ТВ8 телевизийн сэтгүүлч, редактор Ж.Баттуулын бэлтгэн хүргэдэг “Уулзах цэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшиж байгаад уг хувьцаагаа бусдад луйвардуулсан гэх иргэн Ж.Ганхүү оролцсоныг хүргэж байна. “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байсан маш олон иргэн хувьцаагаа луйвардуулсан юм билээ. Өмнөговь аймгийн эдгээр иргэдийн хувьцаа 1997-2000-аад оны эхээр гэнэтхэн алга болж, маш олон гэрээ хэлцэл дамжсаны эцэст УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлээд байгаа Д.Бат-Эрдэнэ нарын дансанд орсон байна.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн. Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад 2003 онд тэтгэвэртээ гарсан. Одоо аймгийнхаа төвд амьдарч байна.
-Хувьцаагаа луйвардуулаад араас нь та маш олон жил явсан юм билээ. Манай нэвтрүүлгийн багийнхан таныг нийт 1719 ширхэг хувьцаагаа алдсан гэсэн баримтыг олж авсан. Та энэ хувьцаагаа тухайн үед яаж өөрийн олгож байсан бэ. Чухам яагаад луйвардуулав?
-Тухайн хувьцааг бусад хүмүүсийн адил л арилжаагаар авсан. Өмнөговь аймагт байгуулагдсан “Ажнай инвест” гэж брокерын пүүсийн дансанд 1997 онд хадгалуулсан. Харин 2007 оноос уг хувьцаа маань үнэд орж, “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид анхаарлаа хандуулж эхэлсэн. Ингээд хувьцаагаа шалгуулсан чинь миний дансанд байсан хувьцаа хууль бусаар арилжигдсан байсан. Надтай адилхан хувьцаагаа алдсан нийтдээ 23 хүн тухайн үед ярилцаж, нэгдээд араас нь явж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хороонд ч өргөдөл өгсөн. Хувьцаагаа зарсан, анхан шатны бүрдүүлэлт хийсэн, хэн нэгэнд итгэмжлэл өгсөн нэг ч хүн эдгээр хүмүүс дотор байгаагүй. Зүгээр л хуурамч арилжаа, хэлэлцээгээр хүмүүсийн хувьцааг арилжсан байсан юм.
Араас нь хөөцөлдөөд судлаад үзэхээр эдгээр бүх хувьцаанд 3-5 хуурамч арилжаа хийгдэж, тэр үед “Ажнай инвест” компанийн эзэн байсан Д.Бат-Эрдэнийн дансанд орсон байсан. Ингээд бидний гаргасан өргөдлийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо өөрсдийнхөө эрх мэдлийн хэмжээнд энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгасан. Шалгалтын явцад энэ нь гэмт хэргийн замаар, хуурамч арилжаа хийсэн нь тогтоогдсон. Тийм болохоор тухайн үеийн Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2008 оны арванэгдүгээр сарын 21-ний өдөр 263 дугаар тогтоол гаргаж, нийтдээ 23 хүнд хамаарах 72 хэлцлийг хүчингүй болгож, хүмүүсийнх нь дансанд хувьцааг нь буцаан байршуулсан. Дээрх тогтоолыг нь ч гэсэн СЗХ-ны Хянан шалгах хороо нь авч хэлэлцээд зөв шийдвэр гаргасан байна гэж 01 тогтоолоо гаргаж байлаа.
-Та хувьцаа авчхаад яагаад өөрийн данснаас тань алга болчихсныг бараг 10 жилийн дараа мэдсэн юм бэ?
-Жижиг “Тавантолгой”-н хувьцаа үнэд орж эхлэхээр нь л очиж өөрийн дансаа шалгуулж байж мэдсэн юм. Түүнээс өмнө бол ажилтай, албатай болохоор хаа нэг очиж асуухаар “Хувьцаа үнэд ороогүй” гэсэн тайлбар л хэлдэг байсан. Тийм болохоор дансаа шалгуулж байгаагүй.
-Орон нутгийн гэгддэг “Тавантолгой”-н нэг ширхэг хувьцаа 2007 онд нэг сая төгрөг хүрсэн гэсэн мэдээлэл байдаг. Үнэхээр тийм үнэтэй байсан уу?
-Яг түүнийг нь нарийн санахгүй байна. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” гэж компаниас харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгыг авдаг юм. Үүн дээр нь анх хэдэн төгрөгөөр, хэдэн ширхэг хувьцаа авсан. Дараа нь хэдэн төгрөгөөр арилжсан гэдэг нь бүгд дэлгэрэнгүй байдаг. Би бол анх нэгийг нь 36 төгрөгөөр авч байлаа. Харин цааш нь хууль бусаар зарахдаа үнийг нь буулгаад зарчихсан байсан.
-Та бүхний хувьцааг ингээд буцаагаад байршуулсан. Гэтэл буцаагаад л алдчихсан юм билээ. Энэ талаараа ярина уу?
-Эрх сэргээсэн нь 2008 он юм. Тэгтэл 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүст бидний хувьцааг эргүүлээд өгчихсөн.
-Та энэ хугацаандаа ногдол ашиг авч байсан уу?
-Бидэнд ногдол ашиг өгсөн.
-Хэд орчим төгрөг авч байснаа хэлж болох уу?
-Ногдол ашгийн тооцоо ер нь бий.
-Надад байгаа баримтаар бол хууль бусаар зарагдсан 5067 ширхэг хувьцаа байсан бөгөөд тухайн үеийнх нь үнэлгээгээр 14 сая төгрөг гэж гарсан. Харин 2008 оны ханшаар нийтдээ нэг тэрбум төгрөг байсан байна. Тэгвэл 2012 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар авч үзэхэд дээрх 50 мянган ширхэг хувьцаа 2.4 сая хувьцаа болж өсөөд нийт үнэ нь 26 тэрбум төгрөг болж гэж байгаа юм. Тэгэхээр Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүс 100 гаруй хүний 26 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцааг ямар нэгэн замаар өөрсдийн болгосон байна.
-Прокурорын байгууллагаас хувьцааг тань буцаагаад өгчихсөн. Түүнээс хойш юу болсон бэ?
-Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр бидний хувьцааг буцаан байршуулсан. Гэтэл Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүс энэ хувьцааг буцааж өгөх ёсгүй. Бид худалдаж авсан. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд гурван шатны шүүхээс зөв тогтоол гаргасан гэсэн шийдвэр гарсан ч энэ хүмүүс дахиад нэхэмжлэл гаргасан юм. Харин үүний дараа Д.Бат-Эрдэнэ нарын талд шийдвэр гарч, бидний хувьцааг буцаагаад авчихсан. Энэ хэргийг хэд хэдэн мөрдөн байцаагчийг дамжуулж маш удаан шалгасан. Үүгээрээ хугацаа олон хожиж, гурван удаа хэрэгсэхгүй болсон.
Бид улсынхаа Ерөнхийлөгч, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, ЦЕГ-ын дарга гээд зөндөө хүмүүст өргөдөл бичсэн ч энэ хэрэг шийдэгдээгүй. Одоо болтол уг хэргийг нөгөө талд шийдсэн хэвээр, бид хувьцаагаа буцаан авч чадахгүй байгаа. Бидний ард маш их хүн байгаа. Хувьцаагаа алдаад бид бараг 24-25 жил болж байна. Бидний бодлоор бол тэр үед засаглаж байсан нам, удирдлагууд шүүхэд их нөлөөлсөн байх гэж боддог. Эхлээд шударга шийдвэр гаргасан хэрнээ сүүлд нь түүнийгээ өөрчилсөн.
-Иргэний хэргийн шүүхэд олон удаа гомдол гаргасан байсан?
-Гомдлыг бол цөхрөлтгүй л гаргаж байгаа. Хөдөө орон нутагт байдаг бусад хүмүүсээсээ итгэмжлэх авдаг. Шударгаар шийдэж өгөх байх гэж найдсаар л байна. Уг нь цагаан дээр хараар биччихсэн. Шийдчихвэл маш амархан хэрэг шүү дээ. Даанч одоог болтол шийдэж өгдөггүй.
-Энэ хувьцаа алдагдсан хэргийг хараад танд юу бодогддог вэ. Уг нь таны эрх ашгийг хамгаалж байх ёстой брокерын компанийнх нь эзний дансанд орчихсон юм байна шүү дээ?
-Шүүхийн шийдвэрүүд гараад хэрэгсэхгүй болохдоо брокерын пүүсийн диллерүүдийг анх ажилд орохдоо гэрээ хийж ажилд ороогүй. Бидний өмч хөрөнгийг итгэмжлэн хамгаалах хүмүүс биш байж гэсэн дүгнэлт гаргаж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр ажилчид нь гэрээ хийгээгүй учраас хариуцахгүй юм гэнэ лээ. Тийм болохоор уг брокерын компанийн эзэн болох Д.Бат-Эрдэнэ хариуцах ёстой юм уу гэдэг нь ойлгомжгүй.
Тэгсэн хэрнээ арилжаа хийсэн дөрөвхөн хүнийг л шалгасан болохоос Д.Бат-Эрдэнийг огт шалгалгүйгээр үлдээсэн. Дээрээс нь энэ хүн хувьцаа худалдан авах ганц нэгхэн ажиллагаа хийсэн гэж гардаг. Иргэн “Б” гэж хүн Д.Бат-Эрдэнэд 15 мянган хувьцаа зарсан. Гэтэл нөгөө “Б” нь огт ийм арилжаа хийж байгаагүй гэдэг. Бид уг нь анхан шатны өмчлөгч нар байтал хуурамч арилжаагаар хувьцааг маань авсан хүмүүсийг өмчлөгч гэсэн шийдвэрийг хүртэл гаргуулсан байгаа юм. Тэгэхээр энэ хэрэг дээр шүүхэд нөлөөлсөн байх л гэж боддог.
-Та Д.Бат-Эрдэнийг шалгуулах хүсэлт, гомдол гаргаж байсан уу?
-Өргөдөл, гомдлоо нийтэд нь л бичээд өгдөг. Гэтэл нөгөө л хэдэн диллерийг шалгадаг, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ханддаг. Харин Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн энд буруутай гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Бүх хувьцааг нь захиалгатай, захиалгагүй авчхаад байхад л ийм байдаг. Тухайн компанид хувьцаагаа хадгалуулсан л бол хэн хэдэн хувьцаатай, зарах, авах нь бүгд нууц байх ёстой. Гэтэл аль нэг олон хувьцаатай, араас нь нэг их явахааргүй хүмүүсийнхийг сонгож авсан байх жишээтэй. 2000-аад оны эхээр хувьцаа цуглуулах аян маягийн юм хүртэл өрнүүлсэн гэдэг яриа байдаг. Гол эзнийг нь буюу Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг шалгах, бид тэднээс хувьцаагаа авах ёстой. Энэ хүн “Ажнай инвест” компанийн эзэн, ТУЗ-ийн дарга байсан.
-Гэрээгүйгээр ажилд орчихсон хүмүүс нь арилжааг зохион байгуулсан гэхээр маш нарийн зохион байгуулалттай юм биш үү?
-Хэрэг хэрэгсэхгүй болсон шийдвэр дээр компанитайгаа гэрээ хийгээгүй гээд биччихсэн байгаа.
-Өмнөговь аймгийн иргэдийн эзэмшиж байсан хувьцаа аймгаараа итгэл хүлээлгээд төрийн түшээ болгосон хүнийх нь дансанд орчихсон байгааг мэдээд юу бодогддог вэ?
-Ямар хүнийг сонгоод өөрсдийгөө төлөөлүүлээд байгаагаа хүмүүсийг ойлгоосой л гэж боддог. Нэг хэсэг нь мэднэ, нөгөө хэсэг нь мэдэхгүй байгаа шүү дээ. Ард түмэн сонгоод байдаг, нэг хэсэг нь хувьцаагаа алдчихсан. Гэтэл сонгоод байгаа хэсэгтээ энэ хувьцааны ногдол ашгаар элдэв юм өгөөд байгаа юм уу гэсэн хардлага хүртэл төрдөг. Бидний авах ёстой, ногдол ашиг, бидний боломжийг л хулгайлсан.
Өмнө нь 23 хүний өмнөөс хөөцөлдөж байсан бол одоо би 11 хүний өмнөөс энэ асуудлаар хөөцөлдөж байна. Учир нь өмнө нь бидний дансанд буцаан байршуулахад 12 хүн нь хувьцаагаа зарчихсан. Зараагүй бол мөн л адилхан алдах байсан байх. Бид хөдөө байсан учраас зараагүй. Нэхэмжлэх гаргачихаар хувьцааг зарах, шилжүүлэх эрх нь гацчихдаг. Шүүх хуралд ороход манай өмгөөлөгч нар үг хэлэх боломж ч байдаггүй. Уг нь мэтгэлцээн явагдсан бол бид олон зүйлийг хэлж болох байсан.
-Та шүүхийн шийдвэрт эргэлздэг юм байна тийм ээ?
-Эргэлзэхээр барах уу даа. Энэ чинь угаасаа гэмт хэрэг шүү дээ. Хэрэв манай нийгэм шударга байсан бол ямар ч боловсролгүй хүн ч гэсэн энэ хэргийг үнэн зөв шийдчих боломжтой асуудал байхгүй юу.
-Та Д.Бат-Эрдэнэтэй уулзаж байсан уу?
-Уулзаж байсан. Энэ асуудлыг хэлэхээр мэдэхгүй, би бол зүгээр л нэг захиалагч гэдэг. Захиалгаа өгөөд л худалдаж авсан гэсэн тайлбар хэлдэг. Захиалга өгсөн байж болно. Гэхдээ бидний бүх хувьцаа тэр хүн рүү орсон нь л хамгийн сонин.
-Өмнө нь 23 хүний хувьцааны асуудлыг н.Энхжаргал гэж хүн хөөцөлдөж байхдаа маш их заналхийлэл ирдэг гэж ярьж байсан юм билээ. Та үргэлжлүүлээд явж байна. Дарамт шахалт ирдэг үү?
-Надад тийм дарамт шахалт ирж байгаагүй. Би ер нь өргөдөл гомдлоо бичээд л шүүхийн байгууллагад шууд өгчихдөг. Түүнээсээ өмнө янз бүрийн хүн амьтантай уулзаж учраад яваад байдаггүй. Тэгэхээр гайгүй байдаг юм байлгүй.
-Та 2013 онд хувьцаагаа буцаагаад алдаад маш олон хүмүүст хандсан гэсэн. Яг хэн хэнд хандсан юм бэ?
-Яваагүй газар, уулзаагүй хүнгүй гэдэг шиг л юм болсон. хамаг өмч хөрөнгө, боломжоо огт хаячхаж болохгүй шүү дээ.
-Нэвтрүүлэг бэлдээд явж байхад хүмүүсийн итгэл нэлээд суларсан юм шиг санагдсан. Ер нь найдвар байна уу?
-Найдвар байгаа. Бидний хувьцааг буцааж тэр хүмүүст өгөх шийдвэр гарахад Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн байсан. Ардчилсан нам засаглаж байлаа. Тийм ч болохоор шүүх, прокурорт нөлөөлсөн гэж би боддог. Яагаад шударгаар шийдэгдээд явж байснаа гэнэт эргээд явчихсан юм. Би 2010 онд Ерөнхий прокурор Д.Дорлигжавт өргөдөл гаргасан. Мөн нэг хувийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид явуулсан. Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин, прокурор н.Энхтөр зэрэг хүмүүст өргөдлөө явуулж байлаа.
-Хариунууд нь ирсэн үү?
-Ирсэн. Гэхдээ шүүх, прокурорт нөлөөлөх боломжгүй гэсэн л хариу ирдэг байсан. Мөн хэргийг дахин шалга гэсэн үүргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт өглөө л гэсэн. Харин очоод шалгаж байгаа эсэхийг нь асуухаар олигтой хариу хэлээгүй. Тиймээс шалгаагүй л юм байна гэж бодсон. Хууль зүйн сайд нь ч дахин шалга гэсэн үүргийг өгсөн ч прокуророос энэ хэргийг гурван удаа хэрэгсэхгүй болгосон. Гэсэн хэдий ч бид цаашдаа ч энэ хэргийн араас явна. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр гишүүнд өргөдөл өгсөн. Мөн Ерөнхий прокурорт ч гомдлоо гаргах гээд бэлдэж байна. Хөгжлийн банкны хэлэлцүүлэг явсан шүү дээ. Түүн шиг зүйлийг хийвэл олон хэргүүд илчлэгдэж, үнэн мөнөөр шийдэгдэх байх гэж боддог. Хэзээ үнэн зөв шийдвэр гарах нь үү. Тэр хүртэл л явна. Хэрэг хуучрахгүй гэж үгтэй шүү дээ. Ямар ч байсан хонгилын үзүүрт гэрэл асаж байна л гэж харж байгаа.
-Таны өнөөгийн амьдрал хэр байна вэ?
-Дундаж л гэж хэлнэ дээ. Ёстой л нөгөө хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг шиг л байна.
-Магадгүй та хувьцаагаа ингэж луйвардуулаагүй байсан бол өнөөдөр таны амьдрал, үр хүүхдүүдийн тань амьдрал ямар байх байсан бол?
-Төсөөлөх аргагүй шүү дээ. Сайхан л байх байсан. Үр хүүхдүүд маань бүгд л гадаад, дотоодод сураад, хувиараа нэг юм хийх л байсан байх. Ядаж л эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Одоо би 70 дөхөж байна. Хөл, гар өвдөхөөс эхлээд элдэв юм болж л байна. Хувьцаагаа аваад явж байсан, би мөнгөтэй байсан бол гэж үнэхээр бодогддог. Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, цэвэр гэмт хэрэг шүү дээ. Хэрвээ Д.Бат-Эрдэнэ “Ажнай инвест”-ийн эзэн биш байсан бол бидний хувьцаа байж л байх байсан. Авлига, хулгайтай бүгд л тэмцэх ёстой.
-Та Д.Бат-Эрдэнэ гэж хүнд хандаж юу хэлэх вэ?
-Та үүнийг чухам юу байсныг өөрөө мэднэ шүү дээ. Хохирсон хүмүүсийн хохирлыг нь төлөөд өгөөч ээ. Заавал түүнийг, үүнийг шоронд гэх биш. Гэхдээ хохирлыг нь төлөөд өгчхөөч. Та бол мөнгөтэй, эрх мэдэл, албан тушаалтай. Таны амьдралд бүх юм чинь хангалттай хүрнэ. Харин бидний амьдрал таныхаас огт өөр. Танд үүнийг буцаан төлөх боломж байгаа.
-Эд хөрөнгөө алдсан хүнд ер нь ямар санагдах юм бэ?
-Алдсан хүн арван тамтай гэж үг бий шүү дээ. Хэрэв байсан бол гэж байнга бодогдоно. Хэзээ ийм асуудлуудыг шударгаар шийдэх цаг ирэх юм. Хамгийн харамсалтай нь цаг хугацаа. Одоогоос залуу байсан учраас зөндөө их боломж надад гарах байсан. Хувьцаагаа алдсан хүмүүсийн зөвхөн нэг нь би. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан 101 иргэний 50 мянга гаруй иргэний боломжийг хулгайлсан байгаа юм. хүмүүсийн алдагдсан боломжийг яривал хэмжээлшгүй. Хулгай, хувьцааны асуудлыг одоо л нэг талд гаргахгүй бол цаашид ч үргэлжилсээр байх болно. Хуулийг нь бүр илүү нарийн, боловсронгуй болгох ёстой.
-Тантай ижил зовлонтой хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Ганцхан “Тавантолгой” компанийн хувьцаа ч биш, өмч хувьчлалаар хувьцаагаа тараасан олон үйлдвэрүүд бий. Тэдгээрийн ард бидэн шиг хулгайд алдчихсан, ногдол ашгаа авч чаддаггүй зөндөө хүн бий. Тиймээс тэдгээрийг хүмүүсийг шалгуулж, хулгай луйврыг таслан зогсоохын төлөө, өөрсдийнхөө эд зүйлийг буцаан авахын төлөө яваарай л гэж хэлье.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Дээхэн үед брокерүүд замбараагүй байсан шүү. Иргэд арилжаа хөрөнгө хувьцааны талаар мэдлэггүйг нь далимдуулж байсан
Боркерийн пүүсийн эзэн Бат-Эрдэнэ хариуцах нь тодорхой, өөрөө энэ пүүсээрээ энэ бүх хувьцааг хуурамч арилжаагаар аваад дансандаа хийчихсэн, үүн шиг тодорхой зүйл хаана байх вэ? Шударга ёс ялах ёстой.
Буруу хүн ,буруу газартаа гомдол гаргаад таны хувьцаа олдохгүй байгаа юм биш үү.Хууль бусаар хулгайлж аваагүй худалдаж авсан хүнд хандаад олдохгүй л байхаа даа.Нэгэнт хөрөнгөөрөө худалдаж авсан гэдгийг шүүх прокурор тогтоосон учраас буцааж хувьцааг Д.Бат эрдэнэд шилжүүлжээ гэж ойлгов .Тэгэхээр олон тийш үсчихгүй, таны өмнөөс таны хувьцааг худалдсан тодорхой эзнийг нь олж хохиролоо барагдуулах талаар хөөцөлдвөл арай үр дүнтэй тодорхой зорилготой болно шүү дээ.
Таны өмнөөс хувьцааны худалдаа хийсэн хүмүүсийг олох хэрэгтэй юм байна шүү дээ. Хууль бусаар худалдаж авна гэж ямар юм байх вэ дээ.Зарсан хүмүүс мөнгийг чинь таны өмнөөс идчихжээ гэж ойлгов.