Нүүрсний экспортын орлогын ₮1 их наядаар “Чалко”-гийн ЭЭЛЖИТ өрийг дарлаа

2023 оны 09 сарын 14

“Эрдэнэс Тавантолгой” ХК  БНХАУ-ын Чалко компанид төлөх ёстой ээлжит өр болох 305.8 сая ам.долларын үлдэгдэл  275.1 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулснаа мэдэгдээд байна. Ээлжит гэж тодотгохын учир нь,  12 жилийн өмнө буюу 2011 оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК  “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 350 сая ам.долларын урьдчилгаа авч байсан юм.

Борлуулах нүүрсний төлбөрөө ийнхүү урьдчилан авч, 418 тэрбум төгрөгийг нь Хүний хөгжил санд төвлөрүүлж, иргэн бүрт 21 мянган төгрөг тарааж байв. Үр дүнд нь  иргэдийн орлого нэмэгдэж гавиагүй, эсрэгээрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК  санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсныг 2013 оны тавдугаар сард, тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдэгдэж байлаа.

“Чалко” компанийн 350 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулахад 6 жил шаардагдсан бөгөөд 2017 оны гуравдугаар сарын 30-нд, тухайн үеийн “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Гэрээний дагуу 350 сая ам.долларын өрийг төлж дууссан” гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл энэ удаагийн буюу 305.8 сая ам.долларын өр төлбөрийн тухайд, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар  сарын хооронд  “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авчээ.

Нэг зүйлийг тодотгоход, “Чалко”-гоос сүүлд авсан 305.8 сая ам.долларын урьчилгаатай холбоотой мэдээлэл нууцад хамаарч байсан.

Нүүрсний гэх хэрэг нийгмийн анхааралд орж ирсний араас буюу 2022 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой төрийн нууцад хамаарах 9 гэрээ нээлттэй болсон билээ. 9 гэрээ ил болсонтой зэрэгцэн далд үлдсэн гэрээнүүд ч байгаа талаар яригдаж байв. Тэдгээр нь БНХАУ-ын “Чалко”, “Норинко” компанитай холбоотой гэрээнүүд байсан бөгөөд  ил болгож нийтэд дэлгэх боломжгүй гэсэн мэдээллийг, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооноос энэ оны зургадугаар сард өгч байв. Үндэслэл нь, гэрээг хийхдээ аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг ил болговол их хэмжээний торгууль төлөх заалттай гэж тайлбарлаж байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш БЭТ-өөр ажиллаж буй Ж.Ганбат 2022 оны арваннэгдүгээр сард хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, “Чалко” зэрэг дөрвөн том компанитай хийсэн, төсөл хөтөлбөртэй холбоотой бус дөрвөн оффтэйк  гэрээ байгааг хэлж байсан. Мөн тэрбээр,  “Чалко” компанитай 2011 оноос хойш гэрээ байгуулж, оффтэйк буюу нүүрсээ урьдчилан зарж борлуулах нөхцөлтэйгөөр хамтарч ажиллаж байгаа. 2022 онд авсан гэрээний мөнгө байгаа гэж байв. Гэхдээ тэрбээр Чалко зэрэг компаниудаас 45 сая ам.доллар аваад байгаа гэсэн тоон мэдээллийг өгч байсан юм.

Харин өчигдөр /2023.09.13/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргасан албан мэдээллээр бол “Чалко” компаниас өнгөрсөн оны тавдугаар сар гэхэд 305.8 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн төлбөр урьдчилаад авчихсан байжээ. Улмаар нүүрсний экспортын өсөлт тогтвортой байгаа энэ үед ямарч байсан энэ өрөө даржээ. Тодруулбал, нүүрсний экспортын орлогоос 1 их наяд нь “Чалко”-гийн ээлжит өрийг дарахад  зарцуулагджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2023 оны 09 сарын 14

305,8 сая $ ыг яг яах гэж аэн авсан, юунд зарцуулсныг тодруулаарай манай шилдэг сэтгүүлчид ээ !!!!

0  |  0
Top