Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт (2023.06.09) “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийснийг (ЭНД) мэдээлсэн.
Тухайлбал, тус компани оны эхний таван сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн тус компанид 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байснаас, нэг их наяд төгрөгийн өр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа аж.
Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн зүгээс асуулт асууж, хариулт авлаа.
NTV
-Тээвэрлэлт дээр 21 автомашинтай компанийг тендерт ялууллаа, сонгон шалгаруулалтад хятад компани оруулж ирлээ гэж тээвэрчид бухимдалтай байсан. Одоо тээвэрт явуулж байгаа компаниудын асуудал яаж өөрчлөгдсөн бэ?
Хариулт: Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилогдсон БЭТ Ж.Ганбат
-Тээврийг бид борлуулалтын хэмжээтэйгээ уялдуулаад Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр явуулж байгаа. Тээвэрчдийн “Монгол тээвэр”, “Баянзам гэх мэт холбоотой уулзалдаад нэлээд сайн хамтарч ажиллаж байгаа. Бид аль болох монгол тээврийн компанийг явуулах гэдэг ч хэдэн тохиолдол үүсдэг. Бид тендерт ялсан компанийг нүүрсээ ачаач ээ гэхээр ачдаггүй. Уурхайгаас болохоор нүүрсээ ачуулах гэхээр машин орж ирэхгүй, дутаад байна гэдэг. Тэгтэл зарим компанийн машин нь цаасан дээр байдаг, бодитоор машин нь байхгүй. Ингээд асуудлууд үүсдэг. Монголчууд бие биеэ хулхидмааргүй байна. Одоо бид Автотээврийн үндэсний төвтэй хамтраад машинуудыг тоолъё гэж байгаа. Бид ирүүлсэн материал дээр нь үндэслээд сонгон шалгаруулалт хийгээд тээвэрт явуулдаг. Гэтэл тээвэртээ орж өгдөггүй. Хятад компаниудыг дэмжсэн зүйл байхгүй.
-Төв банканд экспортын орлогыг валют хэлбэрээр тушааж байсан нь үргэлжилж байгаа юу?
-Өнгөрсөн онд долоо хоног бүр валютын орох урсгалын тайланг сонсож байсан. Одоо сард нэг сонсож байгаа. Бид он гарснаас хойш 646 сая ам.долларыг Монгол банканд бэлэн өгсөн.
-Нүүрс тээвэрлэлтийг ямар шугамаар хийж байгаа вэ?
-Нүүрс тээвэрлэлтийг авто тээвэр, төмөр зам, AGV буюу автомат удирдлагатай, жолоочгүй тээврээр хийж байна. Гол масс нь автомашинаар явж байгаа.
Төмөр замаар маш бага хэмжээтэй гарч байна. Гашуун сухайтын мухар төмөр зам гэдэг нь нүүрсээ төмөр замаар Гашуунсухайт дээр чингэлэг теримналаар буулгаад цааш машинаар гаргаж байгаа. Төмөр зам дээр ямар асуудал үүсэж байна вэ гэхээр нэгдүгээрт зүтгүүрийн асуудал яригдаж байна. Вагон байгаад байдаг, толгой зүтгүүр хангалттай биш. Хоёрдугаарт төмөр замаар тээвэрлэхэд тарифын асуудал байна. Зүтгүүрийн асуудал үүсээд байгаа учраас тариф дээр уян хатан байж чадахгүй байгаа. ”Тавантолгой төмөр зам” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-аас төмөр замаар тээвэрлэлт хийж байна. 2023 гарснаас хойш 182 мянган тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэсэн. Энэ онд бид Гашуунсухайтаар 2.5 сая тонн нүүрс гаргана гэж төсөөлж байгаа. Гэхдээ гол зангилаа нь зүтгүүр дээр байна.
ZINDAA.MN
-Баруун Цанхийн олборлогч компаниудын гэрээний хугацаа дуусаж, олборлолт нь зогссон. Дараагийн олборлогч компани тодорсон уу?
Хариулт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу
-Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын тендерийг 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр зарлаад, гуравдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Хоёр багц ажил байсан. Тендер шалгаруулалтад таван аж ахуйн нэгж оролцсон. Холбогдох үнэлгээний хороо хуульд заасны дагуу үнэлгээ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл гарч байсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргасан эцсийн шийдвэр бол бүх тендерээс татгалзаад, дахин нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулаад явж байгаа.
Бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор нэр бүхий хоёр аж ахуйн нэгж Захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргаж, одоо зарласан байгаа тендерийг түр хугацаанд түдгэлзүүлсэн. Нэг шүүх хурал нь 2023 оны зургаадугаар сарын 09-ний өдөр, нөгөө нь энэ сарын 12-нд зохион байгуулагдахаар товлогдсон байгаа.
Тендер шалгаруулалтыг зохион байгуулж байх явцад аж ахуйн нэгжүүдээс гарч ирсэн зүйл бол бүртгэлийн асуудлууд байсан. Яг адилхан автомашинуудыг, жишээлбэл 60 тн-ийн адилхан CAT 793 гэсэн машиныг заримыг нь 60 тн, заримыг нь 59 тн 800кг гэж зөрүүтэй бүртгэсэн байсан. Түүнийгээ бүгд харилцан хүлээн зөвшөөрөхгүй, хоорондоо маргалдсан асуудал байгаа.
Үнэлгээний хороо, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон холбогдох дүрэм журмаа үндэслээд тендерийг зохион байгуулсан. Дараагийн тендер дээр өндөр дүнтэй, олны анхаарлыг татсан тендер зохион байгуулж байгаа учраас тухайн тендерт оролцогчийн ирүүлсэн бүх мэдээллийг ил тод тавина гэдэг байдлаар баримт бичгүүдэд тусгаад явж байна.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д туслан гүйцэтгэгч компани гол үүрэгтэй. Тухайн компаниудын ажилчдын цалин хангамж болон ажиллах орчинд “Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс ямар нэг байдлаар анхаарал тавьдаг уу?
Хариулт: БЭТ Ж.Ганбат
-Туслан гүйцэтгэг манайхаас гэрээний гүйцэтгэлийн мөнгөө л авна. Бид тухайн компанийн цалингийн асуудалд оролцох эрх байхгүй. Туслан гүйцэтгэгч нар дээр ийм нэг юм болдог. Бид түүнийг нь шийдэх боломжгүй юм билээ.
Туслан гүйцэтгэгч компанийн доор дахиад туслан гүйцэтгэгч байна. Манай туслан гүйцэтгэгч компани манайхаас мөнгөө авчхаад доод туслан гүйцэтгэгчдээ мөнгөө өгдөггүй ч юм уу. Тэгээд доод талын хүмүүстээ мөнгөө өг л дөө гэхээр манай дотоод асуудал, бид өгнө л гэдэг. Иймэрхүү асуудал байгаа. Миний ажигласнаар цалин нь бага байж магадгүй гэж харсан. Туслан гүйцэтгэгч компани дээр ажиллаж байгаа залуучууд “Эрдэнэс Тавантолгой” компани руу оръё гэдэг саналууд нэмэгдээд байгаа. Эсвэл цалин бага, үгүй бол тухайн компанийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбоотой тогтвортой байхын тулд уурхайчдын дунд тийм зүйл байгаа байх.
-Зүүн цанхийн үндсэн олборлогч “Ти Эн түншлэл” байгаа. Энэ түншлэлийн гэрээ нь хэзээ дуусах вэ. Гэрээний хугацааг цааш сунгах уу?
-“Ти Эн түншлэл”-ийн гэрээ 2025 оны нэгдүгээр сард дуусна. Бид гэрээ нь дууссан бол дараагийн сонгон шалгаруулалтаа зарлаад явна. Шууд сунгана гэсэн ойлголт байхгүй.
Gogo.mn
-Төсвийн тодотголоор энэ онд экспортлох нүүрсний хэмжээг 50 сая тонн болгоод өсгөчихлөө. Үүнээс “Эрдэнэс тавантолгой” ХХК дээр хэчнээн сая тонн нүүрс борлуулах гэрийн даалгавар нэмж өгсөн бэ?
Хариулт: БЭТ Ж.Ганбат
-Төсвийн тодотголыг хүчилж хийгээгүй. Ковидын өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК бүтэн жилийн хамгийн оргил үедээ 17.5 сая тонн нүүрс зарж байсан. Гэтэл өнгөрсөн таван сарын хугацаанд 11 сая тонн нүүрс борлуулсан. Зөвхөн нэгдүгээр улиралд 7.4 сая тонныг борлуулсан.
Одоогоор 1 их наяд төгрөгийн татвар төлчихлөө. Энэ хэмжээгээр төсвийн орлого давж байгаа. Цаашдаа энэ эрчээрээ явахад бид он дуусахад 30 сая тонн нүүрс борлуулна. Бид дөрөв, тавдугаар сард нэлээд судалгаа, анализ хийлээ. Үүн дээр үндэслээд төсвийн тодотголыг хийсэн. 50 сая тонн нүүрсний 30 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК борлуулна гэж явж байгаа.
-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 48 тэрбум төгрөгийг жижиг “Тавантолгой” ХХК-аас “Эрдэнэс тавантолгой” ХК-д төлчихсөн. Одоо мөргөцгийн асуудал шийдэгдсэн гэж хэлсэн. Үүнийг төлөөд асуудал бүрэн шийдэгдсэн үү? Цаана нь жижиг Тавантолгойгоос танайд өгөх өр төлбөр байгаа юу?
- “Эрдэнэс тавантолгой” ХК, жижиг “Тавантолгой” ХХК хоорондын мөргөцгийн асуудлын тооцоо дуусаад, төлбөрөө мөнгөөр өгчихсөн.
Одоо Эрдэнэс Тавантолгойн талбай руу орж нүүрс авсан гэдэг асуудал байхгүй. Нэг асуудал байна. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай дээр орон нутгийн Тавантолгой хөрс шороон овоолго үүсгэчихсэн. Бид тэр шороон доор байгаа нүүрсээ авах ёстой. Тэднийг шороогоо өөр тийш нь зөөж өг л гэж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )