Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.06.16) нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын шүүхийн тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг нийт 31 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хууль, тогтоолын төслүүдийг 95.3-100.0 хувийн саналаар батлав. Тэр дундаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95.7, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 100.0 хувийн саналаар батлагдав. Уг тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон холбогдох бусад хуулиудыг хэлэлцэн батлах, боловсруулах, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, органик болон процессын хуулиудад өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл өгч буй юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, энэхүү өөрчлөлтөд парламент дахь намын бүлгүүдийн саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намын үзэл бодлыг тусгаж баталж буйг онцлон дурдсан юм. Тэрбээр, Монгол Улсыг хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралдуулсан байдалд байлгахыг хүсдэг олон эрх ашгууд бийг сануулж, тэр бүхэнд авталгүй, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, улс төрийн намууд нэгдмэл санаа зорилготой Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг онцгойлон тэмдэглээд, цаашид эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал энэ удаагийн нэмэл, өөрчлөлтөөр дуусгавар болж байгааг чухалчлан өгүүлэв.
Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооноос төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгэж, зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсныг зүйл заалт бүрээр нь уншиж сонсгон, нэг бүрчлэн санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай батлагдлаа. Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 87.5 хувийн саналаар батлагдсан бол Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 89.6 хувийн саналаар батлагдав.
Монгол Улс анх удаа улсын төсвийн тухай хуульд эерэг үзүүлэлтээр буюу нэмэгдүүлэн тодотгох өөрчлөлтийг оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, улсын төсвийн орлого давж биелэхэд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль үлэмж хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлж, эх орны хишгийг ард иргэдэдээ хүртээмжтэй, тэгш хуваарилах үндсэн зарчим бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэдгийг сануулав. Тэрбээр, хүүхэд бүрд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгох шийдвэр халамж бус, эх орныхоо баялгаас хишиг хүртээж байгаа явдал хэмээгээд баялгаа “баялгийн хараал” болгохгүй, ерөөл болгохын тулд Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, гадаад дотоодын шилдэг менежментийн багаар удирдуулж, “Нүүрсний хулгай”, “Баялгийн хулгай” гээд байгаа энэ эх захгүй асуудлаа цэгцэлж байж, ард иргэдэд өгөөж хишгийг нь хүртээж чадна хэмээн чухалчлан тэмдэглэв.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Тогтоолын төслийн тавдугаар заалтаар, төрөөс хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд олгодог хөнгөлөлттэй зээл санхүүгийн дэмжлэгийг хэрхэн оновчтой хуваарилах, төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл, судалгааг гаргаж цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах тухай заасантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа 2022 онд баталсан хуулийн хэрэгжилтэд аудитын дүгнэлт хийсэн эсэх, хөтөлбөрүүд хэр үр дүнтэй болсон талаар асуув. Үүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд мах, гурил, шатахууны компаниудын зээлийн хүүг 10 хүртэл хувиар хөнгөлөхөх арга хэмжээ авсны үр дүнд зах зээл дээр үнэ тогтворжих хандлага гарч байна гэж ойлгож болно. Ялангуяа, гурил, будааны эргэлтийн хөрөнгө болон бусад зардлууд 40-50 хувиар өсчихсөн тул үнэ өсөөд байгаа. Махны үнэ хавар өсдөг. Харин энэ долоо хоногоос буурах үйл явц ажиглагдлаа. Долоо хоногийн дараа гэхэд тодорхой хэмжээгээр буурсан байна гэсэн дүгнэлттэй байгаа гэсэн юм.
“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.
Үүний дараа Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгээс 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг таван хоногийн завсарлага авсан юм. Завсарлахын өмнө уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дуусаад, эхний 33 зарчмын зөрүүтэй саналаар санал хураагаад байсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдагдсан зарчмын зөрүүтэй 76 саналаас үлдэж буй 43 саналаар, мөн найруулгын 10 гаруй санарыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураасан юм. Зарчмын зөрүүтэй саналын зарим зүйл, заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нараас хариулт авлаа. Санал хураалт дууссанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )