэх аргаар бичиж, эшлэл зүүлт тайлбар хийж, олон тооны зураг, фото оруулсан нь хэн хүнд ойлгомжтой энгийн мөртлөө, эгэлгүй сайхан бүтээл болжээ.
Номын эхний бүлгүүд нь Монголын газар нутгийн түүхийг он цагийн дарааллаар зураглан, товч тайлбартайгаар альманах хэлбэрээр үзүүлж, Торгууд хэмээх нэршлийн үүслийг шинээр тайлбарласан байх бөгөөд эдгээрийг түр орхин дараагийн бүлгээс өгүүлье.
НОМЫН IV БҮЛЭГ:
Урьд өмнө тэр бүр бичигдэж мэдээлэгдэж байгаагүй Алтайн Торгуудын түүхийн талаар өгүүлсэн IV бүлгээс эхлэн энд тодруулан тайлбарлая. Номын зохиогч түүхэн үйл явдлуудыг тайлбарлахдаа, түүнд холбогдох эх сурвалжийг нэгд нэгэнгүй дурдахыг хичээсэн нь илт байна.
Ингээд бид Торгууд нарын талаар, тэд "Их нүүдэл" хийж Ижил мөрнөөс нааш ирсэн хүмүүс гэдгээс цаашгүй, "Тоокуу нэгэн гутал" хэмээх дуунаас илүүгүй шахам мэдээлэлтэй байдаг бөгөөд Торгуудын талаар, түүний дотроос өдгөө эх орондоо Алтайн өврийн Булган голд амьдран суугаа торгууд зон олны талаар Чөлөөт нэвтэрхий тольд "тэд Шинжаанаас ирсэн хүмүүс " гэсэн утгатай бичигдсэн байдаг. Тэрчлэн "Торгууд монголын хант улс" номын өмнөтгөлийг бичсэн түүхч эрдэмтэний өгүүлэлд "Шэйрэн тайшийн харьяаны торгууд нь 1700-аад онд Ижилээс ирсэн хүмүүс юм" хэмээн ташаарсан байдаг.
Үнэн түүх нь гэвэл Дөрвөн Ойрадын нэг голлох аймаг Торгууд нь Ховогсаарь буюу Ховогийн гол Сайрын уулсын эртний уугуул нутагтаа нутаглаж байгаад XVI зууны сүүлээс эхлэн Торгуудын Хоо өрлөг ноён Торгуудын олонхи хэсгийг дагуулж цөөнгүй хошууд, дөрвөдийг хамруулан умрыг зорин нүүсээр 1620-оод оноос Ижил мөрний савд хүрч нутагласан байна. Харин Торгуудын ноён Онхон Цавчаач өөрийн албатуудын хамт нүүхгүй үлдэж, Алтайн өвөрт буурь сэлгэн Эрчисийн өмнөд бие Өрөнгө Чингил Булган голуудаар нутаглаж байсан болох нь олон сурвалжаар нотлогддог. Торгууд аймгийн нутаглаж байсан Ховогсаариас холгүй Бор талын Дөрвөлжин хотод Өгөөдэй хааны ордон өргөө байрлаж байсан туурь, дурсгалын сүрлэг самбар байрлаж байна.
Тэдгээр нүүдэллээгүй үлдсэн хүмүүс өөрсдийгөө Алтайн Торгууд гэх бөгөөд тэд эх нутгаа орхиж нүүхгүй, эв эеэ сарниулахгүйн төлөө тэмцэж, нүүж одсон Хоо Өрлөгийн хэсэгтэй нэг биш удаа илд зөрүүлсэн баримтууд байдаг аж. Тэдгээр тулааны нэгэнд Алтайн Торгуудын домогт ноён Мэргэн Тэвнээ баатар амь үрэгджээ. Монголын бурханы шашинд тодорсон гоц эрдэмт таван их хутагтын нэг, Далай Манзушир Хутагт Нэйж тойн буюу Авид гэгээний төрсөн эцэг нь Торгуудын Мэргэн Тэвнээ ноён болохыг номонд тодруулан өгүүлжээ.
Эртний бичгийн сурвалжид үндэслэн, Алтайн Торгуудын болон Халимагийн Торгуудын ноёдын уг гарвалын хэлхээсийг анх удаа хүснэгтийн хэлбэрээр хийсэн нь олон зүйлийг тодорхой болгосон байна. Энэ нь, Нэйж тойны эцэг нь Мэргэн Тэвнээ ноён мөн болох, Торгуудын Зонхов бурханыг Ижил рүү авч одох буцаж нүүх үед гардан залж явсан хувраг Лувсанжалцан нь Шэйрэнгийн дүү болох, цаашилбал Алтайн Торгуудын бэйс Шархүүхэний эцэг Баатар Увшийг, Халимагийн Торгуудын Увш хантай андуурсан ташаарал өнөөгийн олон номонд бичигдсэний мөрөөр өргөн олны дунд үүссэн тэрхүү эндүү ташаа ойлголтыг залруулах зэрэгт ач холбогдолтой юм. Энэхүү ноёдын уг гарвалд тэмдэглэснээс үзэхэд: XVI зууны дунд үеийн Торгуудын ноён Буйгу Өрлөгийн "хоёр гэрийн, хоёр хатны долоон хөвүүн" нь XVII зууны эхнээс эхлэн "бууриа холдоо засаж, түүхээ тусдаа бичиглэжээ".
Алтайдаа үлдсэн Торгууд нарын талаархи түүхэн үйл явдлуудын сурвалжаас түүвэрлэн он дараалаар дэлгэрэнгүй бичсэнийг энд бүгдийг дурдах боломжгүй бөгөөд тэд Зүүнгарын хаант улстай хэрхэн харилцаж, Манжийн эсрэг хэрхэн хамтран тамцэж байсан талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.
Эх нутаг эрх чөлөөнийхөө төлөө зуу зуун жилээр өртөөлөн зүтгэсэн
Эрэмгий дайчин эх оронч, Алтайн Торгуудын удам шүү дээ бид чинь
Дөрвөн зууны эрхэм бахархалт энэ түүхийг эс сэргээж болно гэж үү?
Дээдсийнхээ түүхийг огоорч туулсан замыг нь эгнэгт умартах гэж үү? хэмээн зохиогчийн ийнхүү шүүрс алдах мэт өгүүлсэнчлэн Зүүнгарын хаант улсын мөхлийн үед, түүний нэг хэсэг байсан Алтайн Торгуудын түүхийн сурвалжуудыг Манжууд зориудаар үрэгдүүлж үгүй болгон, гажуудуулж гуйвуулсан нь харамсалтай. Зүүнгарын хаан Галданбошигтыг дарсанд нь баяр хүргэн, Манжийн хаанд элч илгээх зэргээр манжид тал алдалгүй явж ирсэн Халимагийн Торгуудын ноёдыг магтан дуулсан Манж Хятадын сурвалжууд түүнчлэн "Торгууд хаадын тууж", "Хоо Өрлөгийн түүх" зэрэг тэдгээр ноёдын өөрсөддөө зориулан бичсэн түүхд, дарагдан бүдгэрч бүлгэрч байгаа Алтайн Торгуудын түүхийг сэргээж Т.Мандир гуайн бичсэнчлэн "түүхийн ой санамж"- аа бэхлэх цаг болжээ.
Номонд "Ийнхүү Булган голын Торгууд Хошуудууд нь, Зүүнгарын хаант улсын уналтын үед Манжийн их хядлагыг сөрөн тэмцэж тулалдан, хүний цөөнөөс хүчин мөхөсдөхийн эрхэнд дайжин 1758 оны өвөлөөс 1771.01.05-ны хооронд ердөө 11 жил гаруй Ижилд сууснаас бусад, түүхийн бүхий л цаг хугацаанд эх орныхоо баруун хязгаарт Алтайн өвөрт нутаглаж ирсэн болох нь тодорхой байна. Иймд Алтайн Торгууд нь Ижил мөрний сав нутгийн Халимагийн хант улсын Хоо өрлөгөөс Увш хан хүртлэх ноёдын албат харьяатууд байгаагүй бөгөөд Ижилд байсан тэндээс хамтдаа эх нутаг руугаа нүүсэн нүүдлээс бусад тэдний түүхийг хуваалцах учир холбогдолгүй тул үзтэл илэрхий 400 гаруй жилийн түүхийн замыг хольж хутган хоёр үзүүртэйгээр бичиж буулгаж уншиж ухаарч байгаа нь үнэнд нийцэхгүй юм.
Ийнхүү бид эх нутаг, эртний түүх, эртэс дээдсийнхээ туулсан замыг үнэн зөвөөр тодруулах нь дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт Ойрад Торгууд ахан дүүстэйгээ эгнэгт эвтэй эетэй байх асуудалд ер нөлөөлөл хамааралгүй, харин ч тустай, тусдаа сэдэв болох нь хэнд ч ойлгомжтой билээ" хэмээн дурджээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Түүхийн маш чухал ээдрээг тайлж өгсөн байна. Үргэлжлэлийг хаанаас үзэх вэ