МУИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болох юм. Өмнө нь тус наадамд зөвхөн их дээд сургууль, коллежийн оюутнууд оролцдог байсан бол энэ жил ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар болсон байна. “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2023” наадмын талаар МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадоржоос тодрууллаа.
-“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам бол үе, үеийн шилэг бичдэг залуус, оюутнуудын хүсэн хүлээдэг наадам байсаар ирсэн. Энэ жил, хэд дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа вэ?
-Энэ наадам маань МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс 1993 оноос энэ жилийг хүртэл 30 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна. Хамгийн анхны наадмын тэргүүн байрыг яруу найрагч Д.Галсансүх авч байсан. Яруу найрагт шинэлэг байдлыг бий болгосон уг наадамд маань үе, үеийн шилдэг найрагчид түрүүлсэн байдаг. Д.Галсансүх, Д.Энхболдбаатар, Ш.Хатанбүүвэйбаатар, “Тагтаа паблишинг”-ийн Б.Баясгалан, манай тэнхимийн багш Д.Нямдорж гээд олон сайхан найрагч тэргүүн байр эзэлж байсан.
“Чөлөөт сэтгэлгээний дуулал” бол анхнаасаа тайзны яруу найргийн наадам байгаагүй. Өдгөө ч түүнийгээ алдаагүй. Наадамд ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн шүүмж судлаачдад нэргүйгээр кодолж өгөөд дүнг нь гаргадаг. Харин шагнал гардуулах үеэрээ эхний 10 байрт шалгарсан найрагчийн бүтээлийг тайзан дээр уншуулдаг.
-Энэ жил 30 дахь жилдээ болно гэлээ. Өмнөх жилүүдийнхээсээ юугаараа онцлог болох вэ?
-Хүнээр бол манай наадам идэр насандаа ирж байна. Нийгмийг соён гэгээрүүлэх тодорхой үүргийг уран зохиол хүлээдэг гэж ойлгох хэрэгтэй. Тийм болохоор энэ жилээс бид шүлэг, яруу найраг бичдэг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг оруулж байна. Нэг үгээр оюутнууд, сурагчид гэсэн хоёр төрлөөр явагдана. Одоогийн байдлаар 120 орчим бүтээл ирсэн.
-Орон нутгаас оролцож болох уу?
-Тайзан дээр гарч шүлгээ уншихаас нь өмнө дүнг нь гаргадаг онцлогтой учраас бид 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны болон Соёл, урлагийн газарт албан бичгээр хандаж, хүүхдүүдээ оролцуулах хүсэлт тавьсан. Тиймээс аймгуудаас цахимаа ирүүлэх боломжтой. Орон нутгаас ер нь нэлээд хэдэн бүтээл ирсэн.
-Сүүлийн үед шүлэг бичдэг залуусын тоо болон сургуулиудын дугуйлангууд цөөрсөн шиг санагддаг. Тиймээс өмнөх жилүүдээсээ сүүлийн үед оролцогчдын тоонд ямар өөрчлөлт гарч байна. Өсөж байна уу, буурч байна уу?
-Манай МУИС-ийн дугуйлан одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Харин цар тахлын үеэр бөөнөөр сууж шүлэг бүтээлээ уншиж, ярилцах боломж байгаагүй. Одоо бол баасан гараг бүрд 18 цагаас дугуйлан маань хичээллэж байна. Өнгөрсөн жил наадамд маань 50 орчим бүтээл ирсэн. Энэ жил хоёр төрөлд нийтдээ 120 орчим гэхээр ер нь нэмэгдсэн гэж ойлгож байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )