Ашигт малтмалын хуулийн төсөлд уул уурхайг УРАГШЛУУЛАХ БУС УХРААХ заалтууд орсон уу?

2023 оны 05 сарын 16

Монголын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах хамаарал энэ янзаараа бол дунд  хугацаанд ч хэвээрээ байх төлөвтэй. Түүнчлэн уул уурхайн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг илүү сайжруулах шаардлага тавигдсаар байна. Тэгвэл энэ өдрүүдэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч буйгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ. Салбар яамны зүгээс санал авч буй энэ үед тус хуулийн төсөлтэй холбоотой хөндлөнгийн судлаачдын байр сууриас хүргэе.

Тухайлбал, хуульч, судлаач Р.Лхагвабаяр “Уул уурхайн үйл ажиллагаа: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба Олон нийтийн оролцоо” сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх өөрчлөх ёстой асуудлуудыг хөндсөн байна.

Тэрбээр, манай улсад уул уурхайн салбарын үндсэн харилцааг зохицуулдаг Ашигт малтмалын тухай хууль, үйлдвэрлэлийн явц дахь байгаль орчны харилцааг зохицуулдаг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангахад чиглэсэн зарим зохицуулалт байдаг боловч хэрэгжилт нь хангалтгүйн зэрэгцээ цаашид сайжруулж, нарийвчлан зохицуулах хэрэгцээ шаардлага байсаар байгааг онцолжээ.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд шинэ зохицуулалт орсны нэг нь Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн заалт. Гэсэн хэдий ч энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт Ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад өнөөг хүртэл ороогүй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах байгаль орчны үнэлгээ, дүгнэлтийн чанарыг сайжруулах, тэдгээрт орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо, мэдээллийн ил тод байдлыг хангах гэх мэт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, түүнтэй холбоотой мэдэх эрхийг хангах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд тусгах нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой экологийн доройтлыг бууруулж, салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөөтэй.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээтэй уялдуулах, ил тод, нээлттэй байдал, олон нийтийн оролцоог хангах зэрэг нийгмийн хэрэгцээ, шаардлагатай хэрхэн нийцэж байгааг  хөндөхийг зорьсноо судлаач онцолжээ.

Судлаачийн дүгнэлтээс эшлэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчин, олон нийтийн оролцоо, хариуцлагатай холбоотой зохицуулалтуудыг илт дордуулсан, эрх зүйн зохицуулалтын хувьд ухралт болсон байх тул энэхүү төслийн 45, 46, 48 дугаар зүйлүүдийг зарчмын хувьд дэмжих боломжгүй гэсэн байна. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагагүй, зөвхөн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх, хайгуулын ажлын эхний гурван жилийн хугацаанд БОНЕҮ хийлгээд хайгуулын ажлын дараах жилүүдэд хэрхэх нь тодорхойгүй зэрэг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг шууд зөрчих, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хариуцлагыг сулруулах эрсдэлтэй заалтууд тусгагдсаныг зайлшгүй засан сайжруулах шаардлагатай байна.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, БОНЕҮ, БОННҮ-г “иргэдэд танилцуулна”, “Засаг даргад хүргүүлнэ” гэсэн нь эдгээр үйл ажиллагааг хэлбэрийн төдий явуулах, мөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэн батлуулдаг өнөөгийн зохицуулалтыг дордуулж, орон нутгийн оролцоог нь сулруулах эрсдэл дагуулж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОННҮ-д тулгуурлан боловсруулахыг шаарддаг бол хуулийн төсөлд үүний эсрэгээр буюу БОНЕҮ-д үндэслэн менежментийн төлөвлөгөө боловсруулах, тэгэхдээ зөвхөн хайгуулын үйл ажиллагааны эхний гурван жилд нөлөөллийн үнэлгээ хийхээр заасан нь зөрчил үүсгэхээр байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг илт дордуулсны сацуу одоогийн хуульд тусгалаа олсон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан Засаг даргад хүргүүлж батлуулан мөрддөг зохицуулалтыг бүхэлд нь хасаж, орон нутгийн оролцоог байхгүй болгосон зэргээр эрх зүйн зохицуулалтын хувьд бүхэлдээ ухралт болжээ.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны үүргийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотойгоор олон нийтийн оролцоо гэх шинэ зүйлийг томьёолсон хэдий ч тунхгийн шинжтэй хэсгүүд тусгасан нь төсөл хэрэгжих баг, хорооны иргэдийн төлөөлөл, эсхүл тусгай зөвшөөрөл олгосонтой холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх иргэдийн оролцоог бодитоор хангаж чадах зохицуулалт биш байна.

Түүнчлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд нутгийн иргэд, орон нутгийн удирдлагын оролцоог хангах, баталгаажуулах чиглэлээр хуулийн төслийг засан сайжруулах шаардлагатай гэж судлаач үзэж байна.

Улмаар судлаачийн зүгээс дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор:

• Хуулийн төслийн 45 дугаар зүйлийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд бүхэлд нь нийцүүлэх;

• Хуулийн төслийн 45 дугаар зүйлийн 45.3, 45.3.3, 45.3.4-д зааснаас гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн иргэдэд заавал танилцуулах, тэдгээрийн санал, шүүмжийг авсны дараа батлуулах байдлаар томьёолох;

• Хуулийн төслийн 45 дугаар зүйлийн 45.3, 45.3.3-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлэх зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Засаг даргын хянан батлах хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль дахь эрхийг тусгах;

• Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаарх үүргийг зохицуулсан зүйл, хэсэг, заалтуудыг хэвээр нь үлдээх

Олборлолт, баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор:

• Хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 болон 8 дугаар зүйлд тус тус нийцүүлэх;

• Хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2.1 дэх заалтыг БОНЕҮ, БОННҮ болон менежментийн төлөвлөгөөг орон нутгийн иргэдэд танилцуулах, тэдний саналыг авч тусгах гэсэн агуулгаар өөрчлөх;

• Хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зөвхөн “батлагдсан төлөвлөгөө”-ний хувийг тухайн сумын Засаг даргад хүргүүлэхээр зохицуулсныг өөрчилж, зөвхөн менежментийн төлөвлөгөө төдийгүй БОНЕҮ болон БОННҮ-г батлахад иргэдийн Нийтийн Хурлын оролцоо болон сумын Засаг даргын оролцоог хангах зохицуулалт тусгах;

• Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгтэй шинэчилсэн найруулгын төслийн 46 дугаар зүйлийг уялдуулж, шинэчилсэн найруулгад тусгагдаагүй зарчмын шинжтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа заалтуудыг хэвээр нь үлдээх;

• Олон нийтийн зөвлөлийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санаачилгаар байгуулахаар заасныг Засаг дарга, эсхүл иргэдийн санаачилгаар байгуулахаар тусгах;

• Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй иргэдийн төлөөллийг заавал оруулахаар тусгах;

• Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчныг хамгаалах хууль, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдол нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл байхаар оруулах;

• Хуулийн төслийг бүхэлд нь Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэд (тусгай зөвшөөрлийн талбайтай өвөлжөө, хаваржаа, бэлчээр нь давхацсан, эсхүл уурхайн олборлолтын улмаас нөлөөлөлд нь өртөж болзошгүй г.м.)-ийг тусгай зөвшөөрөл олгох, байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөө, тайланг батлах үйл явцад оролцуулах зохицуулалт тусгах зэрэг асуудлуудыг зөвлөмж болгожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.9.40.120) 2023 оны 05 сарын 16

Маш зөв санал зөвлөмж байна. Зөвхөн газраа ухаж мөнгө олохын тулд ус нутаг, уугуул иргэдийг гаргуунд нь хаядгаа зогсоох хэрэгтэй.

0  |  0
Top