“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-г Улсын Их Хурлаас батлаад байна. Хөгжлийн төлөвлөгөөнд ӨРХИЙН ОРЛОГЫГ нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, нийтдээ 14 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 194 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тодорхойлсон.
Тухайлбал, Экспортыг нэмэгдүүлэх, Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, Засаглалыг сайжруулах, Ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлүүд байгаа юм.
Тэгвэл эдгээрээс Экспортыг нэмэгдүүлэх, Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн хоёр чиглэл нь уул уурхайн салбараас тухайлан хамаарах юм.
Монголын эдийн засагт гол өсөлтийг дагуулахын хэрээр эмзэгшүүлж ирсэн уул уурхайн салбараас хамаарах хамаарал өндөр хэвээрээ нөхцөлд эрсдэл, сорилт үргэлж ойрхон байх юм.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох “Экспортыг нэмэгдүүлэх” хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан зорилтуудыг тодотгоё.
2022 онд Экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар байсныг 2024 онд 14.1 тэрбум ам.долларт хүргэнэ.
Төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортын биет хэмжээ 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээ 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээ 6.0 сая баррельд тус тус хүргэнэ.
Нийт экспортын ачааны 90 гаруй хувь нь 3 боомтоор, импортын ачааны 93.2 хувь 2 боомтоор хийгдэж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмэгдүүлнэ.
Нийт экспортын 90.2 хувийг түүхийгээр гаргаж байна. Иймд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлнэ.
Мах, махан бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеэс 4 дахин буураад байна. Иймд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тонн-д хүргэнэ.
Экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа 2022 онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх замаар 72 цаг болгож бууруулна.
Дээрх зорилтуудын хүрээнд нийт 2.7 их наяд төгрөгийн 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тэгвэл “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх” хүрээнд дараах төлөвлөлтийг хийжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2022 оны байдлаар 2.5 тэрбум ам.доллар байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол ажлын байрыг шинээр бий болгох, эдийн засгийг тэлэх ач холбогдолтой юм. Иймд хөрөнгө оруулалт татах, хамгаалах механизмыг бүрдүүлж 2024 онд Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 4 тэрбум ам.долларт хүргэнэ.
Монгол Улс нь Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулсан. 2024 онд БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, БНХАУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр, түүнчлэн Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээрийг 3 улстай шинэчлэн байгуулна.
Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан агаарын геофизикийн хайгуулын цогц судалгааны ажлыг эхлүүлж, хамрагдсан талбайг 20 хувьд хүргэж, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
2022 оны байдлаар эрчим хүчний 20.7 хувийг импортоор хангаж байна. Иймд, эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгон дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортлох суурь нөхцөлийг бүрдүүлнэ
Чөлөөт бүсүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалтыг татна гэж тусгажээ.
Тэгэхээр Хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан дээрх асуудлууд өнгөрсөн жилүүдэд яригдсаар ирсэн хуучны сэдвүүд байгааг тодотгоход илүүц болохгүй биз ээ.
Эдийн засагчдын зүгээс ирэх онд биднийг сорилтууд угтсан хэвээрээ гэдгийг сануулсаар байгаа. "Цар тахал, Укриантай холбоотой нэг том давлагаа дууссан ч үүнээс ч дутахгүй геополитикийн сорилтууд хэвээр л байна. Тиймээс энэ том эрсдэлийг, харж урагшлахгүй бол нэг улирал эдийн засаг өслөө гэж хөөрцөглөж боломгүй" гэж эдийн засагч Д.Ган-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан.
2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21,163.2 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 22,996.1 тэрбум төгрөг, төсвийн алдагдлыг -1,832.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай байхаар тусгасан. Эдгээр төлөвлөлт нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцсэн гэж буй ч одоо хийгдэх төсвийн тодотгол болон дотоод гадаад эрсдэлүүд ирэх оны төсөвт илүү дарамт үүсгэж болзошгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )