ГАЙХАМ ИХ БАЯЛАГИЙН ОРОН УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР МИНЬ
Би нутгаасаа төсөр хол амьдраад 25 жил болсон байна. Энэ хугацаанд нийгмийн хөгжилд томоохон өөрчлөлт гарсаныг саявтар нутагтаа очоод их нууруудаа, мөрөн голуудаа гаталж тойрч, өндөр сүрлэг уулсдаа сүслэж явахдаа анзаарлаа. Би л лав төрсөн нутгаа арван хуруу шигээ мэднэ гэж хэлж чадахгүй, учир нь хүн нутгаа бүдүүн тоймоор л мэдэхээс нарийн ширийн яг таг мэддэг нь ховор юм биш үү би л лав тийм хүн. Олон аймаг сумаар, гадаадын олон орноор явж аялжээ.
Түүнийгээ бодоод нутагтайгаа харьцуулахад Монгол Улсын минь Увс нутаг шиг байгалийн үзэсгэлэн бүрдмэл үзэсгэлэнтэй нутгийг төдийлөн олон хараагүйгээ анзаарлаа. Энэ намрын нутгийн аялал надад асар их ухаарал, бас хөгжилд, хүрэх өөрчлөлтийн тухай, мөн нутгийн хүмүүсийн сэтгэл зүйн өөрчлөлт, нутгийн байгаль орчин цаг уурын нөлөөлөл, өвс ургацын байдал, байгалийн далд эдийн засгийн хамаарал, байгалийн баялагтаа хүмүүсийн хандах хандлага зэргийг ажиглаж мэдэрсэн зүйлээ аян замын тэмдэглэл болгон бичлээ. Тодруулбал, Увс нутгийн намар айван тайван алгуур зөөлөн намуухан налгар болж байгаа нь мэдрэгдлээ. Хүн ардын сэтгэлзүйд их өөрчлөлт гарч, хэтэрхий хувиа бодох үзэл, явцуу хүрээнд сэтгэх байдал давамгайлсаныг олонтой олж харав. Байгаль цаг агаар таатай байгаа нь хүн малдаа таатай байдал ажиглагдлаа. Ноён шовх мөнх цастай оргил уулсаар хүрээлэгдэж их усны түрлэг болсон нуур голууд нь усаар их төлжсөнийг олж мэдрэв. Миний нутгийн нуур голуудын гольдрилын байр байршилд томоохон өөрчлөлт гарч усан түрлэг нь ихэсч, хуучин газар нэршил, булан тохой үгүй болж усаар бүрхэгдсэнийг олонтой харлаа. Ямар ч гэсэн миний нутагийн зон олон элэнц дээдсийн үлдээсэн байгалийн далд баялагтаа өнгөрсөн жилүүдэд дэндүү харам ханджээ гэх сэтгэгдэл төрсөнөө нуух юун. Энэ байдал нэг талаар сайн ч, нөгөө талаар эдийн засгийн сэргэлт хүмүүсийн амьдралын байдалд нь төдийлэн сайн тусгал өгдөггүй нь нөгөө талаар мал аж ахуйн хэвшмэл сэтгэлээс холдохгүй тулга тойрсон хуучин амьдралын хэвшил амь бөхтэй оршсоныг мэдэрч болохоор байлаа. Багагүй л их баялагтай нутгаа зах зээл үйлдвэрлэлийн эргэлтэнд.оруулахгүй хуршааж хадгалах харамлах нь бидний амьдарч байгаа нийгэмтэй хир тохирч байгааг эрх биш бодмоор юм гэх бодол төрлөө.
Бид хэрэглээндээ тохирсон байгалийн нэг баялагаа бүү хэл бүтэн аймаг хүнийхээ хэрэглээнд тохируулан ашиглах нь юуны буруу байхав дээ гэх бодол. Айл зэргэлдээ Ховд мэтийн аймгаасаа сурмаар суралцмаар. ОХУ, Тува гэж маш том зах зээл, бас баруун алдаа Казакстан, Хятадын өргөн зах зээл байгаа. Бидний амьдарч байгаа нийгэм биднээс үүнийг хүчээр шаардаж, мал аж ахуй газар тариалангийн хавсарга болгох нь орон нутгийн хөгжилд сайнаар нөлөөлж бусдын хараат бус байдлаас ангижрахад сайн талтайг анзаарах цаг болсон биш үү гэж л бодогдлоо. Нутаг минь хэт хувиа бодож, довоо шарлуулах үзэлд автаж зах зээлдэх нийгмийн хөгжлөөс сэтгэл зүйн хоцрогдолд орох болтлоо зарим талаар доройтсон биш үү гэх бодол намайг сэрдхийлгэснийг энэ удаад нууж чадсангүй ээ. Энэ талаар хойно бодит баримтаар нотлон бичнэ, намайг өршөөнө үү.
ОЮУНЫ ХОЦРОГДОЛ НЭГ МЭДЭХҮЙД ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ АВЧИРДАГ АЙМШИГ
Төрөлх нутгаа муулахын дон тусаагүй шүү. Хүн хэлэхээс наашгүй дээ, авах гээхийн ухаанаар хандах биз. Увс нутгийн хүн зон зарим хэсэг, ялангуяа аймаг сумдын түвшиний төр засгийн удирдлагын багийнхан оюуны хоцрогдолд орсон байна. Хүн адгуусан амьтнаас илүү давуу нь сэтгэхүйтэй ухаантайд л оршино. Хүний оюун ухаан бол оройд нь үл хүрэхүйн оргил туйл билээ. Түүний хүчээр дэлхий оршин тогтнож байдгийг ч санахуйд гэмгүй биз. Миний нутагт оюуны гэгээн мэлмий харааны алс тод гэрэлтэхгүй байгааг хэлсүй.
Юун гэвэл Увсад аймаг сум, нам эвсэл, аж ахуйн нэгжийн шилмэл оюун ухааны хөгжил, хүний нөөцийн шалгарсан манлай шинэ сэргэг хүний нөөц, нэгэн бодлын боловсон хүчний дутагдалд оржээ гээд хэлчихэд л нэгэн том эрэгцүүллийг хүмүүн танд өгнө байх аа. Яагаад ингэж хэлэв ээ гэж үү. Үүний асуултад хариулахад маш амархан. Увсдаа нутагтаа оршин суудаг байнга байдаг амьдардаг хүмүүс хэт орчиндоо дасчихаад түүнийгээ олж харах оюуны чадавхи нь суларчээ гэж би харлаа. Буруу дүгнэлт биш болов уу. Ажил хэрэг ундраад амьдрал байдал цэцэглэж цэгцрээд хүний хөгжил өөдлөөд хүн өөрийгөө болон өрөөлийг өөрчилж шинэчилсэн нэгэн бодлын соён гэгээрэл миний нутагт бараг алга гээд л хэлчихэе. Энэ үгүйсгэл биш шүү. Би хэсэгхэн баримт түшие. Бүр тодорхой хэлбэл, Батсайхан, Насанбат хоёрыг аймаг удирдсан жилүүдэд нийгмийн амьдралд хүмүүсийн соёл оюуны бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт нэн их хийгдсэн байсан. Одоо тэд бараг л харах хүнгүй, хайхрах эзэнгүй болжээ гэхэд хилсдэхгүйгээр эмх дэгээ алдаж, эвдэрсэн хэмхэрсэн харагдана. Үүнийг л хүмүүсийн оюуны хоцрогдол юмандаа эзэн болохгүйн наад захын баримт гэнэ. Баатруудын хөшөөнүүд бурхны цогцолбор, наадмын талбай, улаан уулын тохижилт, шинээр баригдсан орон сууц орчмын 1960-1970 оны хуучин граш балгасууд, шинээр барьсан хайс хамгаалалт, хашаа хамгаалалт, зам талбай гэрэлтүүлэг хаана байна вэ.
Тэр орчмоо нэг харах эзэн байна уу аймгийн нөхдөд хэрэггүй юм уу эсвэл гээд нэгэнт бүтээгдсэн зүйлээ хайрлах хамгаалах, додомдох, өөд татах нүд даанч алга. Хувийн хэвшлийнхэн хэдэн арван орон сууц барьжээ. Түүний орчны тохижилт нь нэн тааламжгүй нөгөө л элс шороо бургисан орчин. Дээд үёийн хуучин барилгууд Улаангом хотоо гутаах хандлагатай, шинээр хийгдсэн соёл, өв уламжлал бахархалын зүйлдээ маш хайнга ханддаг нь хэн хүний нүдний өмнө илэрхий. Улаангомд ёсоороо ажиллаж амьдрал буцалсан нэг л орчин байна. Тэр бол Улаангомын зах. Тэнд түм түжигнэж бум бужигнаж, мөнгө эргэж амьдрал овоорч харагдлаа. Энэ мэтээр бүхэл бүтэн аймгийн хөгжлийг үгүйсгээд мушгих надад буруу тэрслүү бодол.огтхон ч алга бөгөөд.төрөлх нутгаа муулах баалах сэтгэл огт үгүй билээ. Гэвч Увсад албан тушаал эрхэлж, төр засаг, түмнийхээ өмнө хариуцлага хүлээх чадварын асар их дутагдалд орсныг хэлэхэд л хангалттай. Уруудах доройтохын гэмшил хожим нөхөхөд хэцүү зүйл шүү гэдгийг л хэлмээр санагдлаа. Түүнчлэн Сагил мэтийн суманд удирдлага байхгүй, тэнд байгаа сум орны улирдлага нь айл хэсэж амралт эдэлж, найр дамжсан, хөзөр тоглож архидсан хэдэн хоцрогдол болсныг сумын малчид, жирийн хүмүүс шагшин гайхаж цөхрөнгөө баржээ.
Ийнхүү нутгийнхан амныхаа бай, хэлнийхээ салиа болгон хүүрсэх нь тэнд төрийн нэр хүнд ямархан унасны тод жишээ гэлтэй. Ер нь Увс аймагт хүнээ хуваасан талцуулсан, нам эвсэлээр ялгасан хамгийн бүдүүлэг хоцрогдол газар авчээ. Увс нутагт аль аль талдаа унасан уруудсан доройтсон хоцрогдсон байдлын талаар л ярихаас биш ийм сайн, тийм сайхан гэх нэг ч үг сонсоогүй дээ сэтгэл хорогдонгуй, зүрх гутрангуй өөртөө гуниг тээн буцлаа. Бид нутагтаа эзэн болмоор, мууг нь өөд татмаар, муухайг нь засмаар. Увсынхан оюуны хоосрол орж, хүний нөөцийн шамшигдалд оржээ гэх харамсал тээснээ нуух юун. Аав ээжийн минь гэгээн нутаг, ахан дүүсийн минь амьдралын өлгий, үзэсгэлэн төгс Увсын цэнхэр хязгаар уруудах доройтох ёсгүй, нутаг минь намайгаа өршөө. Увсын цэнхэр хязгаарт Монгол Улсын төр засгийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд та бүхий л талаар хараа хяналтаа зүглүүлж, тэнд боловсон хүчний нөөцийн шинэ десант буулгавал ямар вэ гэж нутагтаа хайртай хүний хувиар ил тодоор хэлснийг минь болгоохыг хүснэ. Улсын нийслэлээс алслагдсан сум, аймгийн хүн зон мулгуй мунхаг удирдлагын буруугаас хохирох ёсгүй ээ.
Ц.ЯДАМСҮРЭН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )