Санхүүгийн зах зээлд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал болжээ.

Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, банкны реформ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалтын орчин болон нүүрсний цахим арилжааны талаар хэлэлцсэн байна.

Тодруулбал банкны реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болсноор үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар санал солилцжээ.

Мөн хуралдаанаар СЭЗИС-иас санхүүгийн зах зээл дээр хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулж цаашид анхаарах асуудлаар харилцан ярилцсан байна. Түүнчлэн дараагийн хуралдаанаар үнэт цаасны арилжаа болон төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээг бууруулахтай холбоотой асуудал, үнэт цаасны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтын талаар хэлэлцэхээр тогтжээ.  

 Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, зөвлөлийн гишүүдээр СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, салбарын мэргэжлийн холбоод болон компаниудын удирдлагууд, МУИС, СЭЗИС-ийн төлөөлөл тус тус ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top