Алтайн торгууд ба алдуул түүх

2023 оны 05 сарын 04

Ийм нэгэн ихэд хүнд бэрх,тэмцлийн замыг бичиглэхэд

Их хэмээх үг ч багадаж, нүүдэл хэмээх үг ч балчирдана

Зүүн Монгол 1691 онд Манжийн эрхшээлд орсноос хойш 70-аад жилийн хугацаанд Манжийн өөдөөс сөрөн зогсож байсан Зүүнгарын хаант улсын уналтын 1755-1758 онд Зүүнгарын найман зуу гаруй иргэдээс зуугаад мянга үлдтэл нь хоморголон хороож Манжууд их хядлага үйлдсэн байдаг. Л.Н.Гумилевийн номонд сая гаруй хүнийг хүйс тэмтэрсэн аймшигт геноцид болсон талаар тэмдэглэсэн ч бий. Манжууд үүнийгээ "Зүүнгарыг төвшитгэн тогтоосон" хэмээн аллага үйлдсэнээ зөвтгөн бичсэнийг өнөө үеийн зарим уншигчид шууд утгаар нь ойлгож байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй. Эдүгээгийн Монголд бус эртний Манжид хэвлэгдсэн мэт манж үг хэллэгтэй номууд олширч байна. Ганц жишээ дурдахад: "Манжтай тэрсэлж" хэмээсэн Манжийн сурвалжийг үгчлэн махчлахын оронд "Манжтай тэмцэж" хэмээн утгачлан хөрвүүлж болдоггүй юм байх даа. Иймэрхүү манж сурвалжуудын "манжилсан" үгнүүд нь тээгдсээр түгээгдсээр байгааг манай залуу хойч үе хэрхэн ойлгож тусгах авах юм бол.

Сурвалжид тэмдэглэгдсэнээр Зүүнгарын бүх хүмүүс эхнэр хүүхдүүд нь хүртэл хутга ханцуйлан "дэр авч үхнэ" хэмээн тэмцэлдэж байсан 1758 оны хавар Шэйрэн тайш нь, Алтайн өвөрт нутаглаж байсан торгууд нарыг хядахаар довтолсон Тан Лу жанжнаар ахлуулсан Манжийн ногоон тугийн 500 цэргийг дараад, арван мянгаад ард иргэдээ дагуулан Оросын нутагт орсон байна. 1759 оны тавдугаар сарын 3-нд  Шэйрэн тайшийн Оросын Эзэн хаанд бичсэн захидлыг Оросын сурвалжаас олж орчуулан уг номд нийтэлсэн нь түүхийн олон асуултыг тодорхой болгожээ. Шэйрэн тайшийн захидалд "Бид тамын тогоотой адил нөхцөл байдлаас гарч ирлээ" гэсэнчлэн, Шэйрэн тайшийн харьяат албатууд болох өнөөгийн Булган голын торгууд нар нь "Тамын тогооноос татаж гаргасан хүнээ мартах учиргүй"  болохыг номд онцлон өгүүлжээ. Шэйрэн тайш уг захидалдаа: Халимагийн хан "Дондогдаш бид хоёрын хувьд эрх мэдэл эн тэнцүү гэж үзэж байгаа" гэдгээ Оросын эзэн хаанд онцлон мэдүүлсэн байдаг ба албат ардуудыг нь Шэйрэн тайшд захируулан хэвээр үлдээж, тэднийг Халимагийн шууд харьяанд оруулаагүй талаар сурвалжууд буй юм. Зүүнгарын ХААНт улсын ТАЙШ цолтой хүн, Оросын нэгэн ханлигийн тэргүүнтэй эн тэнцүү түүнээс ч илүүтэй эрх мэдэлтэй байх учир холбогдолтой болохыг өнөөгийн бид ойлгож мэдвэл зохистой мэт. Түүхийн бичвэрүүдийн  үг нь зөвөөр, үйл явдал нь үнэнээр бичигдэх ёстой бөгөөд тухайлбал, зарим эрдэмтдийн бичсэн "Торгууд монголын хант улс" гэх номын нэршил үг нь түүхийн сурвалжид байхгүй бөгөөд харин "Калмыцкое ханство" гэж бий. 1771 онд Ижил мөрнөөс эх нутгаа зорин ирсэн Их нүүдлийн зам Балхаш нуурын ардаас хоёр салж, Шэйрэн тайшийн цуваа нуурын зүүн араар нь тойрч Алтайн өвөр бэл рүүгээ, Увш ноёны албатууд баруунтайгаар явсан сурвалжууд байна.Эндээс эртний түүхийн мөр, эх нутгийн зам дахин салж салаалжээ. "Торгуудын Шэйрэн тайш Булган Чингил Цагаан голын зэрэг гурван газрыг зааж эрж явав" хэмээн бичгийн сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг нь Шэйрэн тайш өөрийн нутгаа зорин ийнхүү "зааж эрсээр" нутагтаа ирж нутагласан болохыг номд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Алтайн Торгуудын Шэйрэн тайш нар Ижилд хүрч очоогүй бол Зүүнгарыг зорьсон Их нүүдэл эхлэх байсан эсэх, их нүүдлийг хэн газарчилсан зэргийг Оросын болон бусад сурвалжуудад хэрхэн өгүүлснийг уншигчид номоос уншина биз ээ.

Монгол орны үлэмж уудам, үзэсгэлэн төгөлдөр нутаг Алтайн Хязгаарыг

Машид харуусалтайгаар харьд алдсан түүхийн сургамжийг бэдрэхүй

Зохиогч энэ сэдэвтэй уялдуулан нилээд эрэл хайгуул судалгаа хийсэн байна.

 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Алтайн хязгаар нь харьд алдагдсан гэдэг нь үнэнд бүрэн нийцэхгүй бололтой. 1912 оны өвөл Цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэнгээс Богд хаанд өргөсөн бичиг: "Шавь боол Дамдинсүрэн хичээнгүйлэн айлтгах нь, Гадаад яамны дэд сайд, Баруун хязгаарыг тохинуулах сайд болгон илгээсэн завшаан дор ...хавар цаг болмогц баруун хязгаарыг нэн сэргийлэн батлах хэрэгтэй. ...шууд Алтайн шар сүмийн зүг дайлалдан авбаас зохимой. Болох эсэх явдлыг Богд эзэн заалхийлэхийг айлтгав" хэмээн хугацаа алдахгүй цэрэг хөдөлгөхийг Богд хутагтаас хүссэн байдаг бөгөөд Шар сүм нь Алтайн хязгаарын төв юм.

Мөн 1912 онд Алтайн Торгуудын чин ван Мишигдорж нар Олноо өргөгдсөн Монгол улсдаа дагаар орох хүсэлтээ Богд хутагтад "удаа дараалан, дагалт бичгийн хамт хүргүүлсэн" сурвалжууд байдаг. Энэхүү удаа дараа гэсэн нь нэг бус удаа гэсэн үг бөгөөд бусад монгол ноёдын адил тэдэнд ямар хариу өгсөн нь Үндэсний төв архиваас олдохгүй аж. Алтайн хязгаарыг чөлөөлж авах гэсэн Манлайбаатарын хүсэлтийг ёсоор болгоогүй,  үлэмж хэмжээний нутаг нь Алтайн хязгаарт багтаж байсан Торгуудын ноёдын хүсэлтийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, бусад холбогдох сурвалж бичгүүд  байгаа зэрэг нь Алтайн хязгаарыг алдсан шалтгааныг өөрөөр таамаглахад хүргэх бөгөөд үүнийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай аж.

Ийнхүү "гар хумхин" суусаар Монголын газрын зурагт багтсан сая гаруй кв. км хэмжээтэй Алтайн хязгаарыг Монголоос салгах зорилгоор Хятадын талаас, Манж Хятадын төрд олон үеэрээ зүтгэж ирсэн Балт ван гэдэг монгол гаралтай Хятадын түшмэлийг захирагчаар томилох боломжийг олгожээ.

Энэ үеийн түүхэд хамаарах нэгэн төөрөгдлийн талаар номд тодорхой өгүүлжээ. 

Манайд хэвлэгдсэн хилийн түүхийн сэдэвт ном болгонд, мэдээллийн сайтуудад 1913 онд Монголын талыг Торгуудын Балт ван, Хятадын талыг Кузьминский төлөөлөн Булганд голд баруун хил дээр гал зогсоох гэрээг хийсэн нь хожмын хил тогтооход нөлөөлсөн талаар үргэлж бичигддэг нэгэн сэдэв байдаг. Номын зохиогч уг гэрээг сураглан Үндэсний Төв Архив, Тагнуулын Ерөнхий Газарын архиваас олж чадаагүйн учир нь уг гэрээ нь Монгол Хятадын хооронд бус Орос Хятадын хооронд хийгдсэн бөгөөд уг гэрээг Оросын сурвалжаас олж орчуулснаас үзвэл тэр нь гэрээ гэхээсээ илүү монголчуудыг төөрөгдүүлэх арга хэрэгсэл болгосон бололтой. Тэрхүү Алтайн хязгаарыг тасалж авахад идэвхийлэн ажиллаж, Дөрвөдийн хан Галсаннамжил зэрэг баруун хязгаарын олон ноёдод захидал илгээж Монголтой нэгдэхгүй байхыг ухуулан ятгаж , устгахаар сүрдүүлж байсан хятадын түшмэл Балтыг манай зарим түүхчид "монголын төрийн түшээ" хэмээн ташаарч, зарим хүмүүс манай "Алтайн Торгуудын ван" хэмээн мэдээллийн хэрэгслээр зарлан хадуурч байгаа нь заавал залруулах ёстой ноцтой алдаа юм.

Зуун дамнасан төөрөгдөл

Залруулахыг хүлээсэн түүх

Энэ бүлэгт 1921 оны ардын хувьсгал, гучаад оны Их хэлмэгдүүлэлтийн үетэй дөрөө харшуулан Алтайн нурууг оройхон давж ширүүхэн буусан талаар өгүүлнэ.Оросын түүхч Ключевскийн "түүхч хүн бол баримт бичгийн мөрүүд юуны тухай чимээгүй өнгөрчихөв.гэдгийг мэдэхийг эрмэлзэн, далд утгыг нь хөөцөлдөн судалдаг " гэсэн үг бий.Зохиогч маань мэргэжлийн түүхч биш ч  баруун хязгаарт болсон үйл явдлуудын талаар архивын сурвалжуудаас холбогдох баримтыг анхааран судалснаас нэг жишээ татъя. Архивын сурвалжид: "Ховд дахь хэлтсийн төлөөлөгч Равдан нарыг,  Шинжааны Чингил, Цагаан голд очсон дүрвэгсдэд төр засгийн бодлогын талаар таниулга хийж эх оронд нь буцаан ирүүлэх даалгавартайгаар 1933 он хүртэл ажиллуулжээ" гэсэн байна.

Нөгөө нэг сурвалжид: 1962 оны зургадугаар сарын 4- нд манайхаас Хятад улстай нот бичиг солилцоход "Чингил Цагаан голын газрууд нь манай хил орчмын ард түмний нутаглаж ирсэн нутаг бөгөөд БНМАУ-ын нутаг дэвсгэр мөн" хэмээсэн байна. Ийнхүү нэгэн жарны хагас буюу хүмүүний насны талтай тэнцэх тэрхүү гучаад жилийн туршид эх нутгийг нь Шинжаан хэмээн зохиомлоор хаяглаж, эзэн зон олныг нь дүрвэгсэд хэмээн зориудаар овоглосон тэрхүү харуусалт түүхийн золиосонд, харгис хэлмэгдүүлэлтэд өртсөн Торгууд түмний газар нутгийг Сталин, Чойбалсан хоёр байхгүй болж айдас арилсны дараа 1962 онд "Чингил гол нь БНМАУ -ын нутаг мөн" хэмээн сая нэг үнэнийг өчих боломжтой болсон хэрэг бөгөөд харин эзэн ардуудын дүрвэгсэд хэмээх нэр одоо болтол зүүгдсээр яваа юм.

Энэ талаар номд өгүүлснээс хоёрхон мөрийг уншвал: /112-р хуудас зураг/

Хар дарсан он жилүүдэд бүх монголчууд, өөрийн монгол хүнийхээ бууны амны урд өвдөг сөхөрсөн

Харин баруун хягаарын ардууд: Монгол, Гамин, Оспаны гурван бууны амыг "үзэж туулсан" түүхтэй гэснээс  үзэхэд, тэрхүү 30-аад  жилийн дотор баруун монголчууд хэчнээн их зовлонг туулсан нь тодорхой.

Сталин, 1943.12.28-ны тэсгим хүйтэн шөнөөр Халимагуудыг ачааны вагонд ачуулан цөлөхийн өмнөх өдөр буюу 1943.12.27-нд Монголд суугаа төлөөлөгч Ивановоор дамжуулан манай Маршалыг Москвад яаралтай дуудуулжээ. Том гүрнүүд цөмийн зэвсгийн өрсөлдөөнд шамдаж байсан тэр үед, Оросын эрдэмтэн Курчатовт хэрэгтэй уран нь манай Алтайн хязгаарт байсан талаар мэдээлэл байдаг. Сталин тийнхүү Алтайн хязгаарыг гоминданы хятадаас чөлөөлөхөд Оспаныг зэвсэглэн ашиглах зорилгоор олон тооны буу зэвсгийг Оспанд гардуулах үүргийг Чойбалсанд өгснөөр, Монголын нэрийн өмнөөс түүнд олон тооны буу зэвсгийг гардуулан өгсөн байдаг. "Манай Маршал Чойбалсангаас Оспанд бэлэглэсэн зэр зэвсгийг 108 тэмээнд ачиж одлоо" хэмээн баяр хөөртэйгээр өгүүлсэн номын хуудаснууд өнөө ч олон бөгөөд мөн л "баяр хөөртэй"- гөөр  уншигдсаар буй. Ийнхүү баруун монголчуудыг тамлан бүрэлгэж тонон түйвээж, олон охид хүүхдийг булааж хулгайлж одсон Оспаны цуст дээрэмчдэд Сталины шахалтын дагуу, түүний үүргийг халхавчлан Монголын нэрийн өмнөөс бэлэглэсэн "орос бууны ам эргэж" олон монголчууд бэлэглэсэн сумандаа эрсэдсэн эмгэнэлт түүхийн үнэнийг үр хойчистоо зөвөөр таниулахын оронд машид их уршиг хөнөөл дагуулсан тэрхүү гашуун түүхт газрын сорвийг, Сталинд мадлагдан эздийг нь хэлмэгдүүлсэн  хүний нэрээр, өнөө үед хүртэл "Маршалын буурь" хэмээн хий хоосон шүтэж утга зөрүүтэй хаягласнаас эхлэн түүхийн үнэнийг янз бүрээр бүдгэрүүлж будантуулж, төөрөгдүүлж гажуудуулсныг  засаж залруулах ёстой билээ. Манай маршалыг байлцуулан Монголын нэрээр халхавчилж Оросын төлөөлөгч Иванов, Оспантай уулзсан уг түүхт газар шороон дээр болж өнгөрсөн, балаг дагуулсан бодит түүхийн үнэнийг түүнээс үлдсэн гашуун сургамжийг үзэл суртлын үед нуун дарагдуулах төөрөгдүүлэх зорилгоор тийнхүү  "Маршалын буурь" гэх үгээр нэрлэсэн хэрэг юм. Энэхүү бараан түүх нь баруун хязгаарт "бууны ам эргэх" хэмээх хэвшмэл үгээр түүх болон үлджээ.

Оспанд зэвсэг бэлэглэхийг орон нутгийн ардууд ихээр эсэргүүцэж байсан талаар номд:

Туулсан зам алдагдсан нутгаа нэрлэж, Оспанд зэвсэг өгч болохгүй хэмээсэн

Торгуудын өвгөчүүдийг ногоон малгайтнууд дуудаж номхотгосон гэлцдэг сэн

Ахмад дайчдыг нэг бүрчлэн урьж, "ухаан алдуулан унагаж...ус цацан байцааж"

Ахиж дуугарахгүй хэмээсэн ам өчгийг тэднээс, авсан гэлцдэг нь үнэн бололтой     хэмээн тодорхой баримт түшин өгүүлжээ.

Бидний мэдэх Байтаг богдын тулаанд тэрхүү бэлэглэсэн бууны суманд, Монголын олон цэрэг эрсийн алтан амь үрэгджээ. Энэ бол зөвхөн архив цаасанд үлдсэн түүхийн баримт. Олон жилээр үргэлжилж ужигарсан тэрхүү зэвсэглэсэн дээрэмчдийн эсрэг цуст тулаанд, хил орчмын орон нутгийн хэчнээн эгэл ардууд хохирсныг одоо ч бүрэн мэдээлээгүй байгаагийн учир нь одоо ч тэд үзэл суртлын үеийн айдас хүйдэснээсээ бүрэн хагацаагүй гэлтэй.

Олон улсын болон улс орны тухайн цаг үеийг, энэ бүхнийг эерүүлэн номд өгүүлэхдээ:

Умард хөршийн тусламж тушаалыг хамтад нь хүлээн авсан

Улсынхаа удирдагчийн "зовлон"-г ухаарахын учир бас бий хэмээжээ.

Зулгуй үгүй айдас үгүй

Зонхов бурхны нүүдэл

Монголчууд бидэнд эртэс дээдсээсээ өвлөсөн арвин өв соёл бурхан шүтээнүүд бий. Монголд байгаа бурхан шүтээнүүдийн дотроос хамгийн урт холын замыг туулсан, хоёр тивийг дамнан хоёронтоо заларч ховорхон түүхийн гэрч болсон бурхан магадгүй ганц байгаа болов уу. Тэр нь  Монголын Бурхан Шашны төв Гандантэгчэнлин хийдэд заларч буй, Алтайн Торгуудын Зонхов бурхан бөгөөд "Зонхов бурхны цогшин дүрийг 15000 км газрыг туулан тив дамнуулан" залж хэмээн түүхийн сурвалжид тэмдэглэгджээ.

 Алтайн Торгуудын үнэт өв сурвалж, түүхийн цорын ганц гэрч болох тэрхүү Зонхов бурхны түүхийн талаар номд олныг өгүүлж, түүнийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгааг мэдээлж, энэ сэдвээр асуудал дэвшүүлж, тодорхой ажил болгох санал санаачилга гаргажээ.

Өвгөдийнхөө туулж өнгөрүүлсэн зам , давж гарсан давааны талаар өгүүлсэн өвгөн бичээч:

Өнөөдрийн эрх чөлөөт, энх амгалан цаг доор

Өнгөрсөн түүхийн тасарсан хуудсыг сэргээмүү

Буурал түүхийн энэхэн нугачаа даваан дээр

Бууж залбираад сэтгэлийн гунигийг сэгсэрсүү хэмээсэн нь тэрээр, аргагүй л өвгөдийнхөө захиасыг биелүүлэн, тэднийхээ үгийг үр хойчист нь буухиалж буй буурал бичээчийн үг ажээ.

Уг номд, “Эх орныхоо зах хязгаарт байнгын харуул бат цайз болон нутаглаж суугаа

Эрэлхэг цогтой сонор сортоотой малчин түмэн,  эгэл ардуудаа дээдэлье”  хэмээн онцолсон нь Монгол Улсын хилийн дагуу нутаглаж буй хүмүүст, нутгийн гүнд улсын төвд ажин түжин амьдран суугаа бид бас анхаарал хандуулах, тэдний туулсан замыг ойлгох, ач тусыг нь ухаарах талаар бас нэгийг бодогдуулах, хоёрыг сануулах сэдэв ажээ. 

Аливаа түүх гуйвж гажуудахын хирээр түүнд хамаарах олон үнэт зүйлсээ алдаж байдгийн нэг нь газар нутгийн түүхээсээ төөрөх, түүний төлөө зорьж зүтгэж явсан эцэг өвгөдийнхөө тэмцлийн мөрөөс хазайх явдал юм. Газар нутгийн түүхийг, түүний дээр болж өнгөрсөн түүхэн үйл явдалтай холбож уялдуулах хэлбэрээр бичсэн уг номд тухайн түүхт газар шороон дээр босгох ганц дурсгалын самбар ч гэсэн "түүхийн үнэнийг агуулсан, үнэт сургамжийг өвлүүлсэн" байх нь чухал болох талаар онцлон өгүүлжээ. Манайд уран гоё шад шүлэгтэй, олон янзын хадаг яндартай овоо суварга хөшөө баримлууд олширч байгаа нь бодууштай бөгөөд засууштай асуудал юм.

Дөрвөн Ойрадын түүхийн, эх нутгаасаа холдсон эв эеэ сарниулсан хамаг бурууг үүрүүлсэн эзэн нь "ачаандаа галтай алаг даага"-ны домог бөгөөд тэрхүү сонирхолтой түүхийг энэ номоос уншаарай. Номд өгүүлсэнчлэн: Сая сая жилээр тоологдох буурал түүхийн хуудсанд, зууны өмнөх түүх нь өчигдрийн явдал биз ээ. "Уржигдар"-н түүхээ умартвал, "өчигдөр"-ийн түүх будантаж, өнөөдрийн ээдрээг үүсгэж, ирээдүйн замыг бүдгэрүүлэх ажгуу хэмээснээр энэхүү бичвэрээ өндөрлүүлье.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Хөх Толбот Д.Төмөр-Очир 2023.04.15

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.45) 2023 оны 11 сарын 08

Манай Ховдын Булган сумын торгуудын түүх нь Шинжааны торгуудаас тусдаа юм байна гэдгийг мэдэж авлаа. Ард олон нь одоо алдуул түүхээ олж авсанд нь баяр хүргэе

1  |  0
Top