Зам тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимаас хамтран зохион байгуулж буй "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ЗАМ ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ" сэдэвт хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж байна.
Энэхүү чуулга уулзалтыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Өнөөдөр Монголын төдийгүй дэлхийн эдийн засаг хүнд сорилтын агаад шинэ сэргэлтийн цаг үетэй нүүр тулаад байна. Тэр ч утгаараа Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлого болох Алсын хараа-2050-ын эхний шатыг "Шинэ сэргэлтийн бодлого" хэмээн тодорхойлж, түүнийгээ үр дүнтэй, хурдтай, чанартай, цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Эдийн засгийн цусны эргэлтийг илүү хурдасгахад түүнийг дамжуулах судас болсон дэд бүтцийн хөгжил шийдвэрлэх чухал үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт боомтын сэргэлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Мөн тээвэр ложистикийн хөгжил өндөр байх тусам эдийн засгийг тогтоол ус мэт зогсонги, бохир байхаас сэргийлж чадна. Экспортоо өсгөх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх хамгийн зөв алхам бол тээвэр ложистикийн төвийг олноор байгуулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм. Тиймээс бид Ази, Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Бид эдийн засгийн дотоод судсыг даяан дэлхийн эдийн засгийн судастай олон сэмжээр холбож байж олон улстай хөл нийлүүлэн, хурдтай хөгжиж чадна.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд зам тээврийн салбарт олон ажил төлөвлөсний нэг нь 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласны хүрээнд агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаас бий болгохыг бид зорьж байна. Энэ хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, дөрвөн нисэх буудлыг шинээр зорчигч болон ачаа тээврийн олон улсын боомт болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Тодруулбал, "Өндөрхаан" нисэх буудлыг 4С болгох ажлыг хийж хэрэгжүүлж байна. Мөн аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөл аймгийн "Мөрөн", Өмнөговь аймгийн "Гурвансайхан", Ховд аймгийн "Ховд", Дорнод аймгийн "Чойбалсан" нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслүүдийг төр хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлж улмаар олон улсын нисэх буудал болгон ашиглах юм. Одоогоор "Чингисхаан" ОУНБ-ыг Япон улсын менежментээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашиглаж байгаа. Үүнтэй адил хоёр дахь, гурав дахь, дөрөв, тав дахь нисэх буудлуудыг Монгол Улсын хойд, өмнөд, зүүн, баруун хэсэгт барьж байгуулая. Энэ ажилд агаарын тээвэрлэгч компаниудыг нээлттэй оролцохыг урьж байна. 2023 оны эхний таван сарын байдлаар 600 мянга орчим зорчигч агаарын тээврээр зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Цаашдаа энэ үзүүлэлт нэмэгдэнэ. Тиймээс манай агаарын тээврийн салбарт олон боломж байгаа.
Агаарын тээврийн либералчлал, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ онд шинээр 10 улстай "Агаарын харилцааны хэлэлцээр" байгуулахаар төлөвлөсөн. Үүний эхлэл болж Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Мөн энэ оны хоёрдугаар хагаст Кувейт, АНУ, Унгар, Грек, Их Британи, Испани, Латви зэрэг улсуудтай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Эдгээр хэлэлцээр байгуулагдсанаар дэлхийн агаарын тээврийн гол зангилаа цэгүүдрүү ямар нэгэн хязгаарлалтгүй шууд болон аяллын дугаар хуваан эзэмших журмаар зорчигч үйлчлүүлэгчид хямд бөгөөд ая тухтай нислэг үйлдэх боломж нээгдэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төрөл бүрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай ажиллах нь Монгол Улсын тэр дундаа зам тээврийн салбарын гол бодлого төдийгүй бидний үндсэн зарчим байх болно. Тиймээс дэд бүтэц, тэр дундаа зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хамгийн ирээдүйтэй, хамгийн их үр өгөөжтэй, эрсдэлгүй орчин байж чадна гэдэгт та бүхэн итгэж болно" гэв.
Сэтгэгдэл ( 0 )