“Scholarship Road-2023” зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн өчигдөр /2023.05.18/ Улаанбаатар зочид буудлын Их танхимд болов. Тус үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын найман их сургууль, коллеж оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцууллаа.
Болох цагаас нь жаахан өмнө очсон болохоор үзэсгэлэнд оролцож байгаа газруудын танилцуулгыг сонирхлоо. Гэтэл өнөөгийн байдлаар зам, тээврийн салбар нь төмөр зам, автотээвэр, авто зам, агаарын тээвэр, далайн тээвэр гэсэн үндсэн таван салбартай. Тус салбарт өнөөдрийн байдлаар нийт 40 гаруй мянган хүн ажиллаж, гадаадад 400, дотоодод 3000 орчим оюутан зам, тээврийн мэргэжлээр суралцаж байгаа аж. Хүмүүс тэр бүр мэддэггүй том тоо. Засгийн газраас “Боомтын сэргэлт”-ийг хэрэгжүүлж байгаа учраас сүүлийн 1-2-хон жилд төмөр замын сүлжээ өргөжин тэлж, авто замын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, автотээвэр, агаарын тээврийн либералчлалын хүрээнд нисэхийн салбарт чадварлаг хүний нөөц, ажиллах хүчний эрэлт өндөр байгаа юм.
Харин энэ бүхнийг соргогоор мэдэрч, энэ жилээс эхлэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын нэрэмжит зам, тээврийн салбарын чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгох журмыг батлан салбарын хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.
Энэ тэтгэлгийн зорилго нь зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлтгэх юм байна. Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломжийг олгоно гэдгийг албаныхан хэлж байв. Улаанбаатар зочид буудлын Их танхим нэлээд том. Гэсэн хэдий ч найз нөхдөөрөө, ээж, аавыгаа дагуулсан их сургуулийн оюутнууд, ахлах ангийн сурагчид тус танхимыг хөл гишгэх газаргүй болгов. Салбарын сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд жил бүр сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн 100 оюутанд хоёр сая төгрөгийг тус бүр олгох бөгөөд тэтгэлэгт хамрагдсан суралцагчид мэргэжлээрээ амжилттай суралцсан, төгсөөд зам, тээврийн салбарт гурав ба түүнээс дээш жил ажиллах гэрээтэйгээр ажлын байраар бүрэн хангагдах зохицуулалтыг оруулсан байна.
Зам тээврийн салбарын мэргэжлээр дотоодод ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, Барилга инженерийн сургууль, УБТЗ-ын Тээврийн дээд сургуульд голчлон бэлддэг. Харин гадаадад ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, Вьетнам Улсын их дээд сургуулиудад салбарын мэргэжилтэн бэлтгэж байгаа.
Харин салбар яамнаас БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны Их сургуультай хийсэн уулзалтын үр дүнд жилд 60 монгол оюутныг бакалаврын зэргээр сургах, сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр тохиролцсон бөгөөд Бээжингийн Зам харилцааны сургуулийн багш нар зургаадугаар сард ирж өөрсдөө сонгон шалгаруулалтаа хийхээр болжээ. Мөн Оросын Тээврийн Их сургууль(Хуучнаар Москвагийн Төмөр замын дээд сургууль)-д жил бүр 85 оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой гэнэ.
Үүнээс гадна харьяа яамнаас Зам тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын бааз суурийг бэхжүүлэх, нэгдсэн бодлогоор дэмжих, Иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх сургууль, сургалтын төвийг дотоодод байгуулах, Дотоод, гадаадын их сургуульд сурч буй оюутнуудад олгох тэтгэлэгт сонгон шалгаруулалтын системийг бүрдүүлэх, хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах, Гадаадын их сургуулиудад тэтгэлэг, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах оюутны квотыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллах зэргээр тодорхой ажлуудыг хийж байгаа ажээ.
Энэ тухай Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд автозамын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээ өргөжиж, олон улсын автотээвэр нэмэгдэж, агаарын тээврийн салбарын либералчлал гүнзгийрч байна. Энэ хэрээр боловсон хүчин бэлтгэх асуудал тулгамдсан асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл манай салбарт мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт хэрэгцээ байна. Энэ бол нөгөө талаар Та бүхэнд эрэлттэй мэргэжил эзэмшиж, чадвартай боловсон хүчин болж, баталгаатай ажлын байранд орж, харьцангуй өндөр цалин хөлс авах боломж байна гэсэн үг. Тус салбарт ажиллах мэргэжилтэй ажилтны тоо 2030 он гэхэд 22 мянгаар нэмэгдэж тэр хэрээр шинэ ажлын байр бий болно. Зам тээврийн салбарын мэргэжлээр жилд гадаадын их сургуульд 400 орчим, дотоодын их сургуульд 3000 гаруй оюутан суралцаж байна. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын шинэ мэргэжлүүдээр сургах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Болохгүй байх, бүтэхгүй байх гэсэн шалтаг хайж биш болгохын төлөө, бүтээхийн төлөө зөв арга замыг олж сурах нь хамгаас чухал.
Өнөөдрийн арга хэмжээ Та бүхний амьдралд нэгэн шинэ үүдийг нээж, нэгэн шинэ боломжийг олгоно гэдэгт итгэл төгс байна” хэмээн хэллээ. Мөн тэрбээр “Бид цаашид зам тээврийн салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлтгэнэ. Иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг дотоодод бэлтгэх сургалтын төв байгуулна. Дотоод, гадаадын их сургуульд сурч буй оюутнуудад олгох тэтгэлэгт сонгон шалгаруулалтыг хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулж хэвшүүлнэ. Өнөөдрийн арга хэмжээ оюутан, сурагч дүү нарын маань амьдралд нэгэн шинэ үүдийг нээж, нэгэн шинэ боломжийг олгосон гэдэгт итгэлтэй байна. Залуус дүү нар минь амьдралд тохиож байгаа боломж бүрээ чанга атган ашиглаж зоригтой, зорилготой, зарчимтай амьдраарай” гэв.
Энэ удаагийн боловсролын үзэсгэлэн цаг үеэ олсон, ирээдүйгээ харсан чухал үйл ажиллагаа болсныг тэнд хуран цугларсан оюутнууд, алхах ангийн сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа.
Т.ДАРХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )