Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөршид хийж буй айлчлалынхаа хүрээнд Хятадын Ардын Банкны своп хэлцлийн хугацааг сунгахаар албан ёсоор тохиролцжээ. Сануулахад, 2022 онд Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр свопийн хугацааг дахин гурван жилээр сунгах асуудал хөндөгдөж байсан. Хоёр орны Ерѳнхий сайд нарын уулзалтын үеэр тѳгрѳг-юанийн своп хэлцлийн хугацааг 2026 он хүртэл 3 жилээр сунгах асуудал яригдаж байв. Тэгвэл Ерөнхий сайд жил гаруйн дараах айлчлалынхаа хүрээнд уг асуудлыг баталгаажуулжээ.
Тодотгоход, Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 5 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацаа 2023 оны долдугаар сарын 1-нд буюу хоёр өдрийн дараа дуусах юм. Өмнө нь Монголбанкнаас өгсөн мэдээллээр, манай талаас своп хэлэлцээний хугацааг дахин сунгах хүсэлтээ өгч, яриа хэлэлцээ хийж байсан.
Тэгвэл Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд энэ асуудал албан ёсоор шийдэгдэж байгаа аж. Ер нь бол свопийн хугацааг сунгах асуудал хоёр улсын Төв банк хоорондын гэхээсээ улс төрийн түвшний харилцан тохиролцоо, ойлголцол дээр суурилан, шийдэгдэж өнөөдрийг хүрсэн юм.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх 10 тэрбум юаниар байгуулж байсан уг своп хэлцлийн дүн өнгөрсөн жилүүдэд өсөж, хэд хэдэн ч удаа хугацаа нь сунгагдсан.
2011 онд 10 тэрбум юаниар байгуулж байсан бол 2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан, 3 жилээр сунгаж байв. Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юань буюу 5 их наяд төгрөгтэй тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг 2017 онд мөн 3 жилээр сунгасан.
2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдэж байв. Тодруулбал, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд дээрх своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан байдаг. Түүнчлэн своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдэж байсан юм.
Дараа нь 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан билээ. Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавьж, хэлэлцээ хийсний үр дүнд хугацааг дахин сунгасан байдаг.
Манай улс нэг дор 5 их наяд төгрөгтэй тэнцэх төлбөр төлөх боломжгүй учраас хэлцлийн хугацааг сунгах тохиролцоог хийхээс өөр аргагүй. Хугацаа сунгахгүй бол Төв банк валютын нөөцөөсөө төлөх эрсдэлд орох талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
15их надаар юу хийсэн бол ганц үйлдвэр барьж чадаагүй ман ын санхүүжилтэд зарцуулагдсан байх өрөө төлөө өө
Нүүрсээр төлчихөө
өртэй хүн өөдөлөхгүй