Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2023 оны төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр (2023.06.21) эхлээд байна.
Эдийн засагт үлэмж нөлөөтэй ЖДҮ-ийн салбарыг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг тус сангийн үйл ажиллагаа 2018 оны хэрэг явдлаас хойш “эрүүлжсэн” гэхэд болох байх. Түүнчлэн гаднын байгууллагуудын зүгээс ч ЖДҮ-ийг хөгжүүлэх боломж нөхцөлүүд байгаа талаар тодотгож буй юм.
Тухайлбал, Дэлхийн банкны зүгээс Монгол Улс бизнесүүд, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн тэгш өрсөлдөөнийг хангах, уул уурхайгаас гадна хувийн хэвшлийн илүү үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бизнесийн орчноо бэхжүүлэх боломж байгааг онцолж байна.
“Монголын бизнесийн орчин, өрсөлдөх чадварын үнэлгээний тайлан-д дурдсанаар бизнесийн илүү таатай, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх нь хатуу хязгаарлалттай хууль журамд эмзэг, тус улсын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 97 хувийг бүрдүүлдэг ЖДҮ эрхлэгчдэд тустай байх юм.
ЖДҮ нь ДНБ-ий 5.5 орчим хувь, экспортын 2.4 хувийг (уул уурхайн бус экспортын 31 хувь) бүрдүүлдэг.
Мөн Монголын ЖДҮ эрхлэгчид нь улс орны нэн шаардлагатай байгаа эдийн засгийг солонгоруулах, өөрчлөх, бараа, үйлчилгээний кластер, ханган нийлүүлэлтийн сүлжээг нэгтгэж ажлын байр бий болгох, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд идэвхтэй тоглогч болж чадна гэж Дэлхийн банкны тайланд дурджээ.
Түүнчлэн хөрөнгө оруулалт, инновацыг дэмжихийн тулд бизнесүүдийн хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөмж болгосон байна. Мөн түүнчлэн, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд хил дамнасан худалдаанд учирч буй саад тотгорыг багасгаж худалдааг хөнгөвчлөхийн чухлыг онцолжээ. Түүнчлэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд төрийн үйлчилгээг сайжруулах, үүнд төрийн удирдлагын тогтолцоог цахимжуулах, хялбарчлах шаардлагатай зэрэг бусад зөвлөмжийг өгсөн юм.
Сануулахад, өнгөсөн тавдугаар сард “Япон лугаа адил хөгжье” гэх нэртэй, спикерийн санаачилсан цуврал хэлэлцүүлэг “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь” сэдвийн хүрээнд болсон.
Энэ үеэр, “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Аж үйлдвэрийг хөгжүүлэх, солонгоруулахад чиглэсэн жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгох асуудал чухал. Манай улс дэлхийн II дайны дараагаас эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж чадсан. Энэ амжилтын үндэс нь төрөөс аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үр дүнтэй бодлого боловсруулж хэрэгжүүлсэнд байгаа юм. Мөн төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагууд нэг цогц болж хамтран ажилласны үр дүн гэж харж байгаа” гэсэн юм.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Япон Улсын Засгийн газраас Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого явуулсаар ирсэн. Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг төрөлжүүлж, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Япон Улсын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн туршлага Монгол Улсын хөгжилд тус нэмэр болоосой хэмээн хүсч байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )