-“Учиртай гурван толгой” дуурь Бээжин шийд нөлөөлж, шинэчлэх хөшүүрэг нь болжээ-
Соёлын яамнаас “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Тус хурлыг Монгол Улсын Их сургууль, Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэг, “Соёл, шинжлэх ухаан, судлалын хөгжил үндэсний төв”, Монголын Зохиолчдын Эвлэл, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын Боловсролын Их сургууль дэмжин оролцжээ.
Монгол, Япон, ОХУ, БНХАУ, БНФУ, БНЧУ зэрэг зургаан орны 70 гаруй эрдэмтэн тодорхой чиглэлээр судалгааны үр дүнгээ танилцуулж, Монголын уран зохиол судлалын олон талт асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь эрдэмтэн, судлаачдын төдийгүй уран зохиол сонирхогчдын сонирхлыг татаж байна.
Хурлын агуулга, хэлэлцэх асуудлын талаар МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын танхимын хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Э.Батжавхлангаас тодруулсан юм. Тэрбээр “Энэ удаагийн хурлын ерөнхий сэдэв “Монголын уран зохиолын харилцаа холбоо, уламжлал, өнөө” гэсэн хүрээнд өрнөж байна. Ерөнхийдөө уран зохиолын харилцаа, холбооны асуудалд чиглэсэн, ингэхдээ Монголын уран зохиол гэдэг ойлголтод зөвхөн Монгол Улсын хүрээнд байгаа, монголчуудын уран сайхны сэтгэлгээ, уран бүтээлийн, уран зохиолын бүх харилцаа, холбоог авч үзээгүй.
Нийт монгол туургатны, энэ дотроо БНХАУ, ОХУ, бусад улс оронд байгаа монгол туургатан зохиолчдын маань уран зохиолын байдал, хөгжил ямар байна вэ, сэтгэлгээ, хэл соёл, дүр дүрслэл нь ямар байна вэ гэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулсан хурал юм. Хурал дотроо үндсэн гурван том салбар хуралдаантай. Их зохиолч Ванчибалын Инжиннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Мөн Япон дахь Монголын утга зохиолын нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан “Монгол уран зохиол судлал, Улаанбаатарын хурал-2023” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэлүүд тавигдлаа. Өнөөдөр болох, эрдэмтэн, судлаачдын анхаарлыг нэлээд татаж буй хурал бол “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвтэй өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг, форум юм. Соёлын яам, МЗЭ, “Ган зам пресс” төвийнхөн оролцож, өөр өөрийн талаас ямар байдлаар оролцож, цаашид хамтарч ажиллах талаар ярилцана. Үдээс хойш номын нээлтүүд болно. Тухайлбал, Баргын алдарт зохиолч Га.Шархүүгийн “Бөхийн тэнгэр” роман, Өвөрмонголын нэрт зохиолч Мандмуйн “Хүлэг, чоно, нутаг”, зохиолч Элхэнгээгийн “Элхэнхээгийн эрэл” зохиол, Liu Weny An, Lai Bin Wen нарын “Инжаннашийн намтар”, Өвөрмонголын алдарт зохиолч Э.Бүрэнтөгс өөрийн сонголтоор орчин үеийн өгүүллэг, туужийн зохиолоос сонгон гаргаж байгаа түүвэр “Зууны дээж” гэсэн нэртэй бүтээлийн нээлт болно. Түүнчлэн Баяннуурын Бортолгой дээд сургуулийн уран зохиол судлалын нэртэй профессор Алтангадас багшийн “Урад уран зохиол судлал” гэсэн бүтээлийн нээлт мөн энэ үеэр болох юм. Энэ бол түүний урад уран зохиол судлахад нэгэн насаа зориулсан ажил хөдөлмөрийнх нь үр дүн болж гарсан томоохон бүтээл юм. Харамсалтай нь, Алтангадас багш маань хэдхэн хоногийн өмнө таалал болсон байна. Гэхдээ ном нь Монголд хэвлэгдэж, бүтээлийн дээж нь өөрт нь амжиж очсон байсан. Ямартай ч бид гэгээн дурсгалыг нь хүндэтгэж, номыг нь хэвлэн эрдэмтэн, судлаачдад хүргэж байгаа. Зургаан орны 70 гаруй эрдэмтэн оролцсон энэ томоохон хурлын дотор үнэхээр онцлууштай, өөр өөрийн өвөрмөц өнцөг, хараанаас тодорхой судлаач болоод бүтээл дээр нийт төрөл зүйлийнх нь хүрээнд авч үзсэн олон сонирхолтой, ач холбогдолтой илтгэлүүд тавигдаж байна. Энэ илтгэлүүдийг тэр нь тийм, энэ нь ийм гэж хэлж, үнэлж цэгнэхдээ биш, бүгд өөр өөрийн гэсэн өнцөгтэй, судалж гаргаж ирээд олон таниулж, анхаарал хандуулах асуудлыг дэвшүүлсэн, заримыг шийдүүлье гэсэн ийм бүтээлүүд яригдаж байна. Эхнээсээ олон хүний анхаарлыг татаж байгаа нь, хурлын ач холбогдол, ийм хурал зайлшгүй хэрэгтэй байсан юм гэдэг хүлээлт нийгэмд байсныг харуулж байна” гэв.
Эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэе.
АКАДЕМИЧ Л.ДАШНЯМ: МЭДЭЭЛЭЛ САЙТАЙ ХУРАЛ БОЛЛОО
-Энэ хурал хоёр хэсгээс бүрдэж байгаа юм байна. “Монголын утга зохиолын харилцаа, өнөө, цаашдын ирээдүй” гэсэн сэдэвт хурал нь Японд жил болгон зохион байгуулдаг. Тэд биднээс ч илүү Монголын утга зохиолын хөгжил, өнөөгийн байдлын талаар жил болгон ярьдаг юм байна. Тэр хурлаа энэ жил хамтарч хийе гээд Монголд зохион байгуулж байгаа юм билээ. Энэ жил Монголч эрдэмтдийн их хурал тохиосон учраас өргөн хүрээг хамарсан, олон улсын хурал маягтай болж ирж байна. Үүнтэй зэрэгцээд бас нэг хурал болж байгаа. Манай байгууллага санаачилж, Хэлний бодлогын зөвлөл, Соёлын яам дэмжин зохион байгуулж байна. МУИС-ийн хоёр танхимд зэрэг болж байгаа энэ хоёр хурал аль аль нь Монголын утга зохиолын өнөөгийн байдал, тэнд гарч байгаа ололт амжилт юу байна вэ гэдгийг хэлэлцэх, түүгээр үл барам дэлхийд Монголын утга зохиолыг судалж байгаа судлаачидтай ямар холбоо харилцаатай байх вэ гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.
-Эрдэмтдийн зүгээс сонин, содон ямар мэдээ, баримт дэлгэж байх юм?
-Хуралд оролцсоноор хоёр чухал мэдээлэл сонслоо. Нэг нь Японы эрдэмтэн утга зохиолын дүрслэл, сэтгэлгээний талаар сонирхолтой илтгэл тавьсан. Нөгөө нь Бээжингийн их сургуулийн эрдэмтэн, судлаач Дулааны “Учиртай гурван толгой” дуурийг Хятадын тайзнаа хэрхэн тавьсан тухай, Хятадын орчин үеийн жүжгийн эхлэл нь “Учиртай гурван толгой” болсон талаарх илтгэл байлаа.
БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ДУЛААН: Д.НАЦАГДОРЖ СУДЛАЛД АНХААРЧ БАЙНА
-Таны илтгэл хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа. Д.Нацагдорж болоод “Учиртай гурван толгой” дуурийн талаар хэдийнээс судлав?
-Миний судалгааны гол чиглэл бол монгол аман зохиол, зан үйл. Үүний хажуугаар дорно дахины аман зохиол, тууль сонирхон судалж, халх туулиар судалгааны ном хэвлүүлсэн. Сүүлийн үед Д.Нацагдорж судлалаар дагнаж байна. “Учиртай гурван толгой” дуурийг Бээжин Ший болгож хятад найруулагч тавьсан нь Хятадын Ший жүжигт өөрчлөлт хийхэд нөлөөлсөн. Жүжгийг тайзнаа тавьсны дараа ихээхэн маргаан үүссэн. Тэр нь Хятадын Ший жүжгийн хөгжил нөлөөлсөн. Энэ талаарх баримт, тухайн үед хэвлэлээр гарсан мэдээллүүд, баримтуудыг цуглуулан ном хийж байгаа юм. Энэ тухайгаа илтгэлдээ дурдлаа.
-Бээжинд Монголын утга зохиолын судалгаа ямар түвшинд байна?
-Монголын уран зохиолыг судалдаг судлаач нэлээд бий. Төвийн үндэсний их сургуульд монгол хэлний салбар гэж бий. Тэнд Монголын уран зохиолыг судалдаг хэсэг багш байдаг. Тэр дотроо Монголын эртний уран зохиол, аман зохиол, орчин үеийн уран зохиол гэсэн төрөлд хуваагддаг. Монгол,Хятадын уран зохиолын харилцааны талаар ч судалж байна. Үндэсний утга зохиол судлах хүрээлэнд мөн Монголын уран зохиолыг судалдаг эрдэмтэд бий. Монгол тууль судлалаар ихээхэн амжилттай явж байгаа. Гэсэр, Жангар судлалын талаар бол нэртэй эрдэмтэд тэнд цугласан. Үүнээс гадна өөр сургуулиудаар ч судлаач эрдэмтэд байна. Хамгийн гол судалгааны газар нь Төвийн үндэсний их сургууль, Шинжлэх ухааны академи дээр төвлөрдөг. Хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж уран зохиолын асуудлаар хоорондоо ярилцдаг.
ДОКТОР Ч.ЖАЧИН: ЭРДЭМТЭД ШИНЭ БАРИМТ, ШИНЭ АРГА ЗҮЙ, ШИНЭ ҮЗЭЛ САНААГ ДЭВШҮҮЛЛЭЭ
-Энэ удаагийн хурлын ач холбогдлыг та юу гэж үзэж байна?
-Бүх илтгэлийг сонсож хараахан амжаагүй байна. Гэхдээ эхний илтгэлүүдийг сонсож, хэлэлцэх асуудлын дарааллыг харж байхад Монголын уран зохиол судлалыг монгол судлаач, эрдэмтэд дэлхийн түвшинд гаргах гэдэг утгаар, өөрөөр хэлбэл зөвхөн монгол хэлээр юм уу, орос хэлээр гэсэн хүрээнд байгаад байсан бол одоо хятад хэлтэй эрдэмтэд, Японы эрдэмтэн, судлаачид бол англи хэлтэй, Европыг сайн мэддэг байгаа зэргээс харахад Монголын уран зохиол дэлхийн төвшинд судалгааны том төвүүдтэй холбогдож, Монголын уран зохиолд байгаа бодитой үзэгдлийг дэлхийн эрдэмтдийн судалгааны арга, чиглэлээр шинээр нээж, илрүүлэхэд нэг сонин зүйл болж байна гэж бодогдлоо. Тухайлбал, Бээжингийн их сургуулийн профессор Дулаан Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжиг Бээжин Шийд нөлөөлсөн нөлөөллийн тухай яг бодитой баримт, тэр үеийн Хятадын сонин, хэвлэлд гарч байсан шүүмж, хэлэлцүүлэгт үндэслэн ямар дүгнэлт хийж байна гэхээр “Учиртай гурван толгой” зөвхөн Монголын тайзан дээр, монголчуудын дунд тоглогдсон жүжиг биш, энэ байдлаараа Хятадын тэр олон хүмүүсийн дунд тоглогдож, тэдний сэтгэл зүрхэнд хүрч байсан гэсэн цоо шинэ мэдээ баримтыг шаргаж ирж байна. Тэгэхээр бид Монголын уран зохиолд Энэтхэг,Төвдийн уран зохиол нөлөөлдөг байсан гэж ярьдаг байсан бол энэ шинэ баримтаар Монголын жүжгийн зохиол Хятадын ший жүжигт, тухайлбал Бээжин Шийд нөлөөлж, түүнийг шинэчлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм байна гэдгийг гаргаж ирж байна. Шинэ баримт, шинэ эх хэрэглэгдэхүүнүүд, шинэ арга зүй, шинэ үзэл санааг дэвшүүлж байгаагаараа энэ хурал онцлогтой юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )