Боловсролын зээлийн сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээлүүд нийгмийн анхаарлыг ид татаж байх үед буюу дөрвөн сар орчмын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын тусгай сан гэх нэршилтэй бүхий л сангуудын мэдээллийг ил тод болгоно гэж байв. Сайдын хэлснээр, өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монгол Улсад Засгийн газрын тусгай сан гэх 40 гаруй сан байгуулагдсан байдаг аж. Гэвч өнөөдрийн байдлаар тэдгээр хэдэн арван сангуудын мэдээлэл бүрэн дүүрэн ил болоогүй байна.
Ерөнхийдөө тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалттай холбоотой сэдэв өмнөх жишгүүдийн дагуу эрч нь суларчихаад байна. Хууль журмаараа бол Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай тусгай сангууд хэрэг дээрээ эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэтгэгч болчихсныг залруулах чиглэлд эрх баригчид анхаарч, арга хэмжээ авч ажиллах ёстой л доо. Тэгэхгүй бол хэд хэдэн жилийн мөчлөгтэйгөөр тусгай сангуудын дуулиан дэгддэг, нийгмээрээ хохирогчийн дүртэй шуугидаг, эцсийн дүндээ алдаа завхрал нь, хийдүүлдэг нь хэвээрээ л байдаг байж болохгүй.
Гол нь тусгай сангуудын гэх мөнгө ямар ч тусгай мөнгө биш бөгөөд энэ улсад ажиллаж амьдарч буй хөдөлмөр эрхлэгч иргэн бүрт зарцуулалт нь падлийтай мөнгө л дөө. Тиймээс Засгийн газрын тусгай сан гэх нэршил бүхий төсвийн тусгай дансаар дамжин гарч буй мөнгө үнэхээр хүрэх ёстой газраа, хүндээ хүрч байна уу, зарцуулалт нь эрүүл саруул байна уу гэдэгт хяналт тавих механизмыг бий болгох нь эрх баригчдын үүрэг болохоос пиарын сэдвүүдийнх нь нэг биш гэдгийг дурдахад илүүдэхгүй биз ээ. Тэгэхгүй бол иргэдийн татварын мөнгө, монгол нутгийн хөрсөн доорх үүц баялгийг борлуулж олсон мөнгийг тусгай сангуудаар дамжуулан зарцуулах нэрийдлээр бүлэг этгүүдүүд илүү ашиг хонжоо олдог байдал хавтгайрсан.
Тухайлбал, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын хөрөнгө мөнгийг залгисан банкуудын жишээ байна. Эдгээр сангууд болон төрийн өмчит компаниудад 130 тэрбум төгрөгийн өртэй "Чингис хаан" банк гэхэд “Баянмөнх техник дэвшил” гэх Хятадын компаниас хөрөнгө оруулалт татаж, өр төлбөрөө барагдуулна гэж буй. Хэрэв тус компанийн худалдан авалтын төлбөрөөр барагдуулж дуусна гэвэл 2027 оноос наашгүй байгаа.
Ингээд аваад үзэхээр энэ хугацаанд ард иргэд л бодит хохирлыг үүрэх юм. Нийгэм, эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд санхүүжилт үргэлж дутагдсаар байхад зарим хэсэг нь ингээд өчнөөн олон жилээр нь ашиглаад, эргэлдүүлээд, завшаад байдаг байж хэрхэвч болохгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 25 тусгай сан үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр сангууд болоод өмнөх бүхий л сангуудын замнал, зарцуулалтыг ил тод болгоно гэсэн ХЗДХ-ийн сайд үгс хүлээлт дагуулаад багагүй хугацаа өнгөрлөө.
Уг нь тусгай сангуудын үйл ажиллагааг хэрхэн явуулах, хөрөнгө мөнгийг нь хэрхэн зарцуулах тухай асуудлыг хуулиар зохицуулчихсан. Гэвч бодит байдал дээр хуулиа хаа хаанаа хэрэгжүүлэхгүй, зөрчсөөр байгаа юм. Тэгэхээр хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх бус зөрчсөөр өдийг хүрсний тод жишээ болох тусгай сангуудын үйл ажиллагааг ул сууриар нь эрүүлжүүлэхэд Засгийн газар дорвитой анхаарах шаардлагатай. Энэ бол үүрэг нь юм. Шүгэл үлээж байна гээд нэг нэгээрээ гарч ирээд попроод байлгүй, бодитой өөрчлөлтийг хийх л ёстой. Өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг эргээд харахаар, хүний эрх, эрх чөлөөг ус, агаартай зүйрлэн ярьцгаасаар байсан ч баялаг болон баялгийг бий болгох боломж иргэдийн хувьд хумигдмал байсан. Үүний тод илрэл нь тусгай сангуудын хөрөнгийг эрх мэдэлтнүүд дураараа өмчлөн зарцуулдаг жишиг хэвийн зүйл мэт болсон явдал юм.
Сэтгэгдэл ( 3 )
S AWN80955877AX NARN SEXSEER UILCHLGEEG
Хамгийн түрүүн хөгжлийн алтан сан яагаад одоогийн Хас банк болсныг шалгах ёстой
Янзбүрийн нэртэй сангуудын үйл ажиллагааг ил тод болгомоор юм. Ёстой нөгөө шилэн болгох хэрэгтэй. Лав л хүүхдийн нэрээр хэдэн ч удаа сугалаа явуулж 2-3 тэрбум төвлөрлөө л гэдэг тэгээд чимээгүй таг чиг. За тэгээд НДын сан, ЭМД сан, хуримтлалын сан л гэнэ, нутгийн сан ч гэх шиг...нэг тийм мөнгө хүүлэгчид гэж ойлгох уу үгүй юу? Банкныхан өөрсдийгөө өндөр цалинжуулаад хадгаламж эзэмшигчдэдээ багахан хүү өгсөн болоод бна уу үгүй юу? Лав л ерөнхийлөгч Хүрэлсүх гуай болон түүний бүлэглэл гэх хүмүүс хадгаламж банкнаас казино тоглох гэж 14 тэрбумыг аваад төлсөн эсэх нь дуулдаагүй дэг...