ЭМД-ын стандартыг нутагшуулахад иргэн, байгууллагуудын оролцоо чухал

2023 оны 08 сарын 24

Хорвоод хүн болж мэндлэхээс өтөл насыг хүртэл салшгүй хамт байдаг цорын ганц даатгал бол эрүүл мэндийн даатгал билээ. Уг даатгал нь хуулийн дагуу албан журмын даатгалд хамаарах учир Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцахын тулд эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Манай улс 2016 оноос эхлэн эрүүл мэндийн албан журмын даатгалд шилжсэн. Эрүүл мэндийн албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана хэмээн хуульд заасан байдаг.

Уг даатгал нь албан журмын даатгал, ирээдүйд учрах эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг учраас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ байнга төлж байхын ач тус нэн их. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд ЭМД-ын Санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг хэлдэг. ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлдөг иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь, хүүхэд нэг хувь байдаг.

Харин ажил хөдөлмөр эрхэлж буй хүний хувьд ажил олгогч нь хоёр хувь, ажил эрхлэгч иргэн цалингийнхаа хоёр хувиар ЭМД-ын шимтгэл төлдөг бол хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан залуус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцсон шимтгэл төлнө. Энэ шимтгэлээ л байнга төлөөд байхад эв санааны нэгдлийн зарчмын журамт үүргээ биелүүлж буй нь тэр юм. Эв санааны нэгдлийн зарчим гэдэг нь өнөөдөр та өвдөхгүй байлаа ч таны төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аав ээж, эмээ өвөө тань ашиглах боломжтой төдийгүй өндөр орлоготой нь бага орлоготой нэгнийхээ, эрүүл нь өвчтэйнхөө санхүүгийн эрсдэлийг үүрэлцэнэ гэсэн үг билээ. Ирээдүйд та өөрөө өвдлөө гэхэд өөрийн төлсөн шимтгэлийг болон залуу үеийнхэн, боломжтой хүмүүсийн төлсөн шимтгэлийн мөнгийг хэрэглээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэл багатайгаар авна гэж ойлгож болно. Эв санааны нэгдлийн зарчим ингэж л үеэс үед, хүнээс хүнд ач тусаа өгдөг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ “И-БАРИМТААР” ТӨЛЖ БОЛНО

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого бүрдүүлэх үүрэг хуулиараа Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-т ноогддог. Хэдий тийм ч уг шимтгэлийн орлогыг бүрдүүлэхийн тулд Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-аас мэдээлэл, сурталчилгааны ажлыг олон арга хэлбэрээр зохион явуулж байна. Иргэдэд ойр, цахим эриндээ нийцсэн нэгэн шуурхай үйлчилгээ нь И-баримтаар ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ харж, 2019 оноос хойших хугацааны шимтгэлээ нөхөн төлөх боломжийг бүрдүүлсэн явдал юм. Энэ ажлын хүрээнд QR код бүхий зурагт хуудсыг өөрийн байгууллага, гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд байршуулж, И-Монголиа-тай холбон үйлчилгээг иргэдэд ойртуулахыг зорьж байна.

Иргэн даатгуулагч хэн боловч QR кодыг утсандаа уншуулахад регистрийн дугаар бичих цонх гарч ирэх ба дугаараа бичмэгц 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших шимтгэл төлөлтийн мэдээлэл нь гарч ирнэ. ЭМД-ын шимтгэл төлсөн баримтаа шалгаж, төлөөгүй хугацааныхаа нөхөн төлбөрийг И-баримтаар төлж барагдуулах боломжтойн зэрэгцээ төлбөр хийснээс хойш 15-30 минутын дотор шимтгэлийн төлбөр баталгаажиж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой болдог. Энэхүү шийдэл нь эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд яаруу сандруу яваа хүмүүст нэн эрэлт хэрэгцээтэй төдийгүй даатгуулагчдад тулгамддаг гол асуудлыг шийдэхийг зорьсон үр дүнтэй ажлуудынх нь нэг болжээ. Харин аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлбөл 24-48 цагийн дараа баталгааждаг.

Энэ нь ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлдөггүй, өвдөх үедээ л санаж шимтгэлээ төлдөг иргэдэд ихэвчлэн тохиолдох тул шимтгэл төлөлт нь баталгаажихгүй болохоор эмнэлэг хүлээн авахгүй гэх хүндрэл бэрхшээл гардаг байна. Гэвч бодит байдал дээр “Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээг иргэн ЭМД-ын шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран үзүүлнэ” гэж ЭМДЕГ-тай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан Эрүүл мэндийн байгууллагын үүрэгт заасан байдгийг иргэд мэдэх хэрэгтэй юм.

Даатгуулагч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагаас авах, сонгож үйлчлүүлэх, тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх, эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас мэдээлэл авах эрхтэй байдаг. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг тухайн байгууллагаас гаргуулж авахын зэрэгцээ тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлт болон төлсөн ЭМД-ын шимтгэлийн бүртгэл, авсан тусламж, үйлчилгээнийхээ мэдээлэлд хяналт тавих эрхтэй.

ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, түүний төлбөрийн мэдээлэл зэргийг ил тод байршуулах үүрэгтэй. Мөн “Хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өвчтөн өөрөө гаргасан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцуулан тухайн ЭМБ-аас буцаан авах эрхтэй” хэмээн ЭМДЕГ-тай байгуулсан гэрээнд нь заасан байдаг. Хэрвээ ЭМБ энэ үүргээ эс биелүүлвээс Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 утсаар санал гомдлоо хэлэх, асуулт асууж хариулт авах бүрэн боломжтой. ЭМБ нь удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн дутагдал гаргавал ЭМДЕГ гэрээг цуцалдаг.

Эрүүл мэндийн байгууллага бүр цахим системээр дамжуулан иргэн даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллээ ЭМДЕГ-ын цахимд бодит цагийн горимоор шивж оруулах үүрэгтэй байдаг. ЭМДЕГ-ын үндсэн сервер нь Үндэсний дата төв дээр байрладаг учир улсын хэмжээнд томоохон саатал гарахгүй л бол цахим нь саатдаггүй гэдгийг байгууллага, иргэн бүр мэдэхэд илүүдэхгүй юм. Хэрвээ цахим дээр нь Үндэсний дата төвөөс хамааралтай томоохон саатал гарвал фэйсбүүк хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлдэг аж.

Тус байгууллага 285 (хотод 170, хөдөөд 115) ажилтантай ба цахим систем дээр нэг ажилтан өдөрт дунджаар 6600 нэхэмжлэх, нэг байцаагч сард 80 мянган нэхэмжлэх хянах ийм дүр зурагтайгаар эмнэлзүйн хяналт буюу төрийн үйлчилгээг үзүүлдэг. Энд анагаах ухаан, санхүү эдийн засаг, эрх зүйн мэргэжлийн хүмүүс голлох үүрэг гүйцэтгэдэг ч мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эрэлт хэрэгцээ ихтэй. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн (1800-1363) утсанд өдөр бүр 600-700 дуудлага хүлээн авч иргэдэд үйлчилнэ. Иргэдийг мэдээллээр хангах ажлын хүрээнд ЭМДЕГ-аас иргэн даатгуулагчдад зориулан хайлтын систем ажиллуулахаар бэлтгэж буй бөгөөд уг системд хайлт хийснээр ямар өвчнийг аль эмнэлэгт төлбөртэй болон төлбөргүй, аль эсвэл хамтын төлбөртэйгөөр эмчлүүлэх боломжтой талаар иж бүрэн мэдээлэл авах юм. Түүнчлэн 2022 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоолын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, хавдрын эмийг 70 хувь, зарим давхар найрлагатай эмийг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн ба "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 15 ерөнхий нэршлийн, 24 худалдааны нэршлийн эмийг даатгуулагч-иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй худалдан авах боломжийг бүрдүүлсэн ажээ.

СТАНДАРТАД НИЙЦСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВДАГ

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар нь иргэд, даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг бүрдүүлэхийн тулд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулдаг. ЭМДЕГ нь гэрээт Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ)-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн худалдаж авдаг талаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилт дээр тулгуурлан тайлбарлая.

Аливаа хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд эхлээд анхан шатны ЭМБ буюу Өрхийн болон Сумын Эрүүл мэндийн төвдөө хандаж, өвчин эмгэгээ тодорхойлуулна. Анхан шатны ЭМБ нь хаалга баригчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэд хариуцсан сум, хорооны иргэдийнхээ хэдэн хувь нь ямар төрлийн өвчтэй, хэд нь халамжид хамрагддаг гэхчлэн насны ангилал болон эрүүл мэндийн байдлаар нь бүлэглэсэн нарийн бүртгэл хөтөлдөг. Анхан шатны ЭМБ нь хариуцсан хүмүүстээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Үүнд нь зориу­лаад анхан шатны ЭМБ бүрд нэг иргэнд ноогдох зардлыг нь төрөөс ЭМД-ын Сангаар дамжуулаад олгочихсон байдаг аж.          

Нэг иргэнд ноогдох зардал насны ангиллаас хамаарч дунджаар 15.200 төг байсан бол 2019 онд 30.000 төг болж, 2022 оны төсөвт нэг иргэний зардал хоёр дахин нэмэгдэн (дунджаар 60.000 төг) төсөвлөгдсөнийг УИХ-ын НББХ-ны тогтоолоор баталгаажуулж, мөн оны 4 сарын 1-нээс хэрэгжүүлээд явж байна. Иймд иргэд нэн тэргүүнд анхан шатны ЭМБ-даа хандаж, эрүүл мэндийн байдлаа үнэлүүлэн, шаардлагатай бол тэндээс 13А маягт олгосноор лавлагаа шатны ЭМБ-ын амбулаторийн үзлэгт хамрагдан шинжилгээ өгч, өдрийн эмчилгээ эсвэл хэвтүүлэн эмчлэх шат уруу шилжих эсэхээ тодорхойлуулах ёстой аж.

Хэвтүүлэн эмчлэх даатгуулагчдыг эмчлэх зардлаа эмнэлэг хаанаас гаргадаг юм бэ гэж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээс асуухад, “ЭМД-ын Сан нь сар бүрийн 11-ний дотор гэрээт ЭМБ-уудын өнгөрсөн сарын нэхэмжлэлд үндэслээд урьдчилгаа олгодог. Сар бүрийн 5-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундэд ЭМДЕГ-ын гэрээт ЭМБ-аас нэхэмжлэл хүлээн авах цахим хаагддаг. ЭМБ-ууд өмнөх сард нь иргэд, даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг ЭМДЕГ-ын цахим уруу илгээнэ. Уг мэдээллийг ЭМДЕГ хүлээж аваад тухайн сарын 11-ний дотор өмнөх сард үзүүлсэн тусламж үйлчилгээнийх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа олгодог. Тэгээд мөн сарынхаа 24-ний өдрийн дотор өмнөх сард үзүүлсэн тусламж, үйлчилгээнийх нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлдэг. Энэ нь тухайн сарын 5-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээж аваад 24-ний өдөр хүртэл хяналт хийдэг гэсэн үг. ЭМБ-уудын үзүүлсэн тусламж, үйлчилгээ нь чанартай байх ёстой. ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан журмуудын дагуу чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэдгээ баталж нотолсон материалаа зөв зүйтэй бэлдэж ЭМДЕГ-ын цахим уруу илгээх ёстой. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардал яг л энэ журмаар явж байгаа.” хэмээн хариулсан юм.

Тэгвэл хяналт, үнэлгээ хийж байх явцад гарсан зөрүүг яаж илрүүлдэг вэ гэхэд, “Манай хяналтын систем өмнөх түвшнээсээ эрс чангарсан. ЭМБ-уудын зүгээс иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлснийг нь бид худалдаж авах ёстой. Яагаад гэвэл төрийн ч, иргэн даатгуулагчийн ч мөнгө тэнд бий. Ингээд хянаад үзэхээр шаардлага хангахгүй буюу давхар нэхэмжилсэн, оношийн код ахиулсан, чанарын шалгуурыг хангаагүй нэхэмжлэлийг маш их ирүүлж байна. Бид нэхэмжлэлийн хяналтын шалгуурын хүрээнд л чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхийг нь хянаж байгаа юм. 2021 оны ЭМДҮЗ-ийн III тогтоол өөрчлөгдөж, 2022 оны I тогтоол болсон. Оношийн хамааралтай бүлэг 562 байсан бол шинэ тогтоолоор 705 болсон. ЭМБ-ууд даатгуулагчдадаа чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн байх ёстой. Үүнийгээ ЭМДЕГ руу үнэн зөв илгээх үүрэгтэй. Тэгэх юм бол санхүүжилтээ сааталгүй аваад байна.” гэсэн юм. ЭМДЕГ нь сар болгон ЭМБ-уудын ирүүлсэн нэхэмжлэлийг хянаад, хэрэв хасагдсан бол ямар шалтгаанаар хэдэн төгрөг хасагдсан тухай албан тоот илгээдэг аж. Тухайн эмнэлгийн санхүүжилт хасагдсан шалтгаан, холбогдох зөвлөгөө нь цахим дээр нь харагдана. ЭМД-ын Сангаас олгох санхүүжилт буюу ЭМДЕГ нь ЭМБ-уудаас иргэн даатгуулагчдад үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авагч байгууллага учир тэрхүү тусламж, үйлчилгээний чанар, стандартыг хянадаг. Энэхүү хяналт жилээс жилд чанаржиж, түвшин ахисаар явна.

ЭМДЕГ нь цахим дээрх нэхэмжлэлийн хяналтын шалгууруудаа анх ЭМДҮЗ-ийн 2021 оны V тогтоолоор батлуулсан. Энэ шалгуур шинэчлэгдэх бүрийд Захиргааны ерөнхий хуулийн дагуу ямар шалгуураар хянахаа сайт дээрээ 30 хоног байршуулдаг. ЭМБ-ууд үүнтэй танилцаад саналаа ирүүлснийх нь үндсэн дээр тэдгээрийг судлан боломжтойг нь тусгадаг. ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлуулсан энэ шалгууруудаа батлуулахын өмнө сайт дээрээ тавьж санал аваад, дараа нь батлуулж, ХЗДХЯ-нд бүртгүүлдэг журамтай бөгөөд бүртгэгдсэний дараа фэйсбүүкийн албан ёсны хуудас, сайт дээрээ байршуулдаг байна. Үүгээр зогсохгүй Цахим ном болгон байршуулж, “Нэхэмжлэлийн хяналтын ном” болгож хэвлээд бүх ЭМБ-уудад хүргүүлдэг ажээ. Мөн энд орсон шалгууруудаа цахимд шивдэг учраас ЭМБ-ууд хийх ёстой зүйлээ үнэн зөв хийгээд, хөтлөгдөх ёстой маягтын дагуу шивж ЭМДЕГ-ын цахим уруу илгээх л үүрэгтэй. Уг мэдээллийг ЭМДЕГ-ын цахим өөрөө шүүж аваад Цахимын хяналтыг хийдэг бөгөөд мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авдаг байна. Яг үзлэг хийж байсан тухайн цаг мөчид л мэдээлэл нь цахим уруу орж байх ёстой. Нөхөж оруулах, өөрчлөх боломжгүй ажээ. ЭМБ бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийх ёстой. Учир нь ЭМДЕГ-аас энэ шалгуурыг боловсруулахдаа өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, шийдвэр, удирдамж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан эмчилгээ, оношилгооны стандартчилсан заавар зэрэг бичиг баримтуудын хүрээнд л боловсруулдаг. Энэ хүрээнээс хальсан шийдвэрийг гаргах эрхгүй. ЭМДЕГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учраас Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журам, тушаал шийдвэрийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой билээ.

ӨВЧНИЙ ТҮҮХИЙН 15 ХУВИЙГ ХЯНАЖ, 85 ХУВЬД НЬ ИТГЭЛЦЛИЙН ЗАРЧМААР САНХҮҮЖИЛТ ОЛГОДОГ

ЭМДЕГ нь цахим хяналтыг тухайн эмнэлгээс ирүүлсэн өвчний түүхийн 15 хувьд хийдэг бөгөөд цахим систем тэдгээрийг санамсаргүй түүврийн аргаар сонгодог байна. Өөрөөр хэлбэл, нийт өвчний түүхийн 15 хувийг л ЭМДЕГ хянаж, 85 хувьд нь итгэлцлийн зарчмаар санхүүжилт олгодог ажээ. Харин 15 хувийг хянахдаа өвчний түүх дээр нь тулгуурлан хянадаг аж. Монгол Улсын бүх эмнэлэг бүрэн цахимжаагүй учир зарим тохиолдолд өвчний түүхийг нь авчруулж хяналт хийх болдог ч дийлэнх эмнэлэг цахим өвчний түүхтэй учир цахимаар хянаад ажиллах боломж бүрдэж байгаа ажээ.

Тэд өвчний түүхийг нь авчруулан хяналт хийхийн зэрэгцээ шаардлага гарвал хүнээс нь асууж лавлах тохиолдол ч гарна. Өвчний түүх дээр иргэн даатгуулагчийн хувьд илэрч буй тэр шинж тэмдгэнд нь оношилгоо шинжилгээ хийгээд, өвчний зовуурь, онош бүх юм нь тодорсон, тэр оношиндоо тохирсон эмчилгээ нь хийгдсэн байх төдийгүй асуумжаар болон оношилгоо шинжилгээгээр тухайн оношоо баталсан байх ёстой байдаг. Гэтэл үүн дээр зөрөх тохиолдол гардаг гэнэ. Өвчлөл нь хүнд гэж тавьчихаад байхад авсан шинжилгээ нь хүндийнхээ зэрэгт тохирохгүй байх нь бий. Тийм тохиолдолд санхүүжилтээс хасна гэсэн үг. Энэ мэтчилэн хянах явцад зарим ЭМБ оношийн код ахиулах, хүндийн зэргийг ахиулж нэхэмжлэх зэрэг зохисгүй үйлдэл гаргадаг байна. Мөн оношоо тавихдаа өндөр өртөгтэй онош тавиад байгааг ЭМДЕГ-ын цахим систем илрүүлсэн нь цөөнгүй бөгөөд ингэхдээ тухайн хүний өвчинд таарахгүй, шаардлагагүй эмчилгээ бичих, өөр өндөр өртөгтэй оношийн бүлгээр нэхэмжлэх зэрэг асуудал гаргадаг байна.

“Манай ЭМБ-ууд үзүүлсэн тусламж, үйлчилгээ болгоноосоо ашиг хараад байгаа юм. Уг нь жигнэсэн дунджаар бодох ёстой. Тухайлбал, А, Б хоёр өвчтөн ижил оноштой байлаа гэхэд биеийн ерөнхий байдлаасаа шалтгаалж нэгд нь арай илүү эмчилгээ шаардагдаж болно. Эрүүл мэндийн байгууллага бол ашгийн бус байгууллага шүү дээ. Урьд нь улсын ЭМБ-д даатгалаас нэг хүн тутамд 400 мянган төгрөг, хувийн ЭМБ-д 175 мянган төгрөг олгодог байсныг одоо ижил буюу тарифын зөрүүгүй болгосон. Тэгэхээр хамтын төлбөрийг иргэн даатгуулагчаас тогтоолд заасны дагуу л авах ёстой, харин иргэнээс илүү мөнгө авч болохгүй. Хэрэв иргэн даатгуулагч нөхцөл байдлаас шалтгаалж өвчний түүхэд бичигдсэн эм тариаг өөрөө авч эмчилгээ хийлгэсэн бол тухайн ЭМБ зах зээлийн үнэлгээгээр нь мөнгийг буцааж олгох хуулийн зохицуулалт бий.” хэмээн ЭМДЕГ-ын дарга ярьж байсан.  

Харамсалтай нь, дээр дурдсан зөрчилтэй асуудал зөвхөн хэвтүүлэн эмчлэх дээр төдийгүй амбулаторийн үзлэг, жирэмсний хяналт, эмийн санд хөнгөлөлттэй эм олгох, сувиллуудад сэргээн засах болон уламжлалтын тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт ямар нэг хэмжээгээр илэрсээр байгаа гэнэ. Эдгээр тусламж, үйлчилгээний мэдээлэл нь хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил бодит цагийн горимоор цахимд шивэгдэж ЭМДЕГ-ын цахимд ирдэг бөгөөд хяналт үнэлгээ болон санхүүжилт нь бүгд ижил зарчмаар явагддаг. Тийм ч учраас цахим системд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон тусламж, үйлчилгээний мэдээллийг хянах явцад ноцтой алдаа дутагдал илрэх тохиолдол байсаар байна.

Жишээлбэл, эмийн сан нь эмчийн бичсэн жорын дагуу автоматаар эм олгодог байгууллага биш. Эм олгох эрх бүхий хүн нь эм зүйч. Эм зүйч нь эмчийн бичсэн жор тухайн бичсэн хүний нас, хүйсэд таарч байна уу, үгүй юу, мөн хүүхэд бол яг тухайн жинд нь тааруулж зааврынх нь дагуу бичиж үү гэдгийг хянаж байж эм олгох ёстой. Гэтэл түрүү булчирхайн өвчлөлд уудаг эмийг эмэгтэй хүнд бичээд олгочихсон, мөн жинд нь таараагүй тунтай эм бичсэнийг олгосон тохиолдол ч гарч байжээ. Тэгэхээр эмчид үзүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэн даатгуулагч та ч бас эмчид бүхнээ даатган “харанхуй” явдаг хандлагаа өөрчилж, өөрт тань бичиж өгч буй эм, эмчилгээ бүрийг асууж лавлан, тухайн ЭМБ хуулиа хэрэгжүүлж байгаа эсэхэд ч хяналт тавьж байх хэрэгтэй юм. Наад зах нь эмнэлэгт хэвтээд гарахдаа төлбөр төлсөн бол заавал баримт авах, ЭМБ нь ч ЭМДЕГ-тай гэрээтэй ажилладаг тухай мэдээллээ ил тод байршуулан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтан бүр хариуцлага өндөр байж чанар, стандартыг эрхэмлэх нь зүй ёсны хэрэг билээ.

Монголд нэгэн шинэ стандарт ийнхүү нутагшиж байна. “Стандарт гэдэг бол байж болох хамгийн доод хязгаар юм. Түүнээс дээш үйл ажиллагаа явуулж байж л сайжирна.” гэж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлсэн. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн эрсдэл багатайгаар авах боломж аажим аажмаар бүрдэж, Монгол Улс эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад хүрэх цаг айсуй.

 

Ц.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top