Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн цөм асуудлын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн олон төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 6.2 пунктээр буурч, Улаанбаатар хотын хүн ам 5.6 хувиар буурч, төвлөрөл саарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 52.2 их наядаас 58 их наяд төгрөг буюу 11.2 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг Засгийн газраас өмнө нь танилцуулж байсан.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтын сэргэлтийн бодлогыг Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын коридорын бодлогуудтай уялдуулан хэрэгжүүлж чадвал ДНБ 100 их наяд хүрэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ерөнхий сайд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэл, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ, боомтын сэргэлтийн талаар дараах мэдээллийг өгсөн юм.
“Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн чухал зорилт бол боомтын сэргэлт. Өнгөрсөн хугацаанд манай улсад Замын-Үүд чиглэлийн ганцхан төмөр замаар ачаа эргэлт явж ирсэн. Засгийн газар ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болох зорилт тавьсан. Шивээхүрэн, Бичигтийн ажил дуусчихна. Зүүнбаян, Гашуунсухайт холбогдоно. Замын-Үүдээ өргөтгөж байгаа.
Дараагийн том зорилт бол гурван улсын коридор. Шивээхүрэнг Арцсуурьтай, Бичигтийг Эрээнцавтай, Замын-Үүдийг Алтанбулагтай холбоно. Замын-Үүд Алтанбулагийн вагон депо дээр хүчин чадлыг нь нэмэх төсөл хэрэгжиж байгаа. Аравдугаар сард дуусна.
Алтанбулаг, Замын-Үүдийг холбох зорилт тавьсан. Эдгээр шинэчлэлийг дагаад ачаа тээврийн эргэлт зөвхөн Монгол Оросын хооронд биш ОХУ, БНХАУ-ын хооронд экспортын гарц нээгдэж, Монгол транзит улс болох бодлого хэрэгжих боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, Алтанбулаг-Замын-Үүдийг хурдны зам, төмөр замаар, хос царигаар холбох чиглэлийг БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан. Удахгүй ОХУ-д хийх айлчлалын үеэрээ энэ асуудлыг тавина.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр ДНБ-ий 43 их наяд орчмын эргэлтийг 75 их наядад авчирлаа.
Замын-Үүд Алтанбулагийн чөлөөт бүс болон ачаа тээврийн терминалууд бусад олон улсын хэмжээнд эргэлтэд орж эхэлбэл ДНБ 100 их наяд хүрэх боломжтой гэсэн юм.
Мөн тэрбээр, хувийн хэвшлийнхний олон жил хүлээсэн хөнгөлөлттэй тарифын асуудлыг Засгийн газар шийднэ. Ингэж чадвал малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбарт үсрэнгүй хөгжлийн гарц болно гэлээ.
Дашрамд тодотгоход, манай улс нийт 39 боомттой. Үүнээс агаарын замын 6, авто замын 27, төмөр замын 6 боомт бий. ОХУ-тай хиллэдэг 16 боомтоос 10 боомтоор, БНХАУ-тай хиллэдэг 17 боомтоос 13 боомтоор ачаа тээвэр, зорчигч хөдөлгөөн тасралтгүй явагдаж байдаг. Манай улсын ачаа болон зорчих тээврийн дийлэнх хувийг Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт эзэлж байна. Жилд Гашуунсухайтын боомтоор 21.6 сая тн ачаа, Шивээхүрэнгийн боомтоор 14.7 сая тн, Замын-Үүд боомтоор 10 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Ингэхдээ боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх, хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбож үндэсний төмөр замын сүлжээг 2 дахин нэмэгдүүлэх, агаарын тээврийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх, хуурай боомтыг хөгжүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлж байсан.
Боомтуудын төлөвлөлтийг иж бүрэн хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээнүүд юу вэ гэдэгт дараах асуудлууд хөндөгддөг. Тухайлбал:
Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх;
Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх;
Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих;
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлууд бий.
Сэтгэгдэл ( 5 )
Нарийн цариг л гэх юм мангарууд дээгүүр явдаг вагонууд нь Хятадынх тэгээд баахан төлбөрөө Хятадад өгөөд л ввагон ашигласны төлбөрт шатаад л дуусна Усан тэнэгүүд эх орноо мэдэж нэг хорлоно мэдэхгүй хоёр хорлож бга юм даа
Нарийн царигаа Уб хүртэл тавьж далайн боомтоос ирдэг ачаа контейнерээ татаач
Орос хааж боохоо л урьдал болгох байлгүй дээ, монголыг хөгжүүлэх санаачлага бүр оросд хад мөргөдөг зүй тогтолтой доо, дэмий мөрөөдөл
оху удахгуй олон жижиг улс болох гэж бна
Exiin etseexgui tugaliin turaaxgui. Uur arga bkhgui dee. Zuv l gej bodoj bna. ene ajil yavax ayavaxgui ni xamaagui. Gol ni ted nart sanal xelj jaaxan gesen manaid xandax xandlagiig eireg bolgox ni chuxal.