Ерөнхий сайд Монголын эзэмшлийн 10 га газрыг 1 жилийн хугацаанд ашиглалтад оруулах санал тавьсан ч БИД ХОЙРГО БАЙНА

2023 оны 09 сарын 19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны зургадугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ,  Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцан, тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавьсан.

Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр  олон жилийн өмнө  гарсан ч, өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй юм.

Улс төрийн хүрээнд тохиролцсон уг асуудлаар яриа хэлэлцээ болдог ч, бодитой  ажил хэрэг бололгүй гацсан нь бид өөрсдөө гэрийн даалгавраа тааруу хийдэгтэй холбоотой гэх байр суурийг илэрхийлэх албаны эх сурвалжууд ч байдаг.

Ер нь бол энэ төслийг эрчимжүүлэх тухай асуудал байнга л яригддаг.  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн хоёрдугаар сард Тяньжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцож байсан.

Энэ үеэрээ тэрбээр, “Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй  байна. Тиймээс төслийг нэн шуурхай эхлүүлэх шаардлагатай. Үүний тулд “Монголиан порт групп" ХХК-ийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулахыг 2023 оны эхний хагаст багтаан шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн. Цаашид уг төслийг хэрэгжүүлэхэд сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно. Хамгийн чухал нь төслөө бодит, үр дүнтэй ажил болгох ёстой” гэж байв.

Тэгвэл сайдын өгсөн үүрэг даалгавар ямар ч байсан энэ оны эхний хагаст багтаж амжсангүй. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Монголиан порт групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал саяхан болж, ТУЗ-ийн гишүүдээ шинэчилжээ.

Улмаар төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг даалгасан гэсэн албан мэдээллийг “Монголын төмөр зам” ТӨХК-иас гурван өдрийн өмнө өгсөн юм.

Цаасан дээрээс буудаггүй энэ төслийн үүх түүхээс дурдахад, Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2009 онд буюу 14 жилийн өмнө БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд санамж бичиг байгуулсан.

Тус санамж бичигт БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар тусгасан байдаг.

“Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар тогтоолын хүрээнд  Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-ложистикийн төв” байгуулахаар шийдвэрлэсэн.

152  дугаар тогтоолоор 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Дунзян гаалийн баталгаат боомт” бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэх Монголын талын төлөөлөлөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөлөлийг сонгож оролцуулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгасан.

2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулах ЗГ-ын 164 дүгээр тогтоол гарсан.



Засгийн газрын  164 дүгээр тогтоолын дагуу тавдугаар сарын 26-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нь “Тяньжин порт (групп)” ТӨХК-ийн охин компани болох "Тяньжин портын эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа" ХХК-тай “Хятад-Монголын Олон Улсын Логистикийн Бүс” ХХК-г байгуулах хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн тавдугаар сарын 27-ны өдөр “Хятад-Монголын Олон Улсын Логистикийн Бүс” ХХК-ийн ТУЗ-ийн анхдугаар хурал хуралдаж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагыг томилсон.

2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр “Хятад-Монголын Олон Улсын Логистикийн Бүс” ХХК-ийг БНХАУ-ын (Тяньжин) чөлөөт худалдаа туршилтын бүс зах зээлийн хяналт, зохицуулалтын газар-т бүртгүүлэн компанийн гэрчилгээг авч эхний шатны хөрөнгө оруулалтыг байршуулж үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгосон гэсэн мэдээллийг өгч байв.

Тэгэхээр нөхцөл байдлыг аваад үзэхэд, цар тахлын халдвар эхэлсэнтэй дараа дараагийн үйл ажиллагаа давхцсан байгаа юм. Гэхдээ асуудал болгоныг ковид руу нялзаагаад байж болохгүй.

Уг асуудал анх яригдаж, бидэнд боомтын газар ашиглах эрх олгосон хугацаа нь 2009 он, манай Засгийн газар тээвэр-логистикийн төв байгуулъя гэж  шийдвэрлэсэн нь цаг хугацаа нь 2013 он. Тэгэхээр цар тахлын бараа сураггүй байсан өмнөх он жилүүдэд нь төслийг эрчимжүүлэх талаар л яриад байсан болохоос эрчимтэй ажиллаагүй л өдийг хүрчээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 24

S AWN80955877 AXAAS SEXSYGEER

0  |  0
Зочин(66.181.161.153) 2023 оны 09 сарын 20

Яг л нөгөө Алтанбулаг чөлөөт бүс гэдэг шиг байхгүй юу. Хэнийх нь контэйнерыг зоох вэ нэдэг дээр маргалдсаар өдий хүрч. Ямар ч улсын эрх ашиг байхгүй. Зөвхөн хэдхэн гарууд л хоорондоо алалцаад байна.

0  |  0
Zochinх(86.111.137.193) 2023 оны 09 сарын 20

Olon jil Zam teeber uildberleliin Saïd hiij bsan Battulga l yu hiij bsan um.Singa Dinga dgeed l guigeed bdag bsan

0  |  0
Zochin(86.111.137.193) 2023 оны 09 сарын 20

Ta nariinhaa huchin zutgeld bayarlallaa.Ene10 ça Mongoliin buh Ard tumnii tuluuh

0  |  0
Ga(66.181.182.66) 2023 оны 09 сарын 20

Teneguud hiij chadahgui

0  |  1
иргэн(66.181.180.67) 2023 оны 09 сарын 20

Ганц ажил хийх сэтгэлтэй хүн олоод тавьчих амархаан хийчих хүн их л байгаадаа

1  |  0
хүхий нөөц(103.254.123.88) 2023 оны 09 сарын 20

Ажил гүйцэтгэх чадвартай хүнгүй байгаан бишүү?

0  |  0
Иргэн 1(103.57.93.135) 2023 оны 09 сарын 19

Хойргочуудаасаа юу нь дутуу, юу нь болж бүтэхгүй байгааг нь судласан уу? Дотроо бие биетэйгээ тэрсэлдэхээсээ илүү цаг хугацаагаа алдаж байхаар зоригтой хөдлөх нь дээр биш үү? Юу хүлээж хэний амыг хараад байгаа юм бэ? Түрүүлж хөдөлсөн нь нэгийг дуулгах юм биш үү?

0  |  0
Top